Газар өмчлөлийг 10 жилээр сунгах төслийг дэмжив | News.MN

Газар өмчлөлийг 10 жилээр сунгах төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Газар өмчлөлийг 10 жилээр сунгах төслийг дэмжив

Газар өмчлөлийг 10 жилээр сунгах төслийг дэмжив

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжив. Энэ нь газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах тухай асуудал юм.

Гишүүдийн зүгээс газар өмчлүүлээд 20 орчим жил болж байхад нийт иргэдийн 20 хувь нь газраа өмчилсөн гэхээр хангалтгүй байгааг тодотгосон. Газрын наймаа өргөжиж, эрх мэдэлтэй хүмүүс том хэмжээний газар эзэмшиж байгааг ч шүүмжилсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Засгийн газраас газрын асуудлыг зөвхөн 10 жилээр сунгаад зогсохгүй, газрын менежментын шинэчлэл хийх ёстой байсан. Харамсалтай нь, тэгж чадсангүй. 2003 онд одоогийн МАН, тэр үеийн МАХН санаачилж хэрэгжүүлсэн. Энэ ажлыг гүйцэд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Жишээ нь газрын кадастр, өмчийн бүртгэл уялдаагүй ажиллаж байна. Кадастр дээр очоод эзэмшээгүй газрын байршлаа хараад, өмчийн бүртгэл дээр ирэхээр өмчлүүлсэн байх юм. Үүнээс гадна 22 мянган хүүхэд Улаанбаатар хотод газар өмчилсөн байна. Тэдний газрыг эцэг эхчүүд нь захиран зарцуулаад байна. Тиймээс хүүхэд 18 нас хүртэл нь тухайн газрыг захиран зарцуулах эрхгүй байх зохицуулалт хиймээр байна.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Бид энэ хуулийг үр дүнтэй, өгөөжтэй болгох асуудлаа яримаар байна. Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 214 мянган өрх 107 мянган га газарт амьдарч байна. Энэ хэрээрээ утаа, хөрсний бохирдол асуудал болж, орон сууцны хэрэгцээ үүсэж байна. 96 мянган иргэн газар авах хүсэлт гаргасан ч газар олдохгүй байна. Нөгөө талд борлогдохгүй 30-40 мянган орон сууц байна. Нэг талд нь борлогддоггүй орон сууц, нөгөө талд нь орон сууцгүй иргэд. Энэ хоёрыг хооронд нь зохицуулмаар байна. Дээрх 214 мянган өрхийг орон сууцтай болгохын тулд 4 га-д 1000 айлын орон сууц барьдаг юм байна. Ингээд тооцвол 1000 га газар үндсэндээ 214 мянган өрх багтана. Цаана нь 100 мянган га газар суларна. Энэ мэт гаргалцаа, шийдэл бодлого байсаар байтал зүгээр л газар өмчлүүлэх хугацааг сунгаад суумааргүй байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Монгол Улсад газраа өмчилж авахыг хүсэхгүй байгаа нэг ч иргэн байхгүй. Гэтэл иргэдэд газрыг нь өмчлүүлэх нөхцөлийг төр бүрдүүлэхгүй байна. Мэдээлэлтэй, мэдээлэлгүй янз бүрийн хүмүүст тэгш биш нөхцөл байгаа нөхцөлд түүнийг нь тэнцүүлэх хууль гаргах шаардлагатай. Иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх нөхцөлийг төр бүрдүүлж өгөх ёстой. Түүнээс газраа өмчилж авч чадвал аз чинь чадаагүй бол хохино гэдэг байдлаар хандаж болохгүй. Иргэн газраа өмчлөх гэж ямар их хүнд суртал давах туулдаг гэдгийг ба бид мэдэж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилд нийт хүн амын ганцхан хувь нь газар эзэмшиж байна. Дэд бүтэцгүй, уулын орой дээрх газрыг өмчилж өгөөд яах юм бэ. Газар өмчлөх эрхийг заавал 10 жил гэж хугацаа зааж байхаар хугацаагүй орхих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би энэ хуулийг дэмжихгүй байна. Жирийн ард өнөөдөр 22-ын товчооноос цааш гэрэл цахилгаангүй газар авдаг, жирийн биш иргэн нь хүссэн газраа авдаг байж болохгүй. Одоо тэр газар өмчлөлийн хуулиа оруулж ир. Газар өмчлөлийн хууль оруулж ирэх гэсэн чинь “Хятадуудад газар өгөх гээд байна” гэж шуугиад болиулсан. Хятадуудад газар өгөхөө болиод, энэ хуулиа оруулаад ирээч. Манай Эрдэнэтэд хүн оршуулах газар ч алга. 

Ингээд гишүүд хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлэв. 

Т.НОМИН 
 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gazriin salbart shinechlel heregtei 2018-04-20 202.21.116.2

Uujim delger gazar nutagtai irged ni saihan amidrah bolomjtoi baital het ulsturjilt mergejliin bus tomilgoonoos bolj gazriin salbar unaj baina. heden uls turchid ashig honjoo olj jiriin irged gazargui orlogogui yaduurch baina? Gazriin asuudlaa tsegtslehguigeer uls oron hugjihgui. ene baidlaaraa yavbal irgenii dain ch garch magadgui shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж