Свазиланд улсынхаа нэрийг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Свазиланд улсынхаа нэрийг өөрчлөв

Свазиланд улсынхаа нэрийг өөрчлөв

Дэлхий дээрх хаант засаглалтай цөөхөн орны нэг Свазиландын хаан Мсвати III улсынхаа нэрийг өөрчилсөн гэнэ.

Свазиландын хаан Мсвати III лхагва гаригт (2018.04.18) Свази улсын тусгаар тогтносны 50 жилийн ойн баярын өдөр улсынхаа нэрийг Эсватини болгож өөрчилснөө зарлажээ. Энэ өдөр мөн Эсватини улсынхаа эзэн хаан Мсватигийн 50 насны ойг тэмдэглэсэн байна.

Эсватини гэдэг нь “Свазичуудын газар нутаг” гэсэн утгатай үг гэнэ.  Мсвати III улсынхаа нэрийг Эсватини болгон өөрчлөх тухай олон жилийн өмнөөс ярьж байсан ч энэхүү өөрчлөлт гэнэтийн шийдвэр байжээ.

Мсвати III энэ нэрийг 2017 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ, мөн 2014 онд улсынхаа парламентын нээлтэд мөн анх дурдаж байсан гэнэ.

Улсынхаа нэрийг өөрчлөх болсон тухайгаа Мсвати III тайлбарлахдаа “Манай улсын нэрийг гадаад улс орнууд Швейцартай байнга андуурдаг” гэжээ.

Харин Свазиландын улсын зарим иргэд улсын нэрийг өөрчилсөнд дургүйцэн, шүүмжилж, улсын нэрэнд биш, харин доройтсон эдийн засагтаа илүү анхаарал хандуулах ёстой гэж үзэж байгаа гэнэ.

Свазиландын эрх баригчдыг улс төрийн олон намыг зөвшөөрдөггүй, эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг үзэл дэлгэрсэн зэрэг олон асуудлаас болж олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилж ирсэн юм.

Свазиландын хэмжээгүй эрх хаан Собуза II тус улсыг 82 жил удирдсан ажээ. Түүний хүү, одоогийн хаан Мсвати III албан ёсны 15 эхнэртэй гэнэ. Харин түүний эцгийн намтарт 125 эхнэртэй байсан тухай бичсэн байдаг.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж