У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ

У.Хүрэлсүх: Цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ

УИХ-ын үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт сэдвээр мэдээлэл хийж сөрөг хүчнийхэн асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай холбоотой хэд хэдэн заалт хэрэгжихгүй байна гэдэг гомдол ирж байна. Гэр бүлийн гишүүд жилд нэг удаа эрүүл мэндийн даатгалаа шилжүүлэн хэрэглэх заалт хэрэгжихгүй байна. Эрүүл мэндийн цахим карттай болж, эмчлүүлэх эмчээ өөрсдөө чөлөөтэй сонгох хууль хэрэгжихгүй байна гэх юм. Эрүүл мэндийн даатгалын төсвийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн заалтыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа. Энэ амлалтын хэдэн хувь нь хэрэгжиж байна вэ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Гэр бүлийн гишүүд жилд нэг удаа эрүүл мэндийн даатгалаа шилжүүлэн хэрэглэх заалт хэрэгжиж эхэлсэн. Журам нь батлагдсан. Одоогийн байдлаар нэг тохиолдол бүртгэгдсэн байгаа. Эрүүл мэндийн цахим карттай болж, эмчлүүлэх эмчээ өөрсдөө чөлөөтэй сонгох хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс гадна иргэд хүссэн өдрөө, хүссэн эмээ хөнгөлөлттэй худалдаж авах шийдвэр хэрэгжиж эхэлсэн.  Эрүүл мэндийн даатгалын төсвийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн заалтыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч багтсан. Эхний ээлжинд 988 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгах ингээд 2020 онд хоёр дахин нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Иргэд өнөөдөр хөнгөлөлттэй эм бичүүлэх зорилгоор л өрхийн эмнэлэгт очиж байна. Тиймээс өрхийн эмнэлгийг хамгийн багадаа таваар нь багцлаад хувийн байгууллагад шилжүүлээд явах юм бол үйлчилгээ нь томорно. Өнөөдөр иргэд өрхийн эмнэлэгт очиж үйлчилгээ авахгүй, хувийн эмнэлэг, улсын эмнэлгийг зорьдог. Өрхийн эмнэлэгт дөнгөж сургууль төгссөн эмч нар л очиж ажилладаг. Тэнд чанартай үйлчилгээг олгож байгаа эсэх нь эргэлзээтэй. 
Хувь хүн гурван жил, таван жил эмнэлэгт очоогүй ч ЭМД төлөөд явсан бол тэр даатгалыг нь буцаагаад олгох асуудлыг судлах хэрэгтэй шүү.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Өрхийн эмнэлгээ дэмжиж байж хоёр, гурав дахь шатны эмнэлгийг ачааллыг багасгана. Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлж байж эрүүл мэндийн үйлчилгээ чанартай болно. Тэгэхээр цаашид гэрээр үйлчлэх, өдрийн эмчилгээ, нөхөн сэргээх зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр 5,2 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:

-Манайд бүх зүйлийн хөл толгой солигдсон. Миний харж байгаагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь нэгд явах ёстой байтал эрүүл мэндийн хагалгааг нэгд тавьчихсан. Хамгийн анхан шатны урьдчилан сэргийлэх үйлчилгээнд зохион байгуулалттай хамрагддаггүй, төр засаг нь ч олигтой зохион байгуулж чаддаггүй. Хамгийн хүнд хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь эмнэлгийнхэн шүү. Тиймээс тэдний цалинг нь нэмье. Үүнээс гадна эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Одоо бол дуртай нь эмийн сан нээдэг, эм зардаг болсон. Тэгэхээр энэ байдлыг маргаашнаас зогсоогооч ээ. 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

-Сөрөг хүчний зүгээс гаргаж байгаа шүүмжлэл саналыг ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллана. Одоо бид улстөрждөг үе биш. Улс орныхоо төлөө хүний өөрийн гэлтгүй зүтгэх цаг ирсэн. Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж үе шаттайгаар нэмнэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ:

-Сая бид хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Хөнгөлөлттэй эмийн хэмжээ маш бага байна. Д.Сарангэрэл сайд гуравдугаар сард хөнгөлөлттэй эмийн асуудлыг шийднэ гэж байсан. Ажил болсон зүйл байна уу. Тодорхой шийдэл гаргахгүй бол эмийн санч иргэдэд загнуулж байна. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Анхан шатны тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарах ёстой гэж хэлж байгаа гишүүдийн байр суурьтай санал нэг байна. Бид аймаг орон нутгийн эрүүл мэндийн барилга, тоног төхөөрөмжийн асуудалд онцгойлон анхаарах ёстой. Мөн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг ипотекийн зээлд хамруулах тал дээр Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа. Мөн эм эмнэлгийн чиглэлээр бие даасан агентлаг байгуулна. 

Ажлын хэсгийн гишүүн:

-Хөнгөлөлттэй эмийн төсөв 2016 онд 22 тэрбум, 2017 онд 28 тэрбум, 2018 онд 29 тэрбум төгрөг болсон. Ингэснээр нэг иргэнд 7000 гаруй төгрөг ногдож байгаа. Цаашид илүү гарсан аймаг, сумын хөнгөлөлттэй эмийн төсвийг нөгөөд нь шилжүүлэх асуудлыг судалж байгаа. 

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт сэдвээр мэдээлэл хийж сөрөг хүчнийхэн асуулт асууж, хариулт авав. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураав. Энэхүү хуулийн төслийг үдээс өмнө хэлэлцсэн бөгөөд санал хураах гэсэн боловч ирц хангалтгүй байсан тул үдээс хойш санал хураахаар хойшлуулсан юм. Дээрх төслийг гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж