“Африкт сайн дурын ажил хийхийг мөрөөддөг”

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

“Африкт сайн дурын ажил хийхийг мөрөөддөг”

“Шинэ нэр” буланд сайн дурын ажилтан О.Ариунзаяаг урьж, ярилцлаа. Тэрбээр Пёнчаны өвлийн олимпод сайн дураараа оролцсон юм. Нийгмийн үйл ажиллагаанд сайн дураараа оролцох хүсэлтэй тэрбээр Африкт ажиллах мөрөөдөлтэй юм.


-Өөрийгөө танилцуулахгүй юү?

-Намайг Ариунзаяа гэдэг. МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн төгсөх дамжааны оюутан. Сайн дурын ажил хийгээд гурван жил болж байна. 2015 онд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш 10 гаруй ажилд амжилттай оролцож байна.

-Яагаад сайн дурын ажил хийх болсон юм бэ?

-Хоёрдугаар дамжаанд байхдаа нийгмийн идэвхгүй, энгийн л нэг оюутан байсан. Үнэнийг хэлэхэд, гадаадад тэтгэлгээр суралцахад хэрэг болно гэж бодоод, нэг ёсондоо шуналын сэдлээр сайн дурын үйлд эхэлж оролцсон. Сайн дурын ажил хийх ийм дуртай болно гэж бодоогүй. Одоо сайн дурын ажил хийх дуртай хүмүүсийн холбоо байгуулан ажиллаж байна.

-Анхны томоохон амжилт юу байсан бэ?

-Монголд болсон АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад оролцсон нь миний хувьд хамгийн анхны хувийн амжилт байсан. Түүнээс хойш олон улсын сайн дурын ажлыг хийх мөрөөдөл тээж эхэлсэн. 2016 онд БНСУ-д зохион байгуулагдсан кино наадамд тэнцсэнээр анхны гадаад дахь сайн дурын ажлаа эхлүүлж, мөрөөдлөө биелүүлж эхэлсэн. 2018 онд болох Өвлийн олимпийн сайн дурын ажилд оролцох анкетаа 2016 онд явуулж тэнцсэн. Тэнцсэн мэдээг аваад уйлж байлаа. Учир нь, үүнд тэнцэхээр маш их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан юм.

-Пёнчаны олимпийн үеэр яг ямар ажил хийсэн бэ?

-Цанын спортын төрөлд ажилласан. Хөгжөөн дэмжигчдэд 17 өдрийн турш мэдээлэл өгсөн.

-Өвлийн олимпийн үеэр сайн дураараа ажилласан чамаас өөр монгол хүн байсан уу?

– Бусад оронтой харьцуулахад Монгол Улсаас оролцож буй сайн дурын ажилтан маш цөөн байсан. АНУ, Хятад, Японоос маш олон хүн ажилласан. Албан бус тооцооллоор тэнд надаас гадна дөрвөн монгол хүн байсан. Хоорондоо нэлээд зайтай байсан тул уулзах боломж ер гараагүй.

-Пёнчанд ажиллах үеэрээ Монгол Улсад хэрэгжүүлж болох шинэ зүйл олж харав уу?

-Тэр үед “Монгол Улсад хэзээ өвлийн олимп болох бол” гэж бодсон. Тухайн үед гаднын улсын сайн дурын ажилтнууд, тамирчид надаас “Танай улсад өвлийн олимп болж байсан уу” гэж асуухад нь “Зохион байгуулагдана” гэж хариулж байсан. Ойрын хугацаанд биш ч манай улсад өвлийн олимп зохиох боломжтой. Тэр үед зохион байгуулах багт орж ажиллах юмсан гэж бодсон. Дараа дараагийн өвлийн олимпод илүү олуулаа явж ажилламаар, туршлага хуримтлуулмаар санагдсан.

-Олимпийн үеэр баг болж ажилласан уу. Багийнхан тань Монголын талаар хэр сайн мэдэж байна вэ?

-Япон, Солонгос, Франц зэрэг олон орны хүүхэдтэй нэг баг болж ажилласан. “Морь унаж үзсэн үү”, “Гэрт амьдардаг уу”, “Та нарын хараа маш сайн уу” зэргээр асууж байсан. Монголоос сайн дурын ажилтан ирсэн гэхээр их сонирхсон, гайхсан шинжтэй хүлээж авсан.

-Сайн дурын ажилтнуудын холбоо байгуулсан гэсэн. Энэ талаараа ярих уу?

-Хоёр жилийн өмнө буюу 2016 онд өөртэйгөө ижил хүсэлтэй залуустай нэгдэн Сайн дурын ажилтнуудын холбоо байгуулсан. Холбоо одоогоор 20 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

-Сайн дурын ажил хийх нь залууст ямар ач тустай вэ?

-Олимпод ажиллахаар явахдаа өөрийн зардлаар явсан. “Өөрийн цаг зав, мөнгөө үрэн тийш явах хэрэг байна уу” гэж асуух хүн маш их байсан. Сайн дурын ажил хийснээр юугаар ч үнэлшгүй туршлага олж авсандаа баяртай байдаг. АСЕМ-аас хойш сайн дурын ажил хийх хүн Монголд нэмэгдсэн гэж үзэж байна. Сайн дурын ажил хийснээр хэлний мэдлэг дээшилдэг, мөн бусадтай харилцах харьцаа сайжирдаг. Гаднын оронд сайн дурын ажил үнэхээр сайн хөгжсөн. Сайн дурын ажилчдыг их сайхан хүлээж авдаг. Өвлийн олимпод 62 орны 12200 сайн дурынхан ажилласан. Зөвхөн өвлийн олимпод сайн дураараа ажиллахаар анкет бөглөж байгаа 90 мянган хүн байдаг гэсэн. Эндээс гаднынхан сайн дураараа ажиллах ямар их хүсэлтэй байдгийг харж болно.

-Гэрийнхэн тань сайн дурын ажил хийхийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхэндээ гэрийнхэн ойлгохгүй байсан. Дараа нь хийсэн зүйлээ бахархалтайгаар ярих бүрд баяртайгаар хүлээж авах болсон. Одоо манай гэрийнхэн намайг маш сайн дэмжиж байгаа. Сая олимпоос ирэхэд хадаг, сүүтэй тоссон. Сайн дурын ажил хийхэд гэр бүлийн дэмжлэг маш чухал.

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа зүйлээ сонирхуулахгүй юу?

-Нэг орон руу яваад дахин өөр зорилго өвөртлөн ирдэг. Одоо Токио-2020 өвлийн олимпод оролцохыг хүсэж байна.

-Сайн дурын ажил хийхийг хүсэж байгаа залуус хаана хандах боломжтой вэ?

-Сайн үйлсийн ажил хийдэг төрийн бус байгууллагууд Монголд маш олон бий. Хүсэх юм бол өөрсдийн төсөөлснөөс ч илүү олон боломж бий.

-Залууст юу гэж зөвлөх вэ?

-Нийгэмд залуусын оролцоо маш чухал. Оролцох хэлбэр нь өөр байж болно. Үүний нэг хэлбэр нь сайн дурын ажил. Залуусыгаа нийгэмд оролцоотой байж, сайн дурын ажилд идэвхтэй оролцоорой л гэж хэлмээр байна. Миний хувьд сайн дурын ажилд донтсон. Ийм ажил хийх болсноор хэлний чадвар сайжирсан. Сүүлийн хоёр жил өвлийн олимпод сайн дураар ажиллахаар солонгос хэлийг сайн давтсан. Үүний үр дүнд солонгос хэлтэй боллоо. Сайн дурын ажил хийх болсноор мэргэжилдээ дуртай болж байгаа.

-Хамгийн том мөрөөдөл тань юу вэ?

-Африкийн оронд сайн дурын ажил хийхээр явахыг мөрөөддөг. Тийшээ явахаар маш олон хүсэлт явуулаад амар ажил биш гэдгийг ойлгосон. Африкийн орон руу явахыг бусад хүн хүсээд байдаггүй. Тусламж хамгийн их хэрэгтэй тэр газар миний хийж чадах зүйл юу байна. Түүнийг хийхийг би хүсдэг. НҮБ-д сайн дурын ажилтан болох нь миний мөрөөдлийн нэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж