Зүрхтэй хүн бүр ойлгоно | News.MN

Зүрхтэй хүн бүр ойлгоно

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Зүрхтэй хүн бүр ойлгоно

Зүрхтэй хүн бүр ойлгоно

Кино дуусчихлаа. Уран бүтээлчдийн нэрс гараад дууслаа, хамтран ажилласанд баярлалаа дууслаа “ТӨГСӨВ” ч өнгөрлөө. Бүх юм дуусав. Хэн ч боссонгүй.

Тэд ямар нэг зүйл хүлээсээр. Би ч бас ямар нэг зүйл хүлээгээд л суугаад байлаа. Уг нь бараг кино дуусч амжаагүй байхад босоод хөл, гар дээгүүр гишгэлээд байдаг үзэгчдийг хэн ингэж суулгаж чадав. Энэ бол Point болон Logic film production-уудын хамтын бүтээл “Сэтгэлийн Анир” кино. Бодсон, таамагласан болгоноос зөрөөд байдаг кино…
Та кино үзэх болгондоо “ээдээ ингэж байгаа бол яг одоо ингэнэ дээ” гэж таамаг дэвшүүлж амжаагүй шахам байхад чинь тэр үзэгдэл болж таныг баярлуулсан тохиолдол элбэг байх. Хэрэв түүнээсээ таашаал авдаг бол энэ кино танд тийм боломж олгохгүй. Учир нь та энэ киноны зохиол, найруулагчийн ажил хоёрыг таамаглаж чадахгүй байх. Тэд өөрөөр бүтээж.

Одоо л инээх болов уу гэхэд инээхгүй, нөгөө хэн байгаа даа гэхэд байхгүй, одоо ч өнгөрсөн байхаа гэхэд өнгөрдөггүй, айхтар юм болно доо гэхэд тоохгүй. Яаж ингэж үзэгчдийн сэтгэл хөдлөлийг нэг хэмд нь барьж чадаад байваа.

Өнгөт кино л доо. Яагаад ч юм үзээд дууссаны дараа хар цагаан байсан шиг санагдана. Тэд өнгөөр бус агуулгаар тоглосон.
Нэг үгээр бол энэ кино “зэвүүн” кино болж. Зохиол нь амьдрал дунд тоос манаруулаад давхиад байна. Таны эргэн тойронд байдаг зүйлсийг уран сайхнаар тэгэхдээ сэтгэлийн чинь гүнрүү ортол дүрсэлчихэж.
Найруулагч хэтэрхий их хэлбэрдэлт, амьдралаас хол чамирхалаас зугтаж, тэгэхдээ хамгийн лаг нь тэр өөрийнхөө хэлэх гэсэн санаагаа зовлонгүй ойлгуулж чадаж.

Магтаалын эхэнд хөгжмийн зохиолч, найруулагчид ТОМ баяр хүргэе! Уурын зуухны чимээ, шүгэлддэг данхны исгэрээн, дусаал бол ихэнхдээ туслах чимээ л байдаг. Харин энэ кинон дээр удиртгал хөгжим, туслах дүр шиг орж ирсэн байх юм.

Үндсэн хөгжим гэж ганц муу төгөлдөр хуур л дон дон гээд байх. Тэр тэгэхдээ бас л “зэвүүн” нөхөр. Зүрхэн дээгүүр дон дон гээд алхална. Заримдаа сүмийн аргонтой хавсарч ирээд сэтгэл хөрөөдөөд байгаам.
Баярцэцэгийг сүүлийн үед киноноос сонсоогүй. Энэ кинон дээр гэв гэнэт тов тод ороод ирж байгаа нь цочмоор бас яах аргагүй үг бүрийг нь барьж нягталж сонсмоор санагдахуйц чухал үед орж ирэх юм.
Аан бас нэг гайхалтай нь тэр нэг хэдэн ардын болон нийтийн дуу, ганц “хөөрхөн хүүхэн” киноны дуу. Тэд яг байх ёстой газраа байж, хэлэх ёстой юмаа яг таг гүйцэтгэсэн.

Сүүлийн үед кинонуудад бараг харагдахаа больсон муу гол дүрээс дээр хэд хэдэн туслах дүр энэ киноны шигтгээ болж. Гэмгүй ч юм шиг гэмтэй ч юм шиг сувилагч, хэнхэг ч юм шиг хээгүй ч юм шиг дарга, хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг хөрш, хэнд ч анзаарагдамгүйгээр аз жаргалаа тээж яваа галч. Туслах дүрүүдийн туслахууд болох хэг ёг хийсэн жолооч, хэнд ч гомдоллохгүйгээр дуу сонсоод уйлж суух аниа ч ТОМ дүр болж.

Зургийн дарга, найруулагч, зураглаач гурав зураачтайгаа маш сайн хамтарчээ. Уг нь нээх олон элдэв объектгүй, энгийн хэдэн өрөө л дөө. Хэн бүрийн хараагүй бөглүү суурин. Яг өөд өөдөөсөө харсан цонхтой уурын зуух, 15-р өрөөг яаж олсын гэж гайхмаар. Өрөөнд байгаа элдэв ‘эртний’ гэмээр зүйлс, тоосонд дарагдсан пянз тоглуулагч. Түм түжигнээгүй ч сумын төвийн тал нь шамбааралдсан зах, интернэтгүй бага насыг минь санагдуулах хүүхдүүдийн зугаа бас гол, эр хүний орон гэр болсон уурын зуухны амьдралын хэсэг гоё. Тэд бүр гаднаас орж ирсэн хүний гарт байгаа шил цантай байхыг ч мартаагүй байсан шүү.
Хамгийн зэвүүн нь тэр өрөөний хэзээ ч хөшиг нь хаагддаггүй бас бүтэн цантдаггүй цонх, хааяа шоронгийн тор мэт үүрэг гүйцэтгэдэг төмөр ор. Бараг гол дүр шиг мундаг өгүүлэмжтэй.

Зураач болон стилистийн ажлыг магтахад бөглүү тосгонд гэрэл нэмж ирсэн бүсгүйн донж, бүүдгэр гэрт хүчээр асаасан лаанууд гоё зохицолтой байлаа.
Зураглаач, гэрэлтүүлгийн багийнханд. Харьцангуй давчуу зайд авсан хэд хэдэн тун гоё планууд, шилжилт, дагалтууд бас тольтой ажилласан байдал ч тун гоё байсан.
Гол дүрийн жүжигчдэд хэлэх юм байнаа байна. Та хоёр мундаг байлаа. Үзэн ядалт, хайр, харуусал гээд тэвчээр алдам маш олон сэтгэл хөдлөлүүдийг бидний ганц биенд энэ хэдхэн минутад буй болгож чадсанд тань гялайлаа.

Хэлэх үгс: Нэгэнт ойлгоцон байгаа юмыг ийм л юм болсым шүү дээ… чи ойлгож байна уу? гээд дахин яриад байгаа хүн үнэхээр тойвтой байдаг шиг. Нэгэнт ойлгогдцон байгаа асуудал дээр тэр нэг эротик хэсгүүдийг бодол болгон оруулах шаал дэмий байсан. Дараа нь олон нийтийн хүртээл болох үед хүүхдийнхээ нүдийг хааш нуух. Сумын дискотой хэсгийг би л байсан бол хар цагаанаар харуулах байсан. Яг л хар цагаан кинон дээр ганц өнгөт хүн явж байгаа мэт “гэрэлтэж” харагдаж байсан гол дүр тэнд Slow motion-д бусдаас ялгарахгүй болохоос гадна кино хар цагаан байлуу гэсэн бодлыг арилгаад хаях шиг санагдсан. Өөр яаж ч харуулж болох байсан асуудлыг хаа хамаагүй мөс цөмрүүлж, ямар ч хэрэггүй тэмцэл болгож, хажууд нь юу ч хийдэггүй хоёр хүүхэд зогсоох хэрэг байв уу? Тэрүүгээр юу ч хэлсэнгүй шиг санагдсан.
Дууны хувьд нэг өрөөнд хоёр тийш харсан план дээр өөр түвшний чимээ ганц нэг байсныг засахад амархан байх. Бас ганц нэг титрийн алдаа ч байлээ шүү. Анзаараарай

Уурын зуухнаас гардаггүй шахам галч одоо цагт ховордсон Белмор хаанаас олчихов, учиргүй олон хүүхэд бужигнаж байсан мөс гэнэт яагаад цооноглож цөмрөв, удаж удаж ирсэн байхад хоол яагаад хав халуун байв, унатал нь шахам алгадчихсан байхад яагаад хөхрөөчгүй юм бол… гээд асуувал бас юм байлээ байлээ.

Төгсгөлийн хэсгийн зураг авалтын объект ч гоё, зөрчил ч гоё. Тэгэхдээ хосууд хүн чулуу шиг хөдөлгөөнгүй байхын оронд хүндлээд байгаа нөхдөд зориулаад хэн ч харсан хэлбэрдэж байгаа нь анзаарагдахуйц ‘ёслож’ амьтны эгдүүг хөдөлгөх байв. Тэгээгүй нь тэгснээсээ дор санагдсан.

Хаашдаа л кино дуусаад бүгд ямар нэг юм хүлээнэ шүү дээ.

Эцэст нь хэлэхэд: Найруулагч, продюссерүүд нь “Бидний кино хүмүүст тэр бүр ойлгогдохгүй байж мэднэ. Бид бүтээлээ арилжих гэж хийгээгүй” маягийн юм хэлсэн байна лээ. Бас хэд хэдэн олны танил нөхөд үзчихээд бараг “Би бол ойлгоод байна. Бусад урлаг мэдэхгүй хүмүүс яахын бол” болтой юм хэлж ТОМОРЦГООСОН байлээ.

Үгүй л дээ. Энэ киног бүгд үз, зүрхтэй хүн бүр ойлгоно. Таны нүд чинь баясаж, зүрх чинь догдолж, тархи чинь сэргэнэ.

Киноны “Хорвоогийн хамгийн урт шөнө, чамгүй өнгөрүүлсэн шөнө” гэсэн үгэнд ч бүү баригд.

Энэ кино шөнийн тухай биш, чи бидний тухай биш, хорвоогийн тухай ч биш бас хамгийн ч юм байхгүй. Зүгээр л урлагийн бүтээл болж. Урлагийг хүн болгон өөрийнхөөрөө ойлгох эрх чөлөөг нь үлдээ эрхмүүдээ.

Киногоо үзчихээд, дууссаных нь дараа яагаад тэгж удаан суугаад байгаагаа ойлгоорой.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-19 112.72.14.212

Энэ киноныхан өөрсдөө л бахан магтсан комент бичив шүү дээ. Хөөрхий.

Avatar

unka 2018-04-19 66.181.180.215

гоё гоё… яг л ийм киног л хүлээж байлаа… манайханд Азийн зах зээлд гарчих потенциал боловсон хүчин авьяас школ түүх сэдэв… бүгд л байгаа. Гол нь сэдвээ л гоё олчихвол алаад хаях байхаа. Азиуд чинь нэг тийм эмгэнэл филисофлог юманд дуртай хүмүүс шүү дээ. Залуустаа амжилт хүсье. шууд л маргааш үзнэ ээ ккк

Avatar

goe shu 2018-04-19 202.131.230.251

herev ta ger bultei bol, hairtai huntei bol, olon yum boduulhaar zorchiltei bas ih setgeliin gunruu oruulah message tei kino bolson bain le.

Avatar

Зочин 2018-04-19 202.70.44.10

Монголын кино урлаг хөгжиж бна. Шүүмжлэхийн оронд үзэж дэмжиж байж шүлсээ үсчүүлцгээ. Энэ Анжигайгийн бичсэн шүүмж байх. Сүүлийн үед сайн бичиж бгаа харагдсан. Нэр ч үгүй л явж байх юм даа

Avatar

Uugii 2018-04-19 182.160.1.232

Ene duuchinn ohin uneheer goe duuldag shuu. Suuliin ued eruusuu haragdahgui baih shig. Olon saihan duu duulaarai

Avatar

зочин 2018-04-19 202.131.225.197

Амьд амьтан хүнийг оруулаад бүгд зүрхтэй байж л амьд байдаг. Гарчигаа хүртэл зөв тавих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-19 203.91.112.146

suuliin kheden jil mungu khuusun jujigchintsruud nairuulagch bolj khog sag shig kinontsruudiig uildverlekh shig bolj bainaaa khun uzekhgui bolokhoor ene mayagaar surtalchilj baigaa yum baikhdaa kkk

Avatar

Zochin 2018-04-19 27.123.214.110

Sonin setgel honduurlesen kino bnale, neg tiim alsad odmoor

Avatar

Zochin 2018-04-19 27.123.214.110

Sonin setgel honduurlesen kino bnale, neg tiim alsad odmoor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж