Б.Сарантуяагийн төрсөн өдөр, номын баяр, театрчилсан тоглолттой

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяагийн төрсөн өдөр, номын баяр, театрчилсан тоглолттой

Б.Сарантуяагийн төрсөн өдөр, номын баяр, театрчилсан тоглолттой

Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо өнөөдөр “Corporate Convention centre”-т тоглох билээ. Түүний тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 22 дууг багтаасан байна. Мөн энэ үеэр түүний “Зууны дуу хоолой, Би Сараа” номын нээлт болох юм.

Одоогоос 23 жилийн өмнө тавьж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтыг дуучин Б.Сарантуяа сэргээж дахин тайзнаа тоглоно. Мөн 2016 онд дуучин Б.Сарантуяа яруу найрагч Р.Эмүжингээр “Зууны дуу хоолой, Би Сараа” номоо бичүүлж, 2017 онд “Хөх Монгол принтинг”-ээр хэвлүүлжээ. Тухайн үед энэхүү номын баяр Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймагт болж байсан аж. Харин өнөөдөр нийслэлийн үзэгчиддээ төрсөн өдрийн баярын тоглолтоос гадна номын баяраа хуваалцахаар болсон нь энэ.

1995 онд “Saraa’s music production”-ы “Инээмтгий хүн” тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байжээ. Энэ удаагийн шинэчлэн найруулан тавьж буй “Инээмтгий хүн” тоглолтыг “Skin entertainment” хариуцан ажиллаж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, мөн дуучин Сараагийн амьд хагжмийн “Random” хамтлаг оролцох юм байна.

Тасалбарын үнэ 70, 90 мянган төгрөгийн үнэтэй аж. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж