“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

“Алтан дагина” анх удаагаа Монголд саатна

Хөлбөмбөгийн спорт сонирхогчдын нэгэн хүсэл ирэх долоо хоногт Монголд биелэнэ. “Алтан дагина” нэрээр алдаршсан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом ирэх даваа гаригт Улаанбаатарт түр саатахаар боллоо.

6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг байна.

Монгол Улсын түүхэнд тохиох онцгой өдрүүдийн нэг бол “Алтан дагина”-ыг өөрийн нүдээр харж, үнэ төлбөргүй дурсгалын зураг татуулах боломжийг “World Cup Trophy Tour” арга хэмжээний үеэр олгохоор болжээ. Хөлбөмбөг сонирхогч найз нөхөд, гэр бүлийн хамт та дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 13.00-20.00 цагийн хооронд Шангри-Ла худалдааны төвийн нэгдүгээр давхарт саатахад болох юм.

“Кока кола” компани Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн цомын аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дэлхийгээр тойрох аялалаа эхэлжээ. Цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотоос үдэн гаргаж байсан байна. Тэгвэл 50 гаруй улсад зочлох “Алтан дагина” цом Улаанбаатарт саатахад гурван хоног үлдлээ.

“World Cup Trophy Tour” аялал 126 мянган км зам туулж, зургаан тивийн 50 гаруй улсын 91 хотод зочилно. Энэ жил 24 оронд анх удаагаа айлчлах бөгөөд үүнд Монгол улс багтсан юм.

Дэлхийн Цомын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман улсын нэр бичээстэй байгаа. Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй байгаа аж. Харин 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай байгаа юм байна.

Дэлхийн Цомыг түрүүлсэн багт бүр мөсөн өгдөггүй, ФИФА буцаан авдаг бөгөөд аваргуудад дуураймал алтан цом үлддэг ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж