Маргаанаа цэгцлэхгүй бол Бөхийн өргөөг улсад авна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Маргаанаа цэгцлэхгүй бол Бөхийн өргөөг улсад авна

Маргаанаа цэгцлэхгүй бол Бөхийн өргөөг улсад авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2018.04.20/ Дархан аварга Х.Баянмөнх болон Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг хүлээн авч уулзлаа.  Монгол үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсээд буй. Тэдний маргаан хурцдаж, цагдаагийн байгууллагад дуудагдаж, энэ асуудал нь Ерөнхийлөгчид бичгээр ирсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Бөхийн холбооны удирдлагуудыг ирэх тавдугаар сард багтаан маргаанаа шийдэхгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгджээ.

Тэднийг уулзалтаас гарч ирсний дараа дархан аварга Х.Баянмөнх, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нарын байр суурийг сонслоо.


Х.Баянмөнх: Бөхийн өргөө хэний өмчид байгаа нь мэдэгдэхгүй байна

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзаж ямар асуудал ярив. Ерөнхийлөгчийн зүгээс ямархуу байр суурь илэрхийлэв?

-Ерөнхийлөгчийн даалгавраар Тамгын газрын даргатай уулзлаа. Бөхийн холбоондоо хамгийн ахмад настай аваргын хувьд надаас санал авч байгаа юм байна. Монгол Улсын аваргуудын зөвлөлөөр Бөхийн холбооны шинэ хурлыг хийж, энэ маргааныг цэгцлэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийллээ. Энэ хурлаар хоёр хуваагдсан хүмүүс нэг болж, цаашид нэг холбоо болж явах ёстой гэдэг саналаа хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс ийм саналтай байгаа гэлээ. Түүнээс гадна Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Данзан нарыг холбооны удирдлагад оруулахгүй гэдэг саналаа ч мөн хэллээ. Монголын бөхчүүд эвээ олж, зүгээ олох ёстой гэдэг байр суурьтай л байна.

-Бөхийн холбоодын маргаан Бөхнийн өргөөнөөс үүдэлтэй гэх яриа байна. Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон. Яг одоо Бөхийн өргөө хэний өмчид байна вэ?

-Монгол бөхийн өргөө бол ард түмний өмч, улсын хөрөнгөөр боссон. Энэ бол Үндэсний бөхийн холбооны өмч байх ёстой гэж дүрэмдээ заасан байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Бөхийн өргөөний өмчлөлийн талаар хайгаад олдохгүй, хэний өмчид байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол бөхийн өргөөг анх 5000 метр квадрат газартай байсан бол өнөөдөр 2500 метр квадрат газартай л болсон байна. Энэ хөрөнгө өнөөдөр өмч нь хаана байгааг хэн ч мэддэггүй, энэ талаар төрийн байгууллагаас асууж, сураглаад явж байна. Бөхийн өргөөний газар болон барилга нь ямар нэг хуудуу орж, өмчлөлийн асуудал нь олдохгүй байна гэсэн юм дуулдаж байна. Бөхийн өргөөг түр битүүмжилсэн байгаа. Тиймээс энэ асуудлыг төр шийдэж, хэн нь эзэмшихээ тодорхой шийдэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зүгээс ч Бөхийн өргөөг төрийн өмчид авч болно гэсэн саналыг илэрхийлж байна.

-Бөхийн өргөөний өмчлөлийн талаар Р.Нямдорж дарга мэдэж байна уу. Та бүхэн асууж үзсэн үү?

-Бид асуугаагүй. Асуух битгий хэл Р.Нямдоржтой уулзаагүй л явна. Би төрийн наадмын 10 бай шагналынхаа санг Бөхийн өргөөнд өгч байсан хүн. Би энэ Бөхийн өргөөнд орох эрхтэй хүн гэж бодож байгаа ч дөрвөн удаа хөөгдөж гарлаа. Тийм хүнтэй уулзаж, эрүүл саруулаар ярина гэж байхгүй шүү дээ.


Р.Нямдорж: Бөхийн өргөө холбооны өмчид байгаа

-Монголын үндэсний бөхийн холбооны маргааныг Ерөнхийлөгч тодорхой хугацаанд ажиглах шиг боллоо. Өнөөдрийн уулзалтаар ямар асуудлыг хөндөж ярилцав?

-Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа асуудлын талаар цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгчид бичгээр тодорхой зүйл мэдэгдсэн байна. Тэр бичигт бөхчүүдийн хооронд болж байгаа зүйл хэрээс хэтэрч байна, гэмт хэргийн шинжтэй үйл явдал гарах болж, олон түмнийг төөрөгдүүлж байна. Тиймээс энэ асуудлаар тодорхой гарц хайхын тулд тодорхой хүмүүстэй уулз гэсний дагуу өнөөдөр уулзлаа. Хоёр тамгатай, гэрчилгээтэй хоорондоо ойлголцохгүй байгаа тэр хүмүүсийг ойлголцож, нэгдэж, дахин хурал хийх гарц байна гэдгийг Ерөнхийлөгч хэлж байгаа юм байна. Тэр хурлыг зохион байгуулахад ямар хүмүүс оролцож, хуралдуулах вэ гэдэг тэр маргалдаад буй хоёр тал тохиролцох ёстой гэдгийг  хэлж байна. Ер нь бол бөхчүүдийн хоорондын маргаан Ерөнхийлөгчийн түвшинд хүрсэн нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон бөхөд маш том хохиролтой. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавьж байгаад баяртай байна. Ерөнхийдөө бөхийн холбооны маргаан Бөхийн өргөө гэх байгууллагатай холбоотой гэж үзэх юм бол Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой шийдвэр гаргаж, Бөхийн өргөөг улсын өмчид авч болно гэсэн саналаа илэрхийлж байна. Мөн хууль дүрэмд захирагдахгүй, ёс бус үйлдэл хийж байгаа, журамд захирагдахгүй байгаа хүмүүсийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах бодолтой байна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс бөхчүүд дахин хурал хийж, яаралтай эв эеэ олж, бөхөө хөгжүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна.

-Монголын үндэсний бөхийн холбооны нэр дээр ямар ч өмч байхгүй байна. Бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг асуудал сүүлийн үед яригдах болсон. Бөхийн өргөө хэний өмчид байна вэ?

-Бөхийн өргөө Монголын үндэсний бөхийн холбооны нэр дээр байгаа. Тус өргөө 2,5 тэрбум төгрөгөөр боссон барилга. Бүртгэлд байхгүй байна гэдэг нь дахин үнэлгээ хийгдээгүй байгааг ярьж байгаа болов уу гэж бодож байна. Дүрэмд заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбооны өмчид бүртгэлтэй, сар бүр үндсэн хөрөнгийн татвараа улсад төлөөд явж байгаа. Бүртгэлгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл. Ер нь хэрүүл маргааны хажуугаар худал зүйлс маш их тарааж, гүжирдэж байна. Тэр асуудлыг нь зогсоохгүй бол улам бие биенээсээ давах гэсэн энэ үйлдлүүд улс оронд ч хортой байж болзошгүй нь гэж харж байна.

-Бөхийн өргөөнөөс болж маргаад байгаа бол улсын өмчид шилжүүлээд маргаанаа шийдэх боломж бий юу. Та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад 40 мянга орчим бөх бий. Түүнээс 200 гаруй нь Улаанбаатарт бий. 200 гаруй хүүхэдтэй айлаар төсөөлбөл Бөхийн өргөө бол хоёр дахь гэр нь. Хуучин ахмад бөхчүүд хэлэхдээ Бөхийн өргөөнд орж ирэхээр гэртээ орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрдөг гэж ярьдаг байсан. Миний ойлгож байгаагаар бөхийн холбоо нь маргахгүй бол улс заавал өөрийн өмчид авахгүй. Одоогийн ийм байдал цаашид үргэлжилбэл Ерөнхийлөгч улсын өмчид авах шийдвэр гаргана гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ярианаас ойлголоо.

 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж