"Давхар зам барихгүйгээр түгжрэлээс гарахгүй"

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

"Давхар зам барихгүйгээр түгжрэлээс гарахгүй"

"Давхар  зам барихгүйгээр түгжрэлээс гарахгүй"

Замын цагдаагийн газрын орчимд гүүрэн зам барих ажил эхэлсэнтэй холбогдуулан зарим авто замыг хаагаад байгаа. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригийн  05.00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан юм. Уг гарцыг хааснаар Замын цагдаагийн уулзвар дахь гүүрэн гарцын ажил албан ёсоор эхэлсэн. Авто машины хөдөлгөөнийг зохицуулахын тулд таван түр зам нээсэн талаар бид өмнө нь мэдээлж  байсан.

Тэгвэл өнөөдөр /2018.04.20/ Нийслэлийн Засаг дарга С.Батболд  Замын  цагдаагийн орчимд баригдах гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэж байгаа түр замын барилгын ажилтай танилцлаа .

Долоон түр  зам нээхээс өнөөдрийн байдлаар таван түр замыг нээгээд байна.  Эдгээр түр замыг барих ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд  үлдсэн хоёр түр зам удахгүй ашиглалтад орох аж. ‘Түр замыг төсөв  мөнгөний хувьд бага зардлаар богино хугацаанд хийхийг зорьж байгаа. Хоёр түр замын барилгын ажил дуусаагүй байна. Дууссаных нь дараа нэгдсэн нэг төсөв гарах байх” гэж Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ.

Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м түр замыг дөрвөн хоногийн өмнө нээсэн ч аюулгүй байдлыг хангах үүднээс хаах шаардлага үүсчээ. Одоо дээрх түр замд автомат хаалт хийж буй аж. Улаанбаатар төмөр замын дохиолол холбоо сүлжээ эрчим  хүчний албаны дохиоллын ахлах инженер Д.Батнасан “Одоогийн байдлаар ажил 60 хувьтай явж байна. Графикийн дагуу даваа гаригийн өглөө түр замыг хүлээлгэж өгнө. Нийтдээ 100 гаруй хүн ажиллаж байна .Ер нь график гаргасан учраас хугацаандаа ажлаа багтаах гээд хичээж байна. Замыг хаах байгууламжаас бусад бүгд тоноглол хийгдсэн. Хуучин гармаасаа  төмөр  замын хаах байгууламжаа зөөгөөд тавьчихвал бид  холболтоо хийгээд ажиллуулаад шалгах л үлдэнэ” гэв.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ирэх даваа гаригийн өглөө 05.00 цаг гэхэд  ажлаа хийж дуусгасан байхыг үүрэг болгосон юм.

Мөн тэрбээр цаашид Замын цагдаагийн гүүрэн  гарцыг  хийж  дууссаны дараа Нарны зам дагуу Нарантуул олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв хоёрын уулзваруудад нүхэн гарцаар хийхээр зураг  төслийг  бэлдсэн байгаа гэдгийг дуулгалаа.  

Гүүрэн гарц баригдсаны дараа тухайн Замын цагдаагийн ойролцоох  6-7  уулзварууд  дээр үүсдэг түгжрэл  30-40 хувь буурна  гэсэн тооцоо байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг дага С.Батболд “Гүүрэн гарц хамгийн анх удаа хийгдэж байгаа  гэдгээрээ ихээхэн онцлог байна. Давхар замууд болон хоёр огтлолцлын замууд хийхгүйгээр  түгжрэлээс  гарах ямар ч бололцоо байхгүй. Бид  100 метр яваад л замын огтлолцол дээр очиж  түгжирдэг  байдлаасаа гармаар байна. Цаашид ихэнх гол зам дээгүүр явган хүний гүүрэн гарц эсвэл нүхэн гарц хийнэ. Харин томоохон замууд дээр давхар замын систем  хийхээс өөр аргагүй” гэлээ.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар  шинээр ашиглалтад орсон шинэ замууд  хөдөлгөөн багатай байгаа учир  тэдгээр замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг иргэдэд уриалсан юм. 

Шинээр гаргасан түр замууд:

  • Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам
  • Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон
  • Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам
  • Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ.
  • Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байна.

Э.Бурам 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж