Сумын агрономичдыг мэргэшүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Сумын агрономичдыг мэргэшүүлэв

Сумын агрономичдыг мэргэшүүлэв

Газар тариалангийн салбарын эрх зүйн баримт бичиг, салбарын олон улсын чиг хандлага, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтын талаар мэдээлэл, мэдлэг олгох зорилготой тариалангийн гол сумдын агрономич-төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт дөрөвдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд /ХХААХҮЯ/ боллоо.

ХХААХҮЯ, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны эрх зүйн орчин” төсөл, Герман-Монголын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл” хамтран уг сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад Улаанбаатар хот, 5 аймгийн 15 сумаас нийт 50 агрономич, мэргэжилтнүүд (Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төв, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул) хамрагдсан. Мөн Нэмүү өртгийн сүлжээ төсөл (SECIM) төслийн агрономичид мөн оролцсоныг дурдах хэрэгтэй.

Энэхүү гурван өдрийн сургалтыг хөрс, эрдэс бордоо, сорт-агротехнологи, тариалангийн үйлдвэрлэл дэх хөнөөлт организм, ургамал хамгаалах технологи, зах зээлийн эрэлт хэрэгцээ-чиг хандлага, төрийн бодлого-хууль дүрэм журам гэсэн таван багц сэдвийн дор явууллаа. Тодруулбал, хөрсний үржил шим, нөхөн сэргээх аргууд, хөрс боловсруулалтын дэвшилтэт технологи, таримлын сэлгээний ач холбогдол, эрдэс ба органик бордооны зохист хэрэглээ, МУ-д тохиромжтой үрийн сортууд, ногооны үрийн чанар, ил талбайн ба хүлэмжийн ногооны технологийн талаар онолын хичээлүүдийг заасан.

Мөн төмс, хүнсний ногооны талбайн хог ургамал, хортон шавьж, мэрэгчтэй тэмцэх арга, хүнсний ногооны эрэлт хэрэгцээ, маркетинг, Тариалангийн тухай, Таримал ургамлын үр сортын тухай, Ургамал хамгааллын тухай хуулиудаар агрономич-төрийн албан хаагчдын хүлээх үүрэг зэрэг практик ач холбогдолтой сэдвээр ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтнүүд, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид сургалт орсон юм.

Сургалтын үеэр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа Эрхзүйн орчин үеийн төслийн зохицуулагч Б.Алтанцэцэг “Сургалтын агуулгыг оролцогчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан боловсруулсан. Уг сургалт нь хаврын тариалалтын өмнө явагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой бөгөөд агрономичдод сүүлийн үед газар тариалангийн салбарын хууль эрх зүйн орчин, салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник технологи, олон улсын чиг хандлагын талаар танилцуулж байна.Өмнө нь энэ чиглэлийн сургалтыг 21 аймаг, нийслэлийн агрономичид болон хилийн хорио цээрийн байцаагч нарын дунд явуулсан” гэдгээ онцолсон.

Сургалтад оролцогч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын ХААГ-ын мэргэжилтэн Т.Болормаатай хэсэг хором ярилцлаа. Мандал сум нь 27 мянган хүн амтай. Тус суманд 1300 орчим өрхийн тариалан эрхлэгчид, 20 гаруй төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг хувийн хэвшил үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хаврын тариалалт хөрсний чийг хаалт эхлээд байна гэв. Тэрээр мэргэжлээрээ найм дахь жилдээ ажиллаж байгаа, агрономич нь хүн амыг эрүүл хүнсээр хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг, орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн маш их ачаалалтай ажилладаг гэдгээ хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж