АНУ-ын Төрийн Департаментаас пүрэв гаригт мэдээлснээр Америкийн засгийн газрын бус байгууллагуудаас хандивлаж буй буцалтгүй тусламжийг Умард Солонгосын Канвон болон Хванхи мужуудад хүргэх юм. Тусламжийн бараанд хучлага, майхан болон бусад ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд орсон ч хүнсний бүтээгдэхүүн огт ороогүй байна.
Умардын талаас өнгөрсөн тавдугаар сард хүнсний тусламж авах хүсэлтээ АНУ-д тавьсны дараа тус улс нөхцөл байдалд бодит үнэлгээ хийлгэхээр тусгай багийг илгээсэн ч одоо хүртэл тусламж өгөх шийдвэрийг гаргаагүй байгаа.
АНУ-ын зэрэгцээ Өмнөд Солонгосын талаас энэ сарын эхээр Умардад 4,7 сая ам.долларын үнэтэй дүйцэхүйц эмнэлгийн болон бусад хэрэгцээт бараа бүтээгдэхүүний тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөө мэдэгдсэн. Энэ үйл явдал нь хоёр Солонгосыг аажимдаа нэгдэхийн шинж тэмдэг байж болох юм гэж ажиглагчид үзэж байна.