“Монголын мистер-2018” УАШТ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

“Монголын мистер-2018” УАШТ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ

“Монголын мистер-2018” УАШТ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа нэмэгдлээ

“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд болох юм.

Энэ тухай өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Монголын бодибилдинг фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнгөн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, МБФХ-ны Ерөнхий шүүгч, ОУ-ын шүүгч Г.Батзориг, Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг нар оролцов.

Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна олон онцлог зүйл байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор МБФХ-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 22 бодибилдинг, фитнессийн клубүүдэд Даваа-Баасан гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүх насны иргэд ямар нэг шалгуургүйгээр өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх боломжийг нээсэн. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж байгаа.

Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Монголын мистер-2018” тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцож байна.

Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: Энэ жилийн “Монголын мистер-2018” УАШТ-нд тайзны засалтаас эхлээд олон онцлог бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал анх удаа шинээр нэмэгдэж байгаа бөгөөд уг спортоор хичээллэж, үр дүн гаргаж, нийгэмдээ зөв чиг хандлага үзүүлж байгаа учраас Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уг тэмцээнд оролцуулснаар бусдадаа зөв үлгэр дуурайл болж, өөрт тулгарах бэрхшээлийг даван туулахад нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдана.

Бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм.

“Монголын мистер-2018” 27 дахь удаагийн УАШТ-нд нийт 19 ангилалд 108 тамирчин өрсөлдөх бөгөөд шагналт таван байр, цомтой байгаа.

Мастер ангилал: 50 наснаас дээш

Залуучуудын ангилал: 21 хүртэлх

Бодибилдинг ангилал: 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг +80кг

Фитнесс ангилал: Эрэгтэй, эмэгтэй ангилал

Эмэгтэй модель ангилал: 160 см хүртэл, 165см хүртэл, 165 см дээш

Эрэгтэй спорт модель 170 см хүртэл, 175 см хүртэл, 175 см дээш гэсэн ангиллуудаар өрсөлдөнө.

Приус центр ХХК Монголын мистер тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн Дабль Пирамид ХХК, Сибирийн эрүүл мэндийн байгууллага, Батаар ХХК, Үндэсний спорт хувцасны брэнд, Ногоон сор ХХК, Профит фитнесс клуб, “АNN” ХХК /уургийн компани/ зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа. Дээрх бүх компаниудын удирдлагууд болон нийт хамт олонд нь баярласнаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье. Мөн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл бололцоог дээшлүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье гэлээ гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж