Түр замуудын ажлын явц 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Түр замуудын ажлын явц 80 хувьтай байна

Түр замуудын ажлын явц 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Нийслэлд шинээр баригдаж байгаа авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын ажлын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлсэн. Түр зам төмөр замын гарамтай огтлолцож байгаа учир аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэж байна. Ажлын хүрээнд энэ сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг юуны өмнө иргэдээс уриалмаар байна. Нийслэлд давхар болон огтлолцлын зам барихгүйгээр түгжрэлээс гарах бололцоо харагдахгүй байна. Бид 100 метр явахгүй түгжирдэг байдлаас гарах хэрэгтэй. Цаашдаа ихэнх том гол замуудад явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж байна. Тиймээс бүтээн байгуулалтыг ажлыг иргэд дэмжих хэрэгтэй байна” гэлээ.

Төмөр замын гармын дохиолол, тоноглолыг шилжүүлэх ажил 60 хувьтай байна. Төмөр замын дохиолол, холбоо сүлжээний албаны 100 гаруй хүн ажиллаж байгаа юм. Замыг хаах байгууламжаас бусад тоноглолууд хийгдсэн. Хуучин гармаасаа төмөр замын хаах байгууламжаа зөөн байрлуулах ажил явагдаж байна. Ажлын гүйцэтгэлийг тогтсон хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, даваа гарагийн өглөө 05:00 цагт замын хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж байх ёстойг Нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж