"Академич Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо" олон улсын монгол судлалын хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

"Академич Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо" олон улсын монгол судлалын хурал болно

"Академич Ц.Дамдинсүрэн ба Монголын нууц товчоо" олон улсын монгол судлалын хурал болно

Дорнод Их Сургуулийн дэргэдэх “Зүүн бүсийн монгол судлалын төв”-өөс  хоёр жил тутам зохион байгуулдаг Олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурал дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Чойбалсан хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурлын онцлог нь Дорнод аймгийн Матад сумын уугуул академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭН БА МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” сэдвээр зохион байгуулагдаж буйгаар онцлог юм. Хуралд Монгол улсын Ардын багш С.Дулам, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хатагин овогт Г.Аким тэргүүтэй олон эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлнэ.

Хурлын ерөнхий зохион байгуулагч: Дорнод Их Сургууль

Хамтран зохион байгуулагч:

  • БСШУСЯ,
  • Дорнод аймгийн ЗДТГ,
  • Дорнод аймгийн Төв номын сан,
  • Матад сумын ЗДТГ

Оролцогчид:

  • БСШУСЯ
  • ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
  • МУБИС
  • ШУТИС
  • МУИС
  • МУИС-ийн Эрдэнэт сургууль
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр дээд сургууль, Монгол судлалын сургууль
  • ОХУ-ын Эрхүүгийн Багшийн сургууль

АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ТОВЧ НАМТАР

Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ. Дамдинсүрэн нь эцэг Цэндээр бичиг үсэг заалгаж бичиг уншиж бичиж чадах болсон байна. 1923 онд хошууны тамгын газарт бичээч, 1926 оноос Хан Хэнтий уулын аймгийн МАХН-ын хороо, Эвлэлийн Төв хороонд ажиллаж байгаад 1929 онд МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, 1930 онд Говь-Алтайд хамтралын сургагч, 1927-1929, 1942-1946 онуудад “Үнэн” сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын Зохиолчдын хорооны дарга, улмаар Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан байлаа. 1979-1981 Гумбольдтын   нэрэмжит их сургуулийн урилгаар  Берлин хотод очиж, Ханс Детер Фитце, Гэндэнгийн Лувсан, Габриеле Наги нартай хамт “Герман монгол толь” зохиолцсон гавьяатай.

1982 оноос ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд Төвд судлалын тасгийг бий болгож эрхлэгчээр нь  ажиллаж байлаа. 

1928 онд “Өчүүхэн дөрвөн үлгэр” өгүүллэгээр зохиол бичих гараагаа эхэлсэн ажээ. 1929 онд уран зохиолын анхны бүлгэм байгуулахад оролцож “Гологдсон хүүхэн” зохиолоо туурвисан. Зохиолч “Буурал ээж минь”, “Зугаацахаар мордсон нь”, “Наалинхай хоёр нүд”, “Усан дагина” зэрэг яруу найргийн бүтээл, “Солийг сольсон нь”, “Хоёр цагаан юм”, “Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав хийдэг ганц”, “Хачин хурим”, “Чөтгөр”, “Чемодантай юм” зэрэг өгүүллэг бичжээ. Түүний зохиолууд нь 1944 онд “Түүвэр зохиол”, 1956 онд “Түүвэр зохиол”, 1958 онд “Избранное”, 1966 онд “Хачин хурим”, 1969 онд “Түүвэр зохиол” нэртэйгээр удаа дараа хэвлэгдэж уншигчдын хүртээл болсон байна. Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан бүрэн зохиолыг 3 ботиор хэвлүүлэн гаргажээ. Зохиолчийн орчуулсан А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”, С.Маршакийн “Муурын байшин” зэрэг олон арван хүүхдийн сонгодог зохиол манай уншигчдын балчир багаасаа мэддэг бүтээл болсон.

Түүний туурвисан эрдэм шинжилгээний ажлаас “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой”, “Монголын уран зохиолын тойм”, “Рамаяна монголд дэлгэрсэн нь” зэрэг судалгааны номууд дэлхийн үе үеийн монголыг судлаач эрдэмтдийн ашигладаг тулгуур бүтээл болжээ. ”Монгол улсын төрийн дуулал”-ын үгийг Ц.Дамдинсүрэн зохиосон байна.  Ц.Дамдинсүрэнд 1945 онд “Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”-д нь, 1947 онд “Нууц товчоо” хөрвүүлсэнд нь, 1950 онд “БНМАУ-ын төрийн дуулал”-ын үгэнд нь төрийн шагналыг тус тус 3 удаа олгожээ.Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1986 оны 3-р сарын 28-ны өдрийн зарлигаар Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт  олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан их хувь нэмэр оруулсныг үнэлэн эрдэмтэн зохиолчид БНМАУ-ын “Ардын уран зохиолч” цолыг анх хүртээжээ.

Эх сурвалж: http://dornod.edu.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж