“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ
ГАО Э
Зуун арван зургадугаар бүлэг
ЭРДЭНИЙН ХАШИЙГ ОЛООД САНСРЫН ОРНООР ТОЙРЧ, АРИУН ЧАНДРЫГ ХҮРГЭЖ АЧЛАЛЫН ЁСЫГ ГҮЙЦЭТГЭВ
Өгүүлэх нь: Бао Юй, Шө Юэгийн хэлснийг сонсоод, шил нь татаж гэдрэг унасанд Ван Фүрэнь нар сандарч дэмий л уйлан дуудацгаана. Шө Юэ өөрийн ам алдаж, аюул дэгдээж байгаагаа мэдэх боловч цаадуулд нь түүнийг зэмлэх чөлөө гарахгүй байв. Шө Юэ уйлсаар дотроо: “Бао Юйг үхвэл би бас аминдаа хор хийгээд даган явна” гэж бодож суув. Эх нь хичнээн дуудавч сэрэхгүй болохоор хүн явуулж, хуушааныг залж ирүүлэх гэсэн боловч Жя Жянг дотор ирээд гарч ирэх хооронд тэрбээр алга болжээ. Жя Жөн мэлрэн гайхаж байтал дотор үймэлдэх сонсдоод очиж үзвэл, Бао Юй бас араа шүдээ зуурч амьсгал судас нь цөм зогсчээ. Аюулхай дээр нь дарж үзвэл, бүлээвтэр байсанд Жя Жөн эмч залъя гэв.
Энэ хэр Бао Юйгийн сүнс хэдийн биеэс ангижирчээ. Үнэхээр үхэж үү гэвэл Бао Юй ээдий бүүдий явсаар өмнө танхимд очвол хаш авчирсан хуушаан сууж байсанд яаран ёслов. Хуушаан босоод Бао Юйг хөтлөн явж түүний бие навч мэт хөнгөн болж хөвхөлзөн дэгдсээр үүдээр гарсангүй. Хаагуур яваагаа ч мэдсэнгүй. Нэг мэдэх нь ээ хөдөө хээр нэг цамхаг харагдав. Ажвал өмнө нь үзсэн мэт тул хуушаанаас асуухыг завдтал тэндээс бас нэг охин айсуй мэт санагдав. Бао Юй дотроо, ийм ээрэм талд тийм сайхан хүн байхуу. Хувилгаан дагина буугаад ирсэн юм биш байгаа! гэж бодоод урагш явж лавлан харвал, танимаар юм шиг мөртөө нэрлэж чадсангүй. Тэр охин, хуушааныг хармагц алга болчихов. Бао Юйд, Ёу Саньже л байх шиг санагдсан тул гайхаж: “Тэр яагаад энд ирсэн хэрэг вэ” гэж бодоод асууя гэтэл хуушаан, түүнийг хөтлөөд цамхгийг өнгөрөв. Харвал, цамхаг дээр “Түүнчлэн ирсэн буянт орон” гэсэн дөрвөн том үсэг, хажууд нь:
Үнэн ирж худал эгээд, худлыг үнэн давна,
Үгүй нь бий бөгөөд, бий нь үгүй биш гэжээ… гэсэн хоёр мөр харагдана. Цаана нь нэг ордны хаалга байв. Хаалган дээр хөндлөнгөөр “Өглөг буян урин нүгэл” гэх том үсгүүд харагдана. Бас хос мөр байна.
Өнгөрсөн ба ирээдүйг мэргэн билигтэн боловч ухаарч чадахгүй
Урьдын барилдлагыг элгэн садан боловч мартаж чадахгүй… гэжээ.
Түүнийг уншуут Бао Юй: “За тийм байдаг байж. Би одоо өнгөрсөн ба ирээдүйн учир шалтгааныг асууя” гэж бодтол тэнд Юань Ян зогсоод түүнийг даллаж байв. Бао Юй дотроо, би ингэж удаан яваад, хүрээлэнгээсээ гараагүй хэрэг үү. Яагаад ийм их өөр болчихож вэ гэж бодоод түүнтэй уулзахаар хүрч очвол, нүд ирмэх зуур алга болчихов. Сэжиглэв. Түүний зогсож байсан газар хүрээд орвол, орд, харшууд үргэлжилж, илэрхийлэл бичээс энд тэндгүй харагдав. Түүнийг үзэх зав Бао Юйд байсангүй. Харин Юань Янгийн зогсож байсан газрын тэнд нэг үүд хагас нээлттэй харагдана. Шууд орохоо зүрхшээд Бао Юй эргэж, хуушаанаас асууя гэтэл тэр алга болжээ. Тэр орд харшийг харахад Да Гуань Юаньтай дүйцэх юмгүй тул дээш дээш ахиулан харвал нэг илэрхийлэлд “Урин шуналыг удирдан сэнхрүүлнэ” гэж бичээд, хажуугийн нь хоёр мөрийг харвал:
Баярлан инээж, гашуудан эмгэнэх нь цөм хуурмаг буюу
Бахдан хүсэж, мөрөөдөн санах нь цөм мунхаг болой… гэжээ. Түүнийг уншаад Бао Юй шүүрс алдан толгой дохиж, дотогш ороод Юань Янгаас ямар газар болохыг асууя гэж бодоод ажиглаж байтал танил ч юм шиг санагдахаар нь хаалгыг хүлхэн орвол, Юань Ян алга. Хав харанхуй тул айдас хүрэв. Тэгээд гаръя гэтэл арав гаруй том хоргоны хаалга нээлттэй харагдав. Бодож байвал багадаа зүүдэндээ ийм газар очсон санагдав. Тэгээд энд дахиж ирсэн нь ямар их завшаан бэ гэж бодов. Юань Янг эрэхээ болиод нэг хоргоны хаалгыг нээж үзэв. Дотор нь баахан ном дэвтэр. Их баярлаж, хүний зүүдийг их төлөв худал гэдэг атал тэр зүүд ийм л байсан даа. Уг нь би энэ зүүдийг дахин зүүдэлье гэж бодсон ч чадаагүй. Харин өнөөдөр санаандгүй чадлаа. Гэхдээ, миний түрүүнд үзсэн тэр дэвтрүүд мөн үү? гэж бодоод нэгийг авч үзвэл, дээр нь “Жинь Лингийн арван хоёр сүйхтэний гол дэвтэр” гэж бичжээ. Бао Юй дэвтрийг барьж үзээд, миний нэрийг цээжилсэн тэр дэвтэр мөн байна гэж бодоод, эхний нүүрийг сөхөв. Дээр нь зураг байсан нь балраад танигдахаа байжээ. Хэдэн мөр үсэг байвч тодорхойгүй. Сайн ажвал мэдэж болох юм гээд нарийвчлан хянаж үзэв. Харж байвал, хашны бүс гэх үгэн дээр шугуй гэх үг харагдах мэт тул дотроо, “Энэ чинь Линь дүүгийн нэр бишүү” гэж бодоод дахин ажив. Тэгтэл “Алтан хатгуур цаасан дотор” гэсэн дөрвөн үг байхыг үзээд бүр гайхчихлаа. Энэ бас түүний нэртэй яасан адил юм бэ гэж бодоод хойно өмнөх үгүүдийг нь нийлүүлэн уншиж үзээд, үүнд гүн нарийн утга алгаа. Тэр хоёрын нэрийг нуусан төдий бизээ. Энэ төдий л сонин биш. Онцолж тэр “Хөөрхий”, “Гунигтай” гэсэн хоёр үг бүтээгүй. Энэ ямар учиртай вэ? гэж бодоод санаа алдаж, “Би хулгайгаар үзэж байгаа болохоор ингэж дэмий нарийвчилж үзэж байж хүнд баригдвал бүр бүтэлгүйтнэ” гээд цааш нь ахиулан, эхнээс нь адаг хүртэл нь харав. Тэгтэл сүүлд нь, “Барс туулай тохиолдох жилд их зүүд дуусна” гэх мөр байхыг хараад тийм байхаа, тэнгэрийн нууцыг үнэхээр зөрчишгүй. Энэ лав Юань Чүнь эгч буюу. Хэрэв цөм ийм тодорхой болбол би хуулж аваачаад нарийвчлан шинжвэл, эгч дүү нарын насны хэмжээ ба сайн мууг цөм мэдэж чадна. Би хариад задруулахгүй бол төлгө бэлгэ үзэх хэрэггүй болж бүр амар болно гэж бодоод ийш тийш харвал бийр бэх харагдсангүй. Бас хүн ирэхээс айх тул аргагүй яарав. Тэнд нэг зураг дээр нэг хүн цаасан шувуу нисгэж байхыг үзээд гайхсангүй. Харин тэр арван хоёр мөр шүлэг дууллыг үзвэл, тэр дотор мэдэх мөр ч байв. Бодоход зарим нь санаанд орно. Тэдгээрийг дотроо сайн тогтоож шүүрс алдсаар “Жинь Лингийн дэд дэвтрийг” авч үзсэнд “Бахдалтайяа Шийний дуучны хувь ивгээл байж, бага гүнж барилдлагагүйг хэн санана вэ” гэснийг хараад ойлгохгүй байсан боловч дээрх цэцэг ба чигийрсэний сүүдрийг хараад ихэд цочиж уйлав. Цааш үзэх гэтэл нэг хүн, “Чи дэмий мунхаглах чинь юү вэ. Линь дүү чамайг урьж байна” гэх нь Юань Янгийн дуу мэт сонсогдсон тул эргэж харвал юу ч алга. Дотроо гайхан сэжиглэж байтал Юань Ян үүдний тэндээс даллав. Бао Юй ихэд баярлан яаран гарч ирвэл, Юань Янгийн тойргонон гүйх нь харагдавч хөөгөөд гүйцсэнгүй. Түүний араас “Эгч минь, намайг хүлээ” гэж хичнээн дуудахыг нь тоолгүй яваад өгөв. Араас нь хамаг чадлаараа гүйсээр ойртон очтол гэнэт өөр орон болж, асар тагт сүндэрлэн орд харш мяралзан гялбалзаад олон охин дотор нь холхилдож харагдав. Бао Юй тэр сайхан өнгө үзэмжийг сонирхон харсаар өнөө Юань Янг мартжээ. Явсаар нэг ордны хаалгаар орж үзвэл, нэр үл мэдэх гайхалтай сонин цэцэг, өвс дүүрч, тэнд нэг цагаан чулуун дээр улаан навчтай нэг бут ногоон өвс ургасан харагдана. Ямар гээч өвс болоод ийм их эрхэмлэгдэв гэж бодоод өнөөх өвсний намаа салхинд найган хийсэхийг харж зогсов. Хэдийгээр цэцэггүй жаахан өвс боловч түүний ялгуун сайхан байдалд хүний урам сэргэвч ухаан нь балартана. Бао Юй түүнийг мэлрэн харж зогстол хажууд нь нэг хүн: “Хаанаас ирсэн мунхаг амьтан энд хувилгаан өвсийг хулгайгаар үзэж байна вэ” гэсэнд хэрдхийн цочиж эргэн харвал нэг хувилгаан дагина байв. Түүнд ёслоод: “Би Юань Ян эгчийг эрсээр яваад төөрч, хувилгаан оронд иржээ. Эргүү миний эл ялыг өршөөнө үү. Энэ ямар гэгч газар вэ. Яагаад Линь дүү намайг дуудна гэж Юань Ян эгч хэлсэн бэ. Дагина эгч над тодорхой хэлж өгөхийг хүснэ” гэсэнд цаадах нь: “Хэн чиний эгч дүү нарыг мэднэ вэ. Би бол хувилгаан өвсийг хардаг хүн. Эгэл хар тэргүүтнийг энд байлгадаггүй” гэв. Бао Юй буцах гэснээ “Дагина эгчээ, та энэ хувилгаан өвсийг харагч хүн болохоор лав цэцэглэг дагина эгч мөн байхаа. Энэ өвс ямар тустай юм бэ? Хэлж өгөөч” гэж гуйсанддагина “Чи энэ өвсийг мэдье гэвэл, би олон юм ярихад хүрнэ. Энэ өвс угтаа, билгийн голын хөвөөнд ургаж байсан ‘Улаан сувдлаг өвс’ юм. Тэр үед гандан хатаж байхад нь цог гэрэлт гэгч зарц өдөр бүр рашааны хураар ундлан тэжээсээр сэргээсэн юм. Сүүлд нь ертөнцөд бууж рашаан ундаалсны ачийг хариулаад, одоо амарлингуйн оронд иржээ. Тийнхүү зэргэлгээн цэцэн дагина, эрвээхэй зөгийд хавьтуулж болохгүй гэж надаар сахиулсан юм” гэв. Бао Юй яриаг нь ойлгоогүй боловч энэ лав цэцэглэг дагина мөн байх. Гэхдээ буруу юм хийж болохгүй гэж шийдээд: “Энэ өвсийг дагина эгч та хардаг. Өөр бас өдий чинээн олон гайхамшиг цэцгийг бас тусгай хүн хардаг уу. Би ганцхан л цэцэг хардаг хүнийг асууя. Цацагт цэцгийг хэн гэж дагина хардаг вэ” гэж асуусанд өнөөх дагина: “Би мэдэхгүй. Миний эзнээс асуу. Тэр мэднэ” гэсэнд Бао Юй: “Таны эгч хэн бэ” гэсэнд дагина “Миний эзэн бол бол хулст бүрдийн хатан юмаа” гэв. Бао Юй сонсоод: “Мөн, мөн. Та мэдэхгүй байх. Энэ хатан бол миний зээ охин Линь Дай Юй юм” гэсэнд дагина “Дэмий чалчаад байна. Энэ бол дээд тивийн дагинын орон болой. Хэдий хулст бүрдийн хатан гэгч Ө Хуан Нюй Ингийн аймаг бус тул яахин эгэл хүнтэй ураглаж болно. Чи битгий дэмий чалч. Хүчит элчийг дуудаж чамайг зодож гаргасугай” гэв. Бао Юй сонсоод биеэ бузар булай хэмээн голж, гарахыг завдтал араас нь нэг хүн ирж “Дотор цог гэрэлт зарцыг залж байна” гэв. Тэр хүн “Би зарлигийг дагаж энд удтал хүлээсэн боловч цог гэрэлт зарцын ирэх нь ер үзэгдсэнгүй. Би хаанаас олж ирэх вэ” гэхэд цаадах нь инээж: “Саяын гарсан тэр хүн бишүү” гэв. Зарц охин сандран хойноос нь яваад “Цог гэрэлт зарц эргэж иртүгэй” гэв. Бао Юй өөр хүнийг дуудаж байна гэж бодоод, хүн хойноос нэхэн ирэхээс айж тэнтэр мунтар зугтаав. Түүнийг ийнхүү зугтаж атал нэг хүн, эрдмийн сэлэм атган хүрч ирээд: “Хаана очно вэ” гэсэнд бүр их айж, зориглоод харвал, харин Ёу Сан Же мөн байсанд жаахан тайвшраад “Эгч минь намайгаа яагаад айлгав даа” гэтэл цаад хүн “Ах дүү та нарын дотор сайн хүн нэг ч байхгүй. Хүний нэр нүүрийг барж ураг удмыг эвдэнэ. Одоо чи энд ирсэн тул чамайг зүгээр тавихгүй” гэв. Бао Юй энэ муухай үгийг сонсоод сандарч байтал бас л нэг хүн ард нь: “Түүнийг битгий явуул. Бариад ав” гэж бархирав. Ёу Саньже: “Хатны зарлигаар энд би удаан хүлээв. Энэ өдөр эрхбиш, чиний ертөнцийн тоосыг тас цавчсугай” гэсэнд Бао Юй сонсоод ихэд сандарч эдгээр үгний чухам санааг ойлгохгүй тул ухасхийн гүйхийг завдав. Гэтэл тэр үгийг хэлсэн хүн нь Чин Вэнь байсанд баяр, зовлон давхцаж “Би ганцаар явсаар төөрч өстөнтэй учраад эргэн дутаахад та нар намайг ер дагасангүй. Чин Вэнь эгч, намайг хурдан гэрт хүргээд өг” гэв. Чин Вэнь “Зарц чи дэмий сэжиглэх хэрэггүй. Би Чин Вэнь биш. Хатны зарлигаар чамайг залахаар ирснээс биш, чамайг зовоохгүй” гэв. Бао Юй нэгэнт сэжиг төрсөн тул “Эгч чи, хатан намайг заллаа гэнэ. Тэр хатан гэгч чухам хэн юм бэ” гэсэнд Чин Вэнь “Одоо асуух хэрэггүй. Тэнд очвол аяндаа мэднэ” гэв. Бао Юй дагаад явав. Түүнийг араас нь алхаж гишгэхийг нь шинжвэл яг Чин Вэнь мөн тул “Зүс байдал, үг дуу нь таарч байтал яагаад биш гэж байгаа юм бол. Одоо миний дотор баахан ээдий бүүдий байх тул тэнд нь очиж хатантай нь уулзаад мэдье. Бүсгүй хүний өр зөөлөн тул миний алдаа эндлийг лав уучилна биз” хэмээн бодож явсаар төдөлгүй нэг газар очвол орд харш гялалзан, хашаа хүрээнд хулс ногоорч үүдний нь гадаа нарс хөхөртөнө. Саравчны дор зогссон хэдэн зарц охид цөм ордны заслаар чимэглэжээ. Тэд Бао Юйн орж ирэхийг хараад: “Энэ өнөөх цог гэрэлт зарц юм уу” гэж биенээсээ сэмхэн асууна. Бао Юйг дагуулж ирсэн охин “Мөн болой. Чи хурдан ороод мэдүүл” гэв. Нэг зарц охин далласанд Бао Юй дагаж оров. Хэдэн угсраа өрөөг өнгөрвөл нэг том өрөөний сувдан орхиулыг дээр өлгөжээ. Зарц охин наанаа зогсож зарлиг хүлээгтүн” гэсэнд үг дуугүй зогтусав. Дотогш орсон зарц төдөлгүй гарч ирээд: “Ортугай” гэв. Нэг хүн орхиулыг дээш сөхөв. Ороод харвал нэг охин толгойдоо цацагт титэм, биедээ хатгамалт хувцас өмсөж ихэмсэг сууж байна. Бао Юй, Дай Юйгийн дүр байдлыг хараад тэсэлгүй: “Охин дүү минь, энд байсан юм уу. Би үнэхээр их санажээ” гэсэнд, орхиулын цаанах зарц охин: “Энэ зарц үнэхээр ёс мэдэхгүй. Үүнийг хурдан гарга” гэж хэлтэл нэг охин орхиулыг буулгав. Бао Юй хаашаа ч үгүй болон сандарч байтал түүнийг хөөн гаргав. Чин Вэнийгээс асууя гээд тал тал тийшээ ажиглавал, тэр ч үзэгдсэнгүй. Сэжиг төрөөд дуртай дургүй гарч ирвэл дагуулах хүн ч алга болжээ. Хаагуур явахаа мэдэхгүй арга барагдан байтал Фөн Же гэрийнхээ саравчин доор зогсоод даллаж байлаа. Бао Юй ихэд баярлан: “Юун сайн юм. Гэртээ ирлээ би. Яагаад ингэж ийнхүү эргүүтэх нь энэ вэ” гэж бодоод урагш хурдлахдаа: “эгч энд байна уу. Би тэдэнд мэхлэгдэн төөрөөд явж байна. Линь дүү ч надтай уулзахгүй болжээ. Ямар учиртайг мэдэхгүй” гэсээр Фөн Жегийн дэргэд очоод харвал, тэр биш харин Жя Руний түрүүчийн эхнэр Чинь авхай байв. Бао Юй зогсоод: “Фөн эгч хаачив” гэсэнд цаадах нь дуугаралгүй, буцаад орчихов. Бао Юй хойноос нь орж чадалгүй мэлрэн зогсож шүүрс алдан: “Би ямар буруутай болоод хамаг амьтан ойртохоо больчихов” гээд уйлсанд, хэдэн шар алчууртан ташуур далайн гарч ирээд: “Хаашаа эр вэ, манай энэ тэнгэрийн оронд яаж аймшиггүй хүрч ирэв. Хурдан зайлагтун” гэж зандарсанд тэрбээр айгаад дуугарч чадсангүй. Гарах зам эрж явтал баахан охин инээж хөхрөлдөн айсуй яваа харагдав. Тэдний дунд Ин Чүнь байх шиг санагдсан тул баярлаад: “Би төөрөөд энд байна. Та нар түргэн ирээд намайг гаргаад өгөөч” гэж бархирсанд араас нь нэг хүн нэхэж ирэв. Бао Юй түүнээс айгаад урагш гүйтэл, өнөөх олон охин цөмөөр чөтгөр болж хувираад, түүний араас явцгаав. Бао Юй улам сандарч явтал, хаш авчирч өгсөн өнөө хуушаан толь барьчихсан гялалзуулсаар: “Би эх дагинын зарлигаар чамд туслахаар ирлээ гэсэнд, өнөөх чөтгөр шулмас агшин зуур үзэгдэхгүй болов. Ээрэм тал ч хэвээр үзэгдэнэ. Бао Юй, хуушаанаас барьж: “Чи л намайг дагуулан энд авчирсан шиг байна. Хаана гэгч очсон юм бэ. Би тэр олон садантайгаа учирсан боловч нэг нь ч тоохоо больжээ. Харин сүүлдээ цөм чөтгөр болчихов. Энэ чинь үнэн юм уу, зүүд юм уу. Өвгөн багш та тодорхойлон айлдаж хайрла” гэсэнд хуушаан: “Чи тэнд очоод ямар юм хулгайгаар харав” гэж асуув. Бао Юй бодоод дотроо, “Энэ хүн намайг тэнгэрийн орноор дагуулж аваачсан тул хувилгаан болой. Яаж нууж болох вэ. Асууж мэдье” гэж бодоод би харин олон дэвтэр үзсэн шүү гэв. Хуушаан: ‘Тийм байхаа. Чи тэдгээр дэвтрийг үзээд юм мэдсэнгүй юү. Хүний орчлонгийн хувь ерөөл гэгч цөм нүглийн хөрөнгө болой. Өнгөрүүлсэн явдлаа нарийн сайн тогтоож байвал хожим би чамд тодорхой хэлж өгсүгэй” гээд Бао Юйг “Харигтун” гээд хамаг хүчээрээ түлхсэнд толгойгоороо тонгорцоглон унаад: “Элэг минь” гэж дуу алдав.
Уйлж бархирч байсан хүн, түүнийг сэргэмэгц нэрээр нь дуудав. Бао Юй нүдээ нээн харвал ханзан дээр хэвтэж байв. Олны дотроос Ван Фүрэнь, Бао Чай хоёр нүдээ хавдтал уйлсан үзэгдэнэ Бао Юй орчныг ажиглаж хараад: “Би ер нь үхээд босжээ дээ” гэж бодоод, сүнсний явдлыг нарийвчлан бодвол тов тодорхой ажээ. Түүнийг бодоод хадганан хөхрөв. Ван Фүрэнь хууч нь хөдөлсөн байх гэж бодоод эмч залж үзүүлэв. Зарц охидыг явуулан Жя Жөнд “Бао Юй сэргэлээ. Анхандаа цус харвасан байжээ. Одоо үг хэлж байна. Хойтын явдалд бэлтгэх хэрэггүй” гэж хэлүүлэв. Эцэг нь сандран гүйж ирж үзвэл хүү нь үнэхээр сэргэсэн байв. Тэгээд “Буянгүй тэнэг үр чи, биднийг айлгаж үхүүлэх санаатай юү” гээд нулимсаа асгаруулав. Эмч ирээд судсыг нь барьж, эм бичиж өгөв.
Энэ үед Шө Юэ үхэхээр зориг шуудран байтал Бао Юйг сэргэсэн гэж дуулаад дотор нь онгойв. Ван Фүрэнь нэг аяга гавирын шөл авчруулж хэд оочуулсанд Бао Юйгийн байдал нилээд тогтуун болов. Ван Фүрэнь нар ч сэтгэл амарч, Шө Юэг зэмлэсэнгүй. Өнөөх хашийг Бао Юйд зүүлгэ гэж Бао Чайд өгөөд хуушааныг санагалзаж “Энэ хашийг хаанаас эрж олсныг мэдэхгүй. Юутай жигтэй ажээ. Юунд мөнгө авна гээд алга болчихов. Хувилгаан сахиус биш биз” гэцгээсэнд Бао Чай “Тэр хуушааны ирсэн байдал, явсан мөрөөр үзвэл, тэр хашийг олж авчирсан биш, анхнаасаа тэрбээр авсан байхаа” гэв. Ван ФүРэнь: “Хаш гарт байхад тэр яаж авах юм бэ” гэсэнд Бао Чай “Хүргээд ирсэн юм чинь, аваад явчихаж чадна” гэв. Ши Рэнь, Шө Юэ нар “Тэр жил хаш алга болоход Линь даяа нэг төлгө буулгасныг би эл найнайд хэлж өгсөн юм. Тэр үсгийг ямар “шан” үсэг гэж байсныг эл найнай мартаагүй байхаа” гэсэнд Бао Чай бодоод: “Тиймээ, тэр үгийг та нар барьцаалан зээлдүүлэх пүүснээс очиж эр гэсэн үг гэж байсан. Одоо л сая саналаа. Тэр хуушаан “Шан” үсгийн толгойтой байсан. Энэ нь хуушаан аваачсан учир бишүү” гэв. Ван Фүрэнь:
-Тэр хуушаан үнэхээр жигтэй юм. Тэр жил Бао Юйг өвчтэй байх үед тэр хуушаан ирж, манай гэрт тайлж болохгүй эрдэнэ байна гэсэн нь энэ хашийг хэлсэн үг юм. Тэр мэдэж байхаар үзвэл, энэ хаш лав учиртай байх. Түүнийг нөхөр чинь амандаа үмхэж төрсөн юм. Эртнээс одоо болтол та нар ийм юм сонссон байх. Энэ хашны ямар учиртайг мэдэхгүй юм. Манай энэ маань ч ямар учиртайг мэдэхгүй. Өвдөвч энэ хашийн учир, сайн боловч энэ хашийн учир, төрөвч мөн энэ хашийн учир… гээд нулимс унагав. Бао Юй үүнийг сонсоод дотроо тодорхой санаж дандаа худал үхсэн үеийн явдлыг бодоод учиртай санагдсан тул огт дуугаралгүй, нарийвчлан тунгаав.
Энэ үед Ши Чүнь нэг зүйлийг санав.
-Тэр жил хаш алга болоход Мяо Юйгээр төлгө буулгуулсанд: “Хөх далант оргилын доор хуучин нарсыг түшжээ” гэсэн юм. Бас юуны “Миний үүдэнд орж ирвэл инээмэгц учирна” гэсэн юм. Бодвол, “Миний үүдэнд орж ирвэл” гэсэн хэдэн үгэнд гүн утга байна. Шашны үүд маш их боловч манай тэр ах арай орж чадахгүй байхаа” гэв. Бао Юй сонсоод хүйтнээр инээмсэглэв. Бао Чай сонсоод хөмсөг атируулан зовнив. Ёу хатан:
-Чи ам л ангайвал бурхан шашин гэнэ. Чиний гэрээс явах санаа чинь цөхрөөгүй юү гэсэнд Ши Чүнь инээж:
-Бэргэнээс нуулгүй хэлье. Би хэдийн улаан идээг цээрлэсэн гэв. ВанФүрэнь, ум ма ни бад мэ хум гэж гээд:
-Сайн охин минь, ийм санаа үүсгэж болохгүй гэхэд Ши Чүнь тоосон янзгүй харагдана.
Энэ үед Бао Юй: “Зул асаасан бурхны хажууд” шүлгийг санаад шүүрс алдав. Ахиад чигийрс ба цэцгийн тухай шүлгүүд санаж Ши Рэнь рүү хараад нулимс унагав. Тэд, түүнийг гэнэт хөхөрч, гэнэт эмгэнийг хараад хууч нь давхив уу гэж бодоцгоов. Бао Юй харин нарийн нууцыг олж мэдээд, хулгайгаар үзсэн шүлэг дууллын мөрийг цээжилсэн боловч түүнийг хэлэхгүй дотроо юм бясалгаж байсныг хэн мэдэхэв гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Тэр өдөр Бао Юй: “Үхээд” дахин амилж, сүр сүлд нь сэргэж, боссоны дээр хэдэн өдөр дараалан эм тан уугаад тэнхээ тамир нь сайжрав. Тэрбээр нэгэнт сайн болж эдүгээ бас бэлэвсрэлийн чөлөөнд байгаа учир Жя Шө хэзээ ялаас чөлөөлөгдөхийг мэдэхгүй байв. Лао тайтайгийн авсыг бас сүмд тавьсныг санаад сэтгэл нь зовж, өмнө газар хүргэж оршуулъя гэж бодоод Жя Жөн, Жя Лянь нартай зөвлөв. Жя Лянь, Жя Жөнд хандаж:
-Лаоегийн бодсон маш зүйтэй. Одоо энэ бэлэвсрэлийн чөлөөнд энэ их явдлыг гүйцэтгэвэл сайн юмсан. Хожим Лаое үгүй болбол ёсоор хийж чадахгүй болуузай. Хэдий тийм боловч миний эцэг эзгүй тул би хэрээс хэтрэн даврахгүй л дээ. Лаоегийн санаа зүйтэй боловч үүнд хэдэн мянган лан мөнгө орно. Яаманд хураалгасан мөнгөө авч чадахгүй зовж байна гэсэнд цаадах нь:
Би нэгэнт шийдсэн. Их Лаое байхгүй ч хүүтэй нь зөвлөлөө. Одоо энд хүнгүй тул чи гэрээс гарч болохгүй. Би хэд хэдэн шарил авч явах учир ганцаардана. Тэгэхээр Жя Рүн агийг дагуулж явна. Түүний гэргийн шарил ч бас байна. Бас Линь охин дүүгийн чинь шарил ч байгаа. Энэ чинь Лао тайтайгийн гэрээслэл юм. Бүгдийг аваач гэж захисан юм. Хаа нэг газраас мөнгө зээлье гэсэнд Жя Лянь,
-Одоо хүний сэтгэл их өөр болжээ. Лаое та бэлэвсэрч манай аав хол яваа тул түүнийг зээлэх биш, байшин, хашаа хүрээ, газар тариалангийн гэрч бичгээ барьцаанд тавихаас аргагүй… гэсэнд Жя Жөн,
-Бидний сууж байгаа байр байшинг албанаас барьсан тул хөдөлгөж яаж болох вэ гэв. Жя Лянь:
-Түүнийг хөдөлгөж болдоггүй байж. Гадаа байх хэдийг нь худалдвал бэлэвсрэл дууссан хойно Лаое эргүүлээд худалдан авч болно. Хожим манай эцэг ирээд тушаалаа сэргээвэл бас худалдаж авч болно. Настай хүн, таныг ингэж зүдэрч байхад бидний сэтгэл зовж байна… гэсэнд Жя Жөн:
-Лао тайтайгийн хэлсэн юмыг хийх ёстой. Харин чи гэртээ сэрэмжтэй байгаарай гэв. Жя Лянь:
-Лаое зоволтгүй. Ач хөвгүүн би ядуу боловч гэрийн ажил явдалд сайн хичээнээ. Лаое та бас олон хүн дагуулж явна. Тэгэхээр энд үлдэх хүн ч тоотой. Энээхэн зардлыг янзалж болно. Харин Лаое таны замын зардал хүрэлцэхгүй бол Лай Шанрунгийн тэрүүгээр гарах тул түүгээр туслуулж болно гэв. Жя Жөн:
-Өөрийнхээ ээжийн явдлыг хүнээр туслуулж яаж болох вэ… гэсэнд Жя Лянь: “Тийм ч байхаа” гээд мөнгө зоос хөөцөлдөхөөр явав.
Тэгээд Жя Жөн холын замд гарахаа тогтоод гэргийдээ: “Гэрийн явдлыг чандлан захир” гэж захив. Харин Бао Юй энэ зуур тамир тэнхээтэй болж, Жя Хунаь, Жя Лань хоёр ч хичээл сурлагадаа шамдаж байлаа. Энэ бүхнийг Жя Жөн, Жя Ляньд хариуцуулж:
-Энэ жил бол их мөчиг жил юм. Хуань эр хөвгүүн бэлэвсэрч байх тул шалгалтад орж болохгүй. Лань Эр бол ач хөвгүүн тул бэлэвсэрч гүйцмэгц шалгуулж болно. Бао Юйг ч ач хөвгүүнтэй хамт шалгуулах хэрэгтэй. Нэг хүн, өргөгсөд болж чадвал манай ялыг хөнгөлөх бишүү гэж захив. Жя Лянь цөмийг хүлээн авав.
Ингээд Жя Жөн, дээдсийн сүмээс гарч хотоос гадна хэдэн өдөр ном уншуулаад Линь Жышяо нарыг дагуулан усан онгоцонд сууцгаалаа. Ураг саднаа хөдөлгөсөнгүй, өөрийн гэрийнхэн нь үдэж явуулаад буцав.
Явахдаа Жя Жөн, Бао Юйг шалгуул гэж захисан тул эх нь цаг ямагт шаардаж, уншсан, бичсэнийг нь тогтмол шалгаж байлаа. Бао Чай, Ши Рэнь нар ч яалаа гэж хоцрох вэ! Бао Юй эдгээд тамир тэнхээ нь сайн болсон ч, түүний бодож санах нь ангид өөр хүн болсон мэт гайхалтай сонин болоод, алдар гавьяат нэр зэргийг жигших болсноор барахгүй, охид хөвгүүдийн найр наадмыг ч төдий л тоохоо больжээ. Түүнийг нь хүмүүс ч анзаарахгүй, өөрөө ч ярихгүй байв.
Нэг өдөр Зы Жюань Дай Юйгийн шарилыг хүргэлцэн очоод, буцаж ирсний дараа уйлаад дотроо: “Бао Юй үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн юм. Линь дүүгийнхээ авсыг аваад явахад харсаар байж нулимас унагасангүй. Намайг ингэж уйлж байхыг үзээд ирж тайтгаруулах үг хэлсэн ч үгүй, марсайн инээж байлаа. Ийм үнэн сэтгэлгүй амьтад үнэхээр уран зөөлөн хоншоорлож биднийг мэхэлж байжээ. Би үүнийг тэр үдэш л мэдсэн юм. Тэгээгүй бол бас түүний арганд орох байжээ. Бас нэг ойлгомжгүй юм байдаг. Одоо тэр Ши Рэньд хүйтэн хөх царай үзүүлэх боллоо. Эр найнай бол угаасаа янаг халуун аашлах дургүй боловч Шө Юэ нар яахин түүнд гомдохгүй байж чадна вэ. Үүгээр үзвэл охид гэгч олонх нь хайр дурлалд шунаад хожим юу болохоо мэдэхгүй хайран сэтгэлээ талаар зовооно… гэхчилэн бодож суутал Ү Эр орж ирэв. Тэрбээр “Эгч бас л Линь охины төлөө уйлж байна уу. Би бодвол, нэг хүний нэрийг сонсох нь нүдээр үзэхэд хүрэхгүй. Урьд би Эр Еэг охидод их элэгсэг гэж сонссон л доо. Миний ээж ахин дахин аргалж байж, намайг энд оруулсан юм. Би энд ирээд түүний өвчтэй байхад чадан ядан сувилсан байтал одоо ядаж, ганц сайн үг шүднийхээ завсраар гаргахгүй байна. Энэ хэр эгцэлж ч харахгүй боллоо” гэж ярив. Зы Жюань түүний ярихыг сонсоод инээд нь хүрч түй гээд “Муу өлөгчин, Чи Бао Юйгээр яалгах санаатай байгаа юм бэ? Охин хүн байж ичихгүй ээ. Нэртэй төртэй оруулсан дэргэдэх инжээ ч тоохгүй явж байж, аль завандаа чамайг харах юм бэ” гэсээр инээж, хацраа илснээ: “Чи чухам Бао Юйгийн юун нь юм бэ” гэж асуув.
Энэ үгийг сонсоод Ү Эр үг алдсандаа зовон царай нь улайж, Бао Юйгээр аргадуулах гэсэн юм биш, тэр ойрноос зарц нараа өрөвдөхгүй боллоо гэж тайлбарлах гэтэл хүрээний үүдэнд шуугилдаж “Гадаа тэр хуушаан түмэн лан мөнгөө авна гэж иржээ. Тайтай сандарч, Лянь Эрийг явуулж түүнтэй ярилцуулах гэтэл цаадах нь гэртээ алга байна. Өнөөх хуушаан гадаа элдвээр солиорч байх тул эл найнайг дуудаж зөвлөсүгэй” гэв. Хуушааныг яаж буцаасныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзэгтүн!
Холбоотой мэдээ