Надал дунд шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Надал дунд шөвөгт шалгарлаа

Надал дунд шөвөгт шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй теннисчдийн АТР-н Мастерс ангиллын Монте-Карло мастерс тэмцээн үргэлжилж байна. Энэ улирлын эхний шороон гадаргуутай талбайд зохион байгуулагдаж буй Монте-Карло мастерс тэмцээнд “шороон кортны хаан” Р.Надал дунд шөвөгт шалгарлаа.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Р.Надал тэмцээний 3-р шатанд Оросын 21 настай залуу тамирчин К.Хачановтай тоглож 1 цаг 34 минутанд 6-3, 6-2 харьцаагаар буулгаж авсан байна. Ингэснээр Р.Надал тэмцээний дунд шөвөгт шалгараад байна. Р.Надал Монте-Карло мастерс тэмцээнд хамгийн олон буюу 10 удаа түрүүлсэн байдаг бөгөөд 2005-2012 онд завсаргүй 8 удаа түрүүлсэн бол хамгийн сүүлд 2016, 2017 онд тус тэмцээний цомыг хүртэж байжээ. Энэ улирал эхэлснээс хойш ердөө 4 дэх тэмцээндээ оролцож буй Р.Надалын хувьд хамгийн өндөр амжилт үзүүлдэг үе нь ирээд байна. Учир нь ирэх сарын 27-нд шороон гадаргуутай талбайд явагддаг Францын их дуулга хүртэл зохион байгуулагдах бүх тэмцээнүүд шороон гадаргуутай талбайд болно. Р.Надал шороон гадаргуутай талбайд сайн тоглодог бөгөөд зүгээр ч нэг “шороон кортны хаан” хэмээн нэрлээгүй юм. Тэр шороон гадаргуутай талбайд болдог Францын их дуулга тэмцээнд хамгийн олон буюу 10 удаа түрүүлсэн бол АТР-н мастерс ангиллын тэмцээнүүдээс шороон гадаргуутай талбайд зохион байгуулагддаг Монте-Карло мастерст 10 удаа, 2009 оноос шороон гадаргуутай болсон Мадрид мастерс тэмцээнд 4 удаа, Италийн мастерс тэмцээнд хамгийн олон буюу 7 удаа түрүүлсэн байдаг.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж