Б.Булганыг хамгаалалтад авсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Б.Булганыг хамгаалалтад авсан уу?

Б.Булганыг хамгаалалтад авсан уу?

Шинээр цугларсан нотлох баримтад үндэслэн, Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тухай өчигдөр /2018.04.19/ нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Тагнуулын ерөнхий газарт өмнөх өдөр нь гэнэт саатсан Б.Булганыг нууцын материалд гарын үсэг зурсан гэж өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд мэдээлсэн ч  нийслэлийн Прокурорын газрын мэдээллээр энэ нь няцаагдав. Эсрэгээрээ Тагнуул гэрчээс байцаалт авчээ.

С.Зориг агсны амь насыг бүрэлгэх үед 00-ын өрөөндөө хүлээтэй байсан Б.Булганыг энэ хэргийн үнэн мөнийг олоход тус болох цорын ганц гэрч нь гэж үзэж ирсэн байдаг. Харин энэ удаад гэрчийг яллагдагчаар татсан нь хэргийн захиалагч хэн бэ гэдгийг тогтоогоогүй үед түргэдсэн алхам болов уу гэж болгоомжлоход хүргэж байгаа юм. Түүнээс гадна Б.Булганыг хамгаалалтад авсан уу гэдэг ч хөндөх ёстой сэдэв болж хувирлаа.

Хэргийг захиалга аван үйлдсэн гэх Б.Содномдаржаа нарыг 2015 онд баривчлан хориход Б.Булганыг давхар саатуулсан. Гэрчийг хорьсон нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэдэг шүүмжлэл тухайн үед хүчтэй явсан ч цаад зорилго нь хамгаалах зорилго л агуулсан байдаг.

Гэтэл одоо яллагдагчаар татсан атал саатуулаагүй нь олон асуултыг дагуулаад байна. 

Хэдийгээр Б.Булганыг прокуророос яллагдагчаар татсан ч буруутай эсэх нь шүүхийн шийдвэрээр эцэслэх ёстой. Яллагдагчаар татагдсан болгон ял авдаг хууль байхгүй. Хамгийн гол нь энэ хүнээ төр хамгаалж чадаж байна уу гэдэг л хэргийн гол гогцоо болоод буй. Яллагдагчаар татсан ч хэргийн захиалагчийг олох гол гүүр нь Б.Булган байхыг үгүйсгэхгүй. 

Эрх баригчид Засгийн газраа унагасны дараа шинэ танхим бүрдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж томилогдсоны дараа У.Хүрэлсүхийн танхим С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдол бүхий 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргаж байв.

Энэ талаар Ц.Нямдорж сайд “Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ. Энэ хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж эцсийн шийдвэрийг гаргана. Харин гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцын зэрэглэлтэй үлдээж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгахаар болсон. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болно” гэж мэдээлж байв.

Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэрээ С.Зоригийн хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг найдаж байна гэдгээ мэдэгдсэн удаатай.

Олон нийт ч хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргахыг хүлээж байгаа ч одоо хэр нь ил болгоогүй байгаа юм. Хэрэв энэ материал ил болбол олон эргэлзээг тайлах баримт болох учиртай. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж