ЖДҮ-ийг дэмжсэнээр 14435 хүн ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийг дэмжсэнээр 14435 хүн ажилтай болжээ

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Жижиг, дунд үйлдвэрийн сангийн захирал М.Баярмагнай болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын стратеги бодлого зохицуулалтын газрын дарга Чой-Иш нар 2009-2011 онд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр олгогдож байгаа зээлийн хэрэгжилт үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэргүүн шадар сайдын хувьд өнгөрсөн жилээс хойш 21 аймгаар орохдоо очсон аймаг бүрийнхээ ЖДҮ-үүдээр орж зээл авсан иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ зарим асуудлыг газар дээр нь шийдэж явжээ. Зээл авч үйлдвэрлэл эрхэлж бас ч гэж ажлын байр бий болгож яваа бизнесменүүдтэй уулзаж явахад төрөөс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өгч байгаа зээл үр дүнгээ өгч юм хийе бүтээе гээд зориход боломжийн болж байна. Төрөөс олгож байгаа зээлийн хүү бага болохоор банкууд ч түрүүчээсээ бизнесийн зээлийн хүүгээ бууруулж байгаа нь бизнес эрхлэгчдэд таатай боломжийг бүрдүүлж байна. Гэвч зарим талаар ахиухан дорвитойхон юм хийе гэхээр зээлийн хэмжээ бага бас хүү нь арай өндөр байна. Хугацааны хувьд ч мөн жаахан уртасгаад өгвөл илүү дэмжлэг болохоор байна гэсэн санал хүсэлтийг Тэргүүн шадар сайдын очсон аймаг болгонд тавьж байсан аж. Тиймээс энэ асуудалд анхаарал тавьж санал оруулсаны эцэст ЖДҮ-ийг дэмжих зээлийн хүү 5 хувиар буурч, жилийн 8 хувийн хүүтэй болсон бол хугацаа нь хоёр жилээр уртасч 5 жилийн хугацаатай болжээ. Мөн зээлдэгч эхний нэг жил үндсэн зээл төлөхгүй зөвхөн хүүгээ төлөх гэнэ.  Түүнчлэн ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр Засгийн газраас 150 тэрбум төгрөгний бонд гаргаад байгаа бөгөөд үүний зэрэгцээ сум хөгжүүлэх сан бий болгон сумдад хүн амын тооноос шалтгаалан нэг суманд доод тал нь 50 сая төгрөг олгохоор болсон байна.

Үүнд нийт 24 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд сум орон нутаг өөрийн мэдлээр иргэддээ зээл олгож сумаа хөгжүүлэхэд зарцуулах мөнгөний хүү жилд 3 хувь байх тул үр өгөөжөө бодитойгоор өгнө хэмээн үзэж буй. Түүнчлэн зээл олгож буй банкны хувьд өмнө нь ганцхан төрийн банкаар дамжин олгогддог. Үүний улмаас зээлдэгч болон зээл олгогч банк хоёрын дунд барьцаа хөрөнгө хүрдэггүй, зээлийг удаашруулдаг, хүнд сурталтай гэхчлэн гомдол саналууд гардаг байсныг арилгах зорилгоор ЖДҮ-ийн зээлийг аймагт 3-4 банкаар дамжуулан олгох болсон тул банкнаас үүсэх чирэгдэл гомдол багасна гэж үзэж буй аж. 

Төрөөс ЖДҮ-ийг дэмжихэд зориулж нийт 85,3 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд үүний үр дүнд 1254 үйлдвэр шинээр байгуулагдаж, 2520 үйлдвэр өргөтгөл хийсэн бол 14435 ажлын байр шинээр бий болсон гэсэн судалгаа гарсан байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж