Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах уу?

Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах уу?

Одоогоос хэдхэн сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарыг уулзана гэж хэн ч төсөөлөхгүй байв. Харин одоо энэ уулзалтыг дэлхий нийтээр ажиглан, хүлээж, Хойд Солонгосын дипломат харилцаа олон хүний таамаглаж байснаас ч уян хатан болсон нь зарим хүнийг гайхшируулж эхэлсэн.

Ким Жон Ун Трампын хэлснээр “Пуужинтай бацаан” байж болох ч зарим ажиглагчид түүнийг дипломат харилцааны тал дээр жу жицүгийн мастертай зүйрлэсэн юм.

Хоёр жилийн өмнө Бээжин, Вашингтоны эрх баригчид Ким Жон Уныг залгавал утсаа авахгүй байх байв. Хойд Солонгосын удирдагч хэнийг ч таамаглаагүй байхад өөрийн хуягласан галт тэргээр Бээжинд гэнэтийн айлчлал хийж, Хятадын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн. Бас ирэх сард дэлхийн  хүчирхэг гүрний ерөнхийлөгчтэй дээд хэмжээнд уулзахаар тохиролцоод буй.

Харин Хойд Солонгост олон жил ажилласан ажиглагчид л Пхеньяны удирдагчийн гэнэтийн айлчлалд огт гайхаагүй билээ.

Бээжин дэх Ким Жон Уны гэнэтийн айлчлал Трамптай уулзах итгэл төрүүлсэн үү?

1950 онд Хойд Солонгосыг хяналтдаа авсан Кимийн өвөг эцэг Ким Ил Сун Солонгосын хойгийг нэгтгэхийг хүсч байв. Ким Ил Сун аз туршихаас эмээн, Сталин, Мао нараас өөрийг нь дэмжихийг уриалсан.

Мао түүний саналаас татгалзсан. Тухайн үед Хятадад Коммунист нам ялаад хэдхэн сар болж байсан тул Мао шинэ намаа бэхжүүлж, хөл дээр нь босгохыг илүүд үзэж байв. Гэвч Ким Сталины дэмжлэгтэйгээр Маог ятгаж, түүнийг шинэ социалист ертөнцийн лидер гэж сэнхрүүлж чадсан тул Мао түүнд Өмнөдийн армийг буулгаж авахад нь  туслах цэрэг илгээсэн билээ. Солонгосын дайнд Хятадын цэргүүд туслаагүй бол Кимийн арми Өмнөдийн армийн цэргүүдэд ялагдах байжээ. Хэдийгээр Хойд Солонгост Коммунист дэглэм бэхжээгүй Ким туршлагагүй залуу байсан ч тэрбээр хөршөө өөртөө туслуулахаар ятгаж чадсан юм.

Энэ дүр зураг өнгөрсөн жилүүдэд ч давтагдсан билээ. Пхеньян Бээжингийн үгийг дагахаа больж, цөмийн зэвсгээр хөөцөлдөх болсон нь Хятадын эрх баригчдыг хилэгнүүлсэн.

2015 оны есдүгээр сард Хятадын арми Тянь Ань Миний талбайд цэргийн сүрт жагсаал зохион байгуулахад Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хүндэт зочноор уригдсан боловч Хойд Солонгосын удирдагч уригдаагүй билээ. Хятад АНУ-ын нэг адил Хойд Солонгосыг ганцаардуулах байр суурь баримталж ирсэн ч асуудал таригч хөршөө хяналтдаа оруулж чадаагүй.

АНУ-ын ерөнхийлөгч нар Хойд Солонгостой харилцаагаа аль болох муутгахгүйг хичээж ирсэн ч Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Вашингтон Пхеньяны харилцаа дээд цэгтээ хүрч хурцадсан юм. Гэтэл нөхцөл байдал гэнэт эргэж, Ким Жон Ун Трампт уулзалт явуулах санал тавьсан нь Бээжингийн эрх баригчдыг сандаргасан.

Кимд ямар ч төвөгтэй асуудал хэрэггүй. Хойд Солонгосын аюулгүй байдлыг хангах баталгаа өгч чадвал Пхеньян цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Ким цөмийн хөтөлбөрөөс шууд татгалзахгүй гэдэг нь тодорхой юм.

Цөмийн зэвсэг бол Хойд Солонгосын Коммунист дэглэмийн аюулгүй байдлын баталгаа билээ.

Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах уу?

Өмнөд Африк, Казахстан, Украин, Беларус зэрэг орнууд цөмийн зэвсгээс татгалзсан шалтгаан нь байгаль орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах зорилготой байв.

Харин Хойд Солонгосын хувьд энэ бол огт өөр асуудал юм. Пхеньян АНУ-ын түрэмгийллийг сөрөн зогсохын тулд цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөд Солонгос, Японд АНУ цэргийн бааз байгуулж, Солонгосын хойгийн орчим цэргийн хамтарсан хээрийн сургуулилт явуулж, цэрэг армийн сүр хүчээ гайхуулсан нь Хойд Солонгосыг өөрийн улсын бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах цөмийн зэвсэгтэй болоход хүргэсэн. Хэдийгээр Пхеньян аюулгүй байдлыг нь хангасан тохиолдолд цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэж мэдэгдсэн боловч Хойд Солонгос цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж