Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэв

Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа.

Иймд Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн боловсруулсан уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов.

Мөн тус Байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд гишүүдийн саналын дагуу Ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны тогтоол баталлаа.

Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газарт өгөх чиглэлийн төслийг боловсруулан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж