Сэлбэ голд цэвэрлэгээ хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Сэлбэ голд цэвэрлэгээ хэрэгтэй байна

Сэлбэ голд цэвэрлэгээ хэрэгтэй байна

Сэлбэ гол хогонд дарагджээ. Санхүү эдийн засгийн их сургуулийн баруун талаар туниа муутайхан урсах Сэлбэ голын ойр орчимд овоолсон шороо, хог дүүрэн харагдана. Түүгээр ч зогсохгүй гүүрэн доор нь тэнэмэл хүмүүс оромжоо засав уу гэлтэй голын эрэг дагаад оймс, гутал, навсархай хувцас хөглөрнө. 

Одоогоос долоон жилийн өмнө хоёр тэрбум төгрөг гаргаж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүрэгтэй хамтран “Сэлбэ голын урсацыг сайжруулж, орчныг тохижуулах” төслийг хэрэгжүүлж 2014 онд дууссан байдаг. Тохижилтын ажлын хүрээнд голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрэн, чулуун зам шат хийсэн ба хамгийн их хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажил нь голын усан доор хийгдсэн гэдэг. Ингэхдээ голын урсацыг өөрчилж доорх бохирдсон хөрсийг хуулан авч, шинээр хайрга дэвсэн, бетон цутган, ус нэвтэрдэггүй гялгар уутаар хучаад усыг эргүүлэн урсгасан байдаг. 

Нүд халтирам байсан Сэлбэ гол болон ойр орчмыг дээрх төслийн хүрээнд сэргээн зассанаар хүүхэд залуусын аялах дуртай газрын нэг болсон байв. Харамсалтай нь, бүтээж байгуулснаа арчилж, тордож чаддаггүй арчаагүй байдлаас Сэлбэ гол дахин хогонд даруулж, урсац нь улам татарч байна.

Уг нь энэ хэсэгт урсах голыг хотын төвд чийгшил өгч, агаар сэлбэх ач холбогдолтой гэж үздэг. Гэтэл одоогийн Сэлбэ голын нөхцөл байдал агаарт чийгшил өгөх нь битгий хэл амь тасарчихгүй урсвал их юм болж байна.

Хотын буруу төлөвлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалж, баруун Сэлбэ ширгэсэн. Харин зүүн Сэлбэ жил ирэх тутам урсгал нь татарч ширгэж байгаа нь гачлантай. Цагтаа энэ голын ус цалгиж байсан гэдэг. 1950-иад оны орчим нийслэлчүүд Арслантай гүүрэн дээрээс Сэлбэ голоос загас барьдаг байсан тухай яриа эдүгээ домог болж үлджээ. Уг нь Сэлбэ голоо арчлаад байвал сэргэхэд ойрхон л харагдана. Эхний ээлжинд хогноос нь салгачих юмсандаа.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж