Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2018.04.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Долоо хоногийн онцлох ярилцлага

‘АХ ХҮН РҮҮ ХЭДЭРЛЭСЭНДЭЭ УУЧЛАЛ ГУЙСАН’

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар өрийн таазыг нэмэгдүүлж байна, зээл авахаас өөр ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг ярих боллоо. Таны бодлоор энэ Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд арай эрт байна. Яагаад гэвэл Засгийн газар байгуулагдаад таван сарын хугацаа л өнгөрсөн. Хамгийн багадаа зургаан сарын дараа үнэлэлт дүгнэлт өгөх асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сараас хойш шинэ Засгийн газрын амлалт, ажил хэрэг, үйл ажиллагааны үр дүн ямар байгааг асуух тоолуур гүйж эхэлнэ гэж бодож байна. Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг дүгнэсэн. Тухайн үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 43 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн. Энэ бол шинэ Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн дүгнэлт биш гэж би боддог. Яагаад гэхээр аравдугаар сарын сүүлээр шинэ Засгийн газар бүрдсэн. Үүнээс хойш ганцхан сарын дотор мундаг ажил хийчихнэ гэж байхгүй. Тэгэхээр өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт болов уу гэж бодож байгаа.

-МАН-ынхан дахиад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг яриа сүүлийн үед сонсогдох боллоо. Энэ  үнэн үү ?

Засгийн газрыг огцруулахтай холбоотой ‘бор шувуу’ л хэвлэлээр яваад байгаагаас биш тийм явдал болоогүй. Өнөөдрийн байдлаар над дээр огцруулах бичиг барьж орж ирсэн хүн алга. Ам дамжсан цуу яриа.

-Та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлттэй хандаж ирсэн?

-Би өмнө нь Засгийн газрыг гэхээс илүү зарим нэг сайдыг шүүмжилсэн. Миний шүүмжлэл дунд зарчмын асуудал нэлээд  яригдсан. Гишүүдийн болон иргэдийн дунд ч зарим сайд асуудалтай байна гэдэг яриа бий. Энэ бол Засгийн газрыг бүтнээр нь шүүмжилж байгаа асуудал биш. Зарим сайд нар салбарынхаа ажлыг мэдэхгүйн зовлон байгаа. Одоо ажилтайгаа танилцаад хагас жилийн нүүр үзэх гэж байна. Зарим сайд нартай холбоотойгоор нийгэмд тодорхой хэмжээгээр Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал яригдаж эхэлж байна. Зарим сайдад хэрэг үүсчихсэн шалгаж байгааг АТГ мэдээлсэн. Дээр нь Ерөнхий сайд ажил авах үедээ сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл зарим сайд салбараа нэлээдгүй бужигнуулсан асуудал байгаа. Угтаа бол Ардын намын нэг Засгийн газар  Ардын намын өөр нэг Засгийн газраар л солигдсон шүү дээ. Гэтэл эсрэг намынхан шинээр Засгийн газар байгуулсан юм шиг зарим яам дээр халаа сэлгээ, хууль зөрчсөн томилгоо хийгдэж байна. Энэ бол тухайн салбартаа болон нийгэмд ч сөргөөр л харагдана.

ДЭЛГЭРЭНГҮЙ


‘ХҮҮГЭЭ ХАЙХАД 24 ЦАГ БАГАДДАГ’

Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 19.20 цагийн орчимд Т.Цогт хүү гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр гэрээс гарахдаа цэнхэр куртик, жинсэн өмд, хар гутал өмссөн байжээ. 

Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Гэвч хүүгийн сураг өнөөг хүртэл гараагүй л байна. Хүү бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг юм. Т.Цогт хүү автобусаар зугаалах дуртай бөгөөд гол төлөв Ханын материал-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд сууж явдаг байж. Ингээд хүүгийн ээж Т.Оюунчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ярилцлагын эхэнд “Хүү минь эсэн мэнд яваа гэдэгт итгэж байна. Хүүгээ л олох юмсан” хэмээн нулимс нь цийлгэнэн яриагаа эхлүүлэв.


-Хүү тань сураггүй болоод хагас сар гаруй хугацаа өнгөрчээ. Алга болсон тухайн өдөр чухам юу болсон юм бэ?

-Хүү минь алга болсон өдрийн өглөө нь би сургуульд нь хүргэж өгчхөөд хичээл тарсны дараа нь сэтгэл зүйчтэй уулзуулахаар ярилцсан байсан. Тэгээд хичээлийг нь тарсны дараа сэтгэл зүйчтэй нь уулзуулчхаад, морин хуурын дугуйланд нь 16 цаг хүртэл бид хоёр хамт хичээллэсэн. Дугуйланг нь дуусгаад замаараа банк орчхоод гэртээ харьсан. Тухайн үед оройн 17 цаг өнгөрч байсан. Бид хоёр гэрийнхээ үүдэнд ирээд машинаа байрлуулах гээд зогсож байтал хүү цаашаа буугаад шууд яваад өгсөн. Би машинаа байрлуулж чадалгүй хүүгийнхээ ардаас хамаг хурдаараа гүйсэн. Тэгээд нэг буудал орчмын зайтай газар гүйсний эцэст хүүгээ олж авсан. Хүүдээ тухайн үед гэртээ харъя миний хүү, гэртээ орчхоод хамт гаръя гэж хэлсэн. Хүү хариуд нь “Үгүй, би явна” гэж зөрүүдэлсээр байсан. Хүү минь сураггүй алга болохоосоо өмнө гэрээсээ үе үе явчхаад байсан л даа.

-Тэгээд юу болсон бэ? Өмнө нь алга болж байсан гэв үү?

-Нэлээн зууралдсаны эцэст цагдаагийн хамтаар хүүгээ аргадаад гэрт нь оруулсан. Гэртээ ороод хэсэг сууж байтал хүү минь надаас ганцхан цаг гарчхаад ирье гэж гуйсаар байсан. Алга болохын өмнөхөн би гэрээ түгжээд түлхүүрээ байнга нуудаг болчихсон. Яагаад гэхээр үе үе алга болчихдог байсан юм. Хүү бухимдаад өрөөндөө холхиод байж сууж чадахгүй байхаар нь “Миний хүү тайван бай, хөгжмөө сонсоод тайвширчих, гэхэд үгүй би заавал гарч байж тайвширна. Би гарч алхчхаад л ороод ирнэ” гээд гуйгаад байсан юм. Тэгээд л уурлаад байхаар нь итгэж үзье гээд л гэрээс нь гаргасан. Тэр үед “Ээж нь хүүгээ ойлгож байна. Хоёулаа хамтдаа гаръя” гэсэн чинь үгүй гэсэн. Тэгэхээр нь хүүдээ “Чи хэлсэндээ хүрээд яг гэртээ хүрээд ирнэ шүү. За тэгээд 20 цагт даалгавраа хийнэ” гээд тохиролцсон. Гэрээсээ 19.18 минутад гарсан. Тэрнээс хойш л холбоо бариагүй. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


Ц.МАГАЛЖАВ: А.СҮХБАТ ГИШҮҮН ӨӨРИЙНХӨӨ ХООЛОЙГ БООСОН

Монголын Үндэсний бөхийн холбоо тойрсон асуудал улам хурцадлаа. Бөхийн холбооны хоёр талын маргаанаас болж Бөхийн өргөөний хаалга хоёр удаа эвдэлж, бөхчүүдийн хэрүүл улам даамжирч байна. Бөхийн холбооны эргэн тойронд болж буй үйл явдлын талаар Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.

Бөхийн холбооны дэд тэргүүний албыг аваад удаагүй байна. Энэ үед холбоонд олон асуудал гарлаа. Эндээс яриагаа эхлэе?

-Монгол бөхийн өв соёл, хөгжил гэдэг зүйлтэй холбогдож байна. Нэгэн үеийн бидний бөхчүүд гуравдугаар сарын 24-нд Бөхийн өргөөнд болсон наймдугаар “Их Эе”-д оролцсон. Өнөөдөр бөхчүүдийг хоёр хуваагдлаа гэсэн хандлага нийгэмд гарчихлаа. Үүнийг л цэгцэлье гэж бид тэр хуралд идэвхтэй байр сууринаас оролцсон. Бөхийн холбооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид нь орон тооны бус байна гэж заасан. Манай бөхчүүд ярилцаж байгаад намайг дэд тэргүүнээр ажиллах саналыг тавьсан. Энэ талаар ярилцаж байгаад Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байна. Мөн хурлаас гарсан тэргүүлэгчид ч нэгэн сэтгэлээр бөхийнхөө төлөө зүтгэе гэсэн эрмэлзэлтэйгээр нэгдэж байгаа. Бид нийгэмд бөхчүүд талцаад байгаа юм шиг энэ байдлыг өөрчилье гэдэг үүднээс наймдугаар “Их Эе” хуралд идэвхтэй оролцсон.

-Холбооны Тэргүүлэгчид шинээр сонгогдсон. Эдгээр тэргүүлэгчид дунд бөхчүүд бий. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бөхийн холбооны тэргүүлэгчид 21 аймгаас 5 аймгийн төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Тэргүүлэгчдийн хамгийн гол шийдвэрлэх асуудал бол энэ маргаан, талцаад байгаа байдлыг шийдэх, өөрсдийнхөө үүрэг хариуцлагын үүднээс нэгэн сэтгэлээр хамтран ажиллахаар нэгдсэн. Ямар нэгэн цалин мөнгөгүйгээр бөхийн хөгжилд гар бие оролцож байгаа юм. Тэргүүлэгчдэд Архангай аймгаас Улсын гарьд Д.Рагчаа, Өвөрхангай аймгаас арслан Д.Ганхуяг, Дорноговь аймгаас арслан Д.Азжаргал, Булган аймгаас гарьд И.Доржсамбуу, Завхан аймгаас гарьд И.Жаргалсайхан, Хөвсгөл аймгаас харцага Г.Элбэг, Ховд аймгаас заан Ц.Мягмарсүрэн, Сэлэнгээс харцага Т.Өсөх-Ирээдүй, Төв аймгаас харцага М.Бадарч зэрэг бөхчүүдийг дурдаж болж байна. Энд ямар нэгэн хувийн эрх ашиг байхгүй. Мөн Цэцдийн зөвлөл нийт 67 гишүүнтэй. Цэцдийн зөвлөл бол үндэсний бөхийн барилдааны дүрэм, бөхчүүдэд хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Даргаар нь дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдсон байгаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж