НҮБ: 34 сумын ундны ус аюултай байна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

НҮБ: 34 сумын ундны ус аюултай байна

НҮБ: 34 сумын ундны ус аюултай байна

 НҮБ-ын хүний эрх ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллерын Монгол Улсад хийсэн айлчлалын дүгнэлтийг өнөөдөр /2018.04.20/ танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын урилгаар дөрөвдүгээр сарын 9-20-ны өдрүүдэд хийсэн судалгааныхаа үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтийг танилцуулав. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн айлчлалын гол зорилго тань юу байв. Монголчуудын ундны усны нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Айлчлалын үеэр миний анхаарлаа хандуулж ажилласан гол асуудлууд бол ундны усыг иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмж, мөн жорлон ба халуун усны хүртээмж хэр байна вэ гэдгийг судаллаа. Монголчуудын дийлэнх нь ундны усаа худгаас авдаг ба хүн амын тал шахуу хувь нь нүхэн жорлонд бие засдаг. Хүний эрхийн байр сууринаас авч үзэхэд ийм төрлийн үйлчилгээг авах явдалд тэгш бус байдал ажиглагдаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ.

Ундны усны хүртээмжийн талаар судалгаа хийсэн. Улаанбаатар хотод, хөдөө орон нутгуудаар явахдаа өөрийн биеэр ялгааг харсан. Засгийн газраас өгсөн мэдээллээр нийт 334 сумын дөнгөж 20 сумын төв хэсэгт нь ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байна. Улсын хэмжээнд нийт 34 сумдын усны чанар нь Монгол Улсын стандартад нийцэхгүй байгаа нь миний санааг туйлын ихээр зовниулж байгаа.

-Монголчуудын ундны усны хүртээмжийн түвшин харилцан адилгүй гэсэн дүгнэлтийг та сая танилцуулсан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Нийт хөдөөгийн 56 хувьд ариун цэврийн байгууламжгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс гадна орон сууцны оршин суугчид гэр хорооллын оршин суугчидтай харьцуулахад харьцангуй их ус хэрэглэдэг юм байна. Дунджаар гэр хорооллын оршин суугч нэг өдөрт 7-10 литр ус хэрэглэдэг байхад орон сууцны оршин суугчид өдөрт 200 литр ус хэрэглэдэг.  Гэр хорооллын оршин суугчид ундны усаа худгаас зөөдөг учир нэлээн хүндрэлтэй.

Гэр хорооллын оршин суугчид халуун усанд орохын тулд халуун усны газар очиж мөнгө төлдөг. Нүхэн жорлон дүүрсэн тохиолдолд шинэ жорлон барих шаардлагатай болж, эдийн засгийн ачааллыг үүрдэг. Олон тооны өрхүүдэд нэг худаг ногдож байна. Ойролцоогоор 300 орчим өрхөд нэг  худаг ногдож байгаа нь бол хангалтгүй үзүүлэлт юм. Энэ байдлыг даруй шийдвэрлэвэл зохино гэдгийг Монгол Улсын Засгийн газарт зөвлөж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байруудад мөн анхаарах асуудал байна гэж та сая хэллээ?

-Ерөнхий боловсролын сургуулиудад очиж үзэхэд ялангуяа өсвөр насны охидын сарын тэмдэг ирэх үед ариун цэвэр сахих орчин нөхцөл бүрдээгүй байна. Олон сургуулийн дотуур байрны жорлон гадаа байрладаг. Тийм болохоор энэ шалтгааны улмаас охидод багагүй бэрхшээл учирдаг болохыг анзаарлаа. Сургуулийн бүх дотуур байрыг халуун устай болгох, сарын тэмдэг нь ирсэн охидод ариун цэврийн хэрэглэл олгох зэрэг асуудалд ач холбогдол өгөхгүй байна.  Тийм учраас охидод зориулсан сарын тэмдгийн эрүүл ахуйн хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байруудад хэрэгжүүлдэг болохыг салбарын яаманд нь зөвлөж байна. Мөн хөгжлийн бэршээлтэй иргэд олон нийтийн бие засах газар үйлчлүүлэхэд багагүй бэрхшээлтэй тулгарч байна. Зориулалтын ариун цэврийн байгууламж тун ховор байна.

-Таны хийсэн тайлангаас харахад монголчуудын ундны усны хүртээмжийг хэрхэн сайжруулах боломжтой вэ?

-Ус, болон ариун цэврийн байгууламжийг ашиглах эрх нь хүний энгийн эрхэд багтдаг зүйл. Тийм учраас НҮБ-ын Ассамблейн бусад чуулганаас энэ асуудлаар тунхаг гаргасан байдаг. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь хүний эрхийн талаас нь чиглэсэн байх юм бол энэ хүний эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын харьяаны нийт 600 худаг гэр хорооллуудад үйл ажиллагаа явуулж байна. Иймд орон сууцны хороолол гэр хороолол, гэр хорооллын ялгааг арилгахын тулд богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж гэр хорооллын иргэдийн ундны усны ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг аажмаар сайжруулахыг Засгийн газарт онцгойлон анхааруулж байгаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж