Бөхчүүд улстөржиж, улстөрчид бөхжив

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Бөхчүүд улстөржиж, улстөрчид бөхжив

Бөхчүүд улстөржиж, улстөрчид бөхжив

Цагаан сар, наадам бүхнээр, телевиз болгон гаргадаг “Гарьд магнай”  кинон дээр хошуу ноёны  хатан хайртай бөхчүүдийг нь толгой дараалан өвдөг шороодуулсан Далайцэрэнд уурлаж “Миний бөхийг ах дүүгээр нь унагаад байхдаа яахав дээ. Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд хаяад явдаг хэсэг  гардаг даа. Далайцэрэн бол монгол бөхийг гүндүүгүй, хээгүй дүрээр харуулах уран сайхны хэв шинжит дүр. Харин хатан бол улс төрийн “пи-ар”-т дүр гэж хэлж болно.

 Ноцолдож, барилдаж үзээгүй өссөн монгол эр хүн гэж байхгүй.  Тиймдээ ч монгол бөх олон зуун жилийн турш Монгол эр хүний сонгодог загвар болж ирсэн.

Гэвч, өнөөдөр Үндэсний бөх  хамгийн их хэрүүлтэй, жалга дов, нутаг нугаараа хамгийн их талцдаг, муу муухай хор, хов  найруулдаг, хамгийн булай спорт болжээ.  Хамгийн жудаггүй, хүний мөс муутай, хамгийн авиргүй, дээрэлхүү, дээр нь хамгийн боловсролгүй хүмүүс  бөхчүүд болцгоосон.  Юун нөгөө монгол эрчүүдийн босоо цагаан хийморь лундаа, монгол эр хүний жудгийн сонгодог загвар вэ. Бөхчүүд бие бялдар, ёс суртахуун, жудаг, ёс, эрхэм чанар, аль, аль талаараа Монгол эр хүний хэв шинжит дүр байхаа хэдийнэ больсон.

Бөөлжис цутгамаар хэрүүлийнх нь   үүр овоохой болсон,  Бөхийн өргөө тойрсон талцал  нь бөхчүүдийн асуудал байхаа болиод улс төрийн сэдэв болж хувирсныг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч буйгаас харж болохоор.  Эерэг талаас нь харвал Ерөнхийлөгч Х.Баттулгын үндсэн нэг үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг  хангах явдал. Энэхүү эрх үүргийнхээ  хүрээнд хоёр хуваагдаж аваад хэрүүл зодоондоо тулсан бөхчүүдийг дуудаж авчраад Тамгын газрын даргатайгаа уулзуулж, “цол тэмдэг, байшин савыг нь хураана, авна” гэж айлгахад хүрсэн биз. Өөрөө бөх, бөхийн холбоо тэргүүлж яваагийнхаа хувьд  бөхчүүдийн хэрүүлд магадгүй илэрхий ач холбогдол өгсөн ч байх.

Өргөөг тойрсон хэрүүлээс харахад үндэсний бөхийг өөрчлөх, шинэчлэх хүсэл, бодлого Х.Баянмөнх, Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат, А.Сүхбатын алинд нь ч алга. Уг нь бүгд бөхчүүддээ төдийгүй, монгол залууст үлгэрлэл болох ёстой хүмүүс

Гэхдээ Монголын бүх л салбарт, спортын холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд нутаг, нуга, нам эвсэл, фракци бүлэглэлээрээ талцаж, нийгэм нь бүхэлдээ уналтад орсон, тэр болгоныг, төрийн бус байгууллагын өмч хөрөнгө, тамга тэмдэг булаацалдсан хэрүүлийг Төрийн ордонд дуудаж ирээд зохицуулах зав зай Монгол Улсын Ерөнхийлөгчид хэр байдаг вэ.

Товчхондоо бол, бөхчүүдийн зодоон дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүйд хүрсэн Монголын улс төрийн дүр зураг. Улстөрчид, эрх мэдэлтнүүдийн газрын доорх баялагийн зодооноос Бөхийн өргөөг булаацалдан хэрэлдэж буй бөхчүүдийн талцал юугаараа өөр гэж. Танил өрнөл, танил үйл явдал биш үү?

Эсрэгээр нь харвал Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болохоос хэдэн бөхчүүдийн хэрүүлийг зохицуулагч биш баймаар.  Ерөнхийлөгчийн зохицуулалт нэхсэн, эрх үүрэгтэй нь холбоотой олон асуудал Ерөнхийлөгчийн хүлээлтэд орчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, Элчин сайдуудын томилгоог шийдэх зэргээр Х.Баттулгад хамгийн их хамаатай асуудлууд  хаалганых нь үүдэнд овоорчихсон байна.  Дөрвөн улсад суух Элчин сайдуудын томилгоо, Үндсэн хуулийн цэцийн хоёр ч гишүүний асуудал Ерөнхийлөгч дээр очоод гацсан. Монголын гадаад бодлого Ерөнхийлөгчийг харсаар байтал “бухын доодохыг харсаар” гэгч болоод удаж буй.

 Үндсэндээ  бөх нь улстөржиж, улстөрчид нь бөхжиж…..бөх тойрсон утгагүй хэрүүл угтаа бол Ерөнхийлөгчийн хэмжээнд авч үзэх асуудал лав биш. Зүй нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Х.Баянмөнх, Р.Нямдорж хоёрын хэрүүлээс  Монгол Улсыг гадаадад төлөөлөх, үндэсний аюулгүй байдалдаа ач холбогдол өгөх нь чухал байлтай. Энэ үүргийнхээ дагуу Трамп, Ким хоёрыг Улаанбаатарт уулзах урилга илгээх хэрэгтэй биш үү. Уучлаарай Ерөнхийлөгч өө,  Монгол Улсыг урлаг, спортынхон авч яваа гэдэг таны бодол, бодлоготой  би лав санал нийлэхгүй байна. Тиймээс Р.Нямдорж, Х.Баянмөнх хоёр луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү надад хамаагүй гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж