“Болор судар”-ын наадам

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

“Болор судар”-ын наадам

“Болор судар”-ын наадам

Монголд баяр мундахгүй. Улаан зээрд болж, ухаанаа самууруулах бус, харин улам саруулсгаж тэмдэглэх баяр бас ч хэд бий нь завшаан. Нэг тийм баяр хаврын энэ гэгээн өдрүүдээр нааш дөтлөн айсуй. Дэлхийн номын өдөр хэмээмүй. Монгол хүн энэ баярыг хорвоогийн олон зоноос хоцролгүй тэмдэглэж, ухаан саруулсахын уухай болгохоор шамдан буй нь юутай догдлолтой. Монгол дотроо ийн шамдагсдын цээжинд “Болор судар” хэвлэлийн газар явна. Олон сайхан үйл сэдэж, бэлтгэжээ. Монголд ном бүтээн дэлгэрүүлэгчдийн эгнээ жагсаалд сүүлийн арван хэдэн жил торгон жолоо өргүүлж явсаар, эрхлэн гаргасан номынх нь тоо даруй 800-д хүрсэн, адуутай бол адуутай, айрагтай бол айрагтай айл юм. Энэ жилийн номын баяраар бичиг соёлд дурлах олныг хураан цуглуулж баясган цэнгүүлэхээр сэдсэн, базаасныг нь харахаар наадмын л дайтай. Ямар наадам болохыг энд хураан өгүүлсү.

Энэ Номын өдөр хэмээхийг дэлхий нийтийн үйл хэрэг болгосон нь ЮНЕСКО аж. ЮНЕСКО гэдэг нэр монгол хүнд даанч танил. НҮБ-ын харъяаны энэ аварга байгууллагыг монголчууд аль хуучин засгийн үед л НҮБ-аас нь илүү шахуу мэддэг, таньдаг байсан билээ. Дарга даамал нь тэр тэртээх далаад оноос л манайд айлчилж золгож байсан түүхтэй. Монголчууд шинэ нийгмийн босгыг дөнгөж алхаж асан 1992 оны яг энэ дөрөвдүгээр сарын тунгалаг өдрүүдэд Улаанбаатарт ирсэн Федерико Майор хэмээх испани эр энэ айлыг түүхэндээ хамгийн олон жил удирдсан бөгөөд чухам түүний үед энэ Дэлхийн номын өдөр гэдгийг тэмдэглэх зарлиг шийдвэр гарсан, тэр нь 1995 он юм. Чухам өдөр нь дөрөвдүгээр сарын 23, испани ардын суут Мигэль дэ Сэрвантэсийн таалал болсон өдөр ажгуу. Нэг испани нь нөгөөгөө тэргүүнд тавьж “арын хаалгадсан” ч хэрэг биш, ерөөсөө хорвоогийн олон улсаас Испанид л номын баяр гэж хэзээнээс тэмдэглэдэг заншилтайг үлгэр жишээ хэмээн хүндэтгээд, тэр тогтсон өдөр нь энэ хорин гурван байдгийг эш үндэс болгосон хэрэг ажээ.

Зарим улс ондоо баяр цэнгээн давхцах гэх мэт тодорхой шалтгааны улмаас энэ өдрийг 23-наас нь нааш цааш болгож тэмдэглэх нь бий, манайхны хувьд бол өнөө жил наахна нь таарч буй бямба, нямд нь тэмдэглэсүгэй гэж үзсэн байна. “Болор судар”-ын тухайд бямбадаа нээх энэ наадам луглахархан л юмаар эхлэх нь, энэ нь юу хэмээвээс суут Ф.Достоевскийн агуу таван романы нээлт аж. Орчин цагийн Монголын аварга орчуулагч Ц.Гомбосүрэн гуай сүүлийн арав шахам жил энэ их оросын шалгарсан хэдэн романыг ар араас нь монголчилж элдүүрийг нь хангасаар эдүгээ нэгэнт тавд нь хүргэн гүйцээжээ. Орос хүн бол “Великое пятикнижие” гэж хэлж заншсан “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа”, “Карамазовын хөвүүд” гэдэг энэ нэгэн ай романыг орчуулагч бээр өөрөө “Таван тансаг” хэмээнэ. Монголын дуун хөрвүүлгийн дархан аварга хоймор суугаад, дэлхийн утга зохиолын дархан аваргыг хэрхэн “хаяснаа” хүүрнэхийг дэргэдээс нь сонсоод зогсохгүй, зураг хөргөө татуулах, мутрын үсгийг нь хүртэх гэдэг, ном соёлыг бахдан дээдлэх хүний нэг насанд нэгээс илүү олдохгүй хувь зохиол буй заа. Ингэж эхэлсэн наадам хожим хойно дурсагдахгүй бол ямар наадам хожим хойно дурсагдах билээ? Ц.Гомбосүрэн абугай олныг ийн гийгүүлэх нь дуусахгүй, “Тансаг тав”-ын нээлтийг залгуулаад түүний тэргүүлсэн Ц.Сүхбаатар, О.Бүрэнжаргал нарын өтгөс орчуулагчид уншигч олон наадамчидтай нүүр тулан суугаад, дуун хөрвүүлэх эрдмийн гайхам сайхныг хүүрнэнэ. Марк Твэнээс авахуулаад Стивэн Хокингийг хүртэлх цаг цагийн гарамгайчуудын үйл бүтээлийг монгол хүний оюуны саванд уудалж яваа буянтнууд билээ л. Тэдний араас монгол орчуулагчийн шандас шалгах дэвжээнд шил даран дарцаглан гарч ирэх хөвгүүд охидын буухиа тасрахгүй нь сайхан, тэдгээр залуус хэн нь хэн бэ гэдгээ харуулж, оюунт уншигчийн гар дээр хэдийнэ тавиад эхэлсэн ном бүтээлээ танилцуулан хэлэлцүүлж, олны сэтгэлийг сэргээх нь наадмын эхний өдрийн сонин сайхан үйл үзэгдлийн сүүл болой. Эдгээрийн дундуур “80 номын уналт” асуулт хариултын тэмцээн оролцогч олны оюуны бядыг сорьж, түрүүлж магнайлсныг нь тэрэг тэрэг номоор байлж мялаах; багачуудыг ном соёлоор хүмүүжүүлэхийн ур ухааныг шинжлэх ухаанч эрдэмтэн хэрхэн олж эзэмшсэнээ эцэг эх олонтой хуваалцан сургах; Монголын цаг цагийн сор зохиолуудын тэртээх жарны өмнө анх хэвлэгдэн гарсан эх хувиуд Улсын нийтийн номын санд тэр хэвээр хадгалагдан буйг уншигч олноо үзүүлэн баясгах зэргийн өдий төдий үйл явдал, наадам өрнөх “Аз хур” номын их дэлгүүрийн уужим цэлгэр танхимын дээд доод давхарлигт тасралт үгүй үргэлжлэхийг дэмий нуршин өгүүлэхгүй.

Дэлхийн номын монгол наадмын хоёр дахь өдөр, бичигч, уншигч, судлаач олны хүрээлэлд хэдүйнэ нэр түгсэн Пүрэвхүүгийн Батхуяг зохиолчийн шинэ роман хэвлэх үйлдвэрээс шууд ирж уншигчдад анх бараагаа харуулснаар эхэлнэ. “Хүйтэн хотын романс” хэмээх энэ өвөрмөц романы үйл явдал нийгэм хувьсах 90-ээд оны үеийн Монголын нийслэлийн амьдрал дээр суурилсан бөгөөд зохиолчийг нь хүлээн зөвшөөрч дагасан уншигч төдийгүй утга зохиолын хүрээний эрхэм олон хүн номын нээлтэд морилж, наадмын талбайг чимэх нь гарцаагүй. Утга зохиол төдийгүй бизнесийн хүрээнд шалгарч тодорсон хүн номоор олныг гийгүүлэх үйлсэд ханцуй шамлан буйг нийтээр үзэж бахдах хувь тохиох нь, Монголын үүрэн телефоны салбарын манлай компаниудыг олон жил дараалан гялалзтал удирдаж ихийг ч үзэж, ихийг ч бүтээсэн Д.Болор хэмээх Монголын нэгэн гарамгай менежер, хүнийг удирдан амжилтад хүрэх олон жилийн үнэт туршлагадаа дулдуйдан “CEO” гэдэг ном бичсэнээ танилцуулж, хүн удирдахын ухааныг өөрийнхөөрөө олсон боловсролоо олонтой хувааж лекц унших аж. Монголын гурван сая хүнийг алгасалгүй “барьсан” энэ туйлын сонирхолт салбарын толгойд хориод жил өгөө, аваатай “тоглосон” хүний амнаас унасан үг алт уу, мөнгө үү?

Хүүхэдгүй наадам гэж үгүй. Номын наадам тэр тусмаа. Баяраар нэгэн зэрэг шинээр гаргаж буй даруй 50 номын гол төлөв нь хүүхдийн ном. Уншаад зогсохгүй, буддаг шунхаддаг, ярьдаг сонсдог, эрдэг хайдаг, тоглодог тонгочдог үй олон ном наадам дээр өнгө алаглуулна. Хүүхдийн номын диваажин нүдний өмнө нээгдэнэ. “New York Times”-ын бэстселлэрийн жагсаалтад хорин хэд дэх жилдээ явж буй “Шидэт модон байшин” хүүхдийн цуврал ном монгол хэлээр гарч эхэлж буйн дашрамд хүүхэлдэйн киног нь өдөржин үзүүлнэ. Өнөө гайхал Пороро болоод түүний нөхөд номын далай дундуур энд тэндгүй биеэр явж багачуудыг зугаацуулна. Үлгэрч өвгөн үй олон жаалыг үе үе цуглуулж өнийн үлгэр хэлнэ. Тоглоом наадгай, тэмцээн уралдаан дуусахгүй.

Номын баяраар номыг хямдруулж уншигчаа урамшуулдаг нь ёс, “Болор судар”-ын шинээр гаргасан номууд 30 хувь, бусад нь 20 хувь хямдарна. Нээлтээ хийж буй Ф.Достоевский, П.Батхуягтан мөн 30 хувийн мялаалгатайг хэлэх юун.

Наадмыг өндөрлүүлж маэстро Д.Сосорбарам лекц уншина. “Номын гайхамшиг” гэж. Монголын урлагийн бас нэг аварга дуу хуур, жүжиг ший, өгүүлэхүйн урлагт цоорохын зэрэгцээ бичгийн соёлд шүтэж, номын гайхамшгийг хэрхэн таньсанаа хүүрнэнхэн “зодоглосон” наадам хэдэн он дамжиж яригдах бол?

“Болор судар”-ын хэмээх ийм нэг наадам маргааш эхэлнэ. Нарны зам, “Аз хур” номын их дэлгүүрийн дэвжээнээ.    

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж