Улаан асрын зүүд (115-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (115-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


Зуун арван тавдугаар бүлэг

ХУДАЛ ҮНЭН ЯЛГАРЧ БАО ЮЙ НӨХӨР ЮҮГЭЭ АЛДААД, ХУУДУУ БОДОЛД ТӨӨРЧ ШИ ЧҮНЬ ГЭРЭЭС ГАРАХААР ШУУДРАВ

Өгүүлэх нь: ам алдсанаас болоод Бао Юй, Бао Чайд хэлүүлснээ аргалан өнгөрөөх гэж байтал Чиү Вэнь ирж: “Лаое гадаа Эр Еэг дуудаж байна” гэв. Бао Юйд энэ дуудлага нийцсэн тул үг дуугүй гарч одов. Жя Жөн:

-Би чамайг бараг зүгээр дуудсан юм. Одоо чи цагаатай байх тул сургуульд очиж болохгүй. Тэгээд гэрт байх хугацаандаа үзсэн ном бичгээ л давтаж бай. Би ч энэ хэдэн өдөр чөлөөтэй байх тул хэдэн зохиол бичиж үзүүлээрэй. Чиний ахиж байгаа, үгийг үзье гэв. Бао Юй: “За” гэв. Жя Жөн:

-Хуань дүү, Лань ач хоёрыг чинь бас давтуулна. Чиний бичсэн зохиол тэдэнд ирэхгүй бол хэрэг биш болно гэв. Бао Юй юү ч хэлэхгүй, зогссоор байв. Жя Жөн: “Яваач” гэв. Түүнтэй зөрж Лай Да нар данс дэвтэр барьсаар оров. Бао Юйг гэртээ харихад нь Бао Чай түүгээр зохиол бичүүлэх гэснийг мэдээд баярлав. Хэдийгээр Бао Юй дургүй боловч хойргошиж чадахгүй, сэтгэлээ тогтоох гэж суутал Ди Цан Ань сүмийн хоёр чавганц орж ирэв. Бао Чайг үзээд: “Эр найнайгийн амрыг айлтгая” гэсэнд цаадах нь дуугарч ядан: “Та нар сайн уу” гээд зарц нарт: “Багш нарт цай алгалж барь” гэв. Бао Юй тэр хоёр чавганцтай юм яръя гэж бодсон ч Бао Чайг янзгүй болохоор ярих эвээ олсонгүй. Хоёр чавганц Бао Чайгийн хүйтэн царайтай байхыг мэдээд төдий л удалгүй ёслон гарахыг завдтал: “Жаахан суу” гэв. Чавганц: “Бид Те Кань Сы сүмд сайн буян үйлдээд, удтал найнай тайтай нарын амрыг эрсэнгүй. Өнөөдөр ирж тайтай найнай нартай золгоод бас дөрөвдүгээр охинтой очиж уулзана” гэсэнд Бао Чай тал өгөөд явуулав. Тэд нар Ши Чүний тэнд хүрч Цай Пинтэй учраад “Охин хаана байна” гэсэнд цаадах нь: “Асуугаад яах вэ. Авхай энэ хэдэн өдөр хоол идэхгүй хэвтэж байна” гэсэнд “Яагаа вэ” гэж чавганц асуув. Цай Пин: “Ярьвал үг урт болно. Чамтай уулзвал хэлэх магадгүй” гэв. Ши Чүнь тэндээс сонсоод босон сууж:

-Та хоёр сайн уу. Манай гэр тааруухан болсныг дуулаад ирэхгүй болсон байхаа гэв. Чавганц бурхан минь гэснээ

-Байвч өглөгийн эзэн, үгүй боловч өглөгийн эзэн болой. Лао тайтайгийн асар их өршөөл хишгийг хүртсээр ирсэн тул ордны сүмийн шавь болой. Одоо Лао тайтайгийн явдалд тайтай найнай нартай золгоод ганц охинтой учраагүй байсан тул дотроо санагалзаж байгаад өнөөдөр зорьж ирлээ гэв. Ши Чүнь, Шүй Юэ Ань сүмийн чавганцыг асуусанд цаадах нь:

-Тэдний сүмд бага сага хэрэг гарснаас хойш хаалган дээр ч төдий оруулж өгөхгүй болжээ… гээд Ши Чүнээс, тэр өдөр Лун Цүй Ань сүмийн Мяо багш яагаад хүн дагаад явсан юм бол гэсэнд Ши Чүнь:

-Юу ярьж байгаа юм бэ. Ийм үгийг хэлсэн хүн, хэлээ огтлуулахыг хичээх хэрэгтэй. Хүн, дээрэмчдэд олзлогдсон байхад яагаад ийм самуун үг гаргана гэв. Чавганц:

-Мяо Юй багшийн зан нь этгээд тул тэр заль мэх гаргаагүй байхаа. Охины дэргэд бид дураар ярих эвгүй. Бид мэт шиг уншлага тоолж маани уншин өөрийн болон бусдын төлөө залбиран наманчилж, хойтын сайн буяныг санахаас өөр юү ч мэдэхгүй явах тийм мунхаг амьтан хэд байна вэ гэсэнд Ши Чүнь:

-Юуг сайн буян гэдэг юм бэ гэж асуусанд чавганц:

-Тань мэтийн ариун буянтай айл хамаагүй ээ.

Өөр айл аймгийн эрхэм хатан авхай нар бол яахин нэг насаараа жаргал эдэлж чадна вэ. Зовлон учирвал аварч тэтгэхийн аргагүй болно. Гагцхүү өршөөл ихэт хонсим бодьсадваа хүний зовлонг үзээд, энэрэхүй сэтгэл үүсвэл энэрэн тэтгэж чадна. Одоо юуны учир хүмүүс бүгдээр “Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэгч их нигүүлсүхүй хонсим бодьсадваа” гэнэ. Бясалгал хийсэн бидний зовлон хэдий авхай, хатдынхаас их боловч арай бас аюул тамд унахгүй. Хэдий гэгээн бурхан болж чадахгүй боловч эргэх төрөлдөө эр хүн болж чадвал эм хүн болж төрөөд элдэв уйтгар зовлонгоо тоочиж хэлж чадахгүй явснаас дээр болой. Охин та бас сайн мэдэхгүй байна. Охидууд харьд мордож, нэг насаараа хүний мэдэлд орвол зах ч аргагүй болно. Бясалгал хийе гэвэл үнэнхүү сэтгэлээр бясалгах хэрэгтэй. Тэр Мяо багш өөрийгөө биднээс цэвэр ариун гэж бодож биднийг өтөл болхи гэдэг. Гэтэл өтөл болхи нь өршөөл ивгээлийг хүртэж тэр харин үйл лайгаа эдэлж байна гэв. Чавганц нарын ярьсан үгнээс олонх нь Ши Чүний сэтгэлд нийцсэн тул инж охид дэргэдээ байхыг хайхралгүйгээр Ёу хатан түүнд ямар, тэр өдөр гэр сахиад яасан зэргийг яриад гэзгээ түүнд үзүүлж “Би тийм бодолгүй болхи амьтан мөн үү. Аль хэдийнээс ийм санаатай явж ирсэн боловч арга замаа олохгүй байлаа” гэв. Чавганц сонсоод цочсон байдал гаргаж “Охион, ийм үг хэлж болохгүй. Жэнь да найнай мэдвэл, биднийг харааж, сүмээс хөөнө шүү. Чам мэтийн ийм охин. Хожим нэг сайн хүнд очиж, нэг насаараа баян эрхэм жаргах ёстой” гэв. Ши Чүний царай улайж, “Жэнь да найнай чамайг хөөхөд би болохгүй юү” гэж асуусанд чавганц түүний үнэн сэтгэлийг мэдээд өдөөж:

-Охион та биднийг буруу үг хэллээ гэж буруушааж болохгүй шүү. Бодвол тайтай, найнай нарын санаагаар болохгүй байхаа. Тэр цагт муухай явдал болбол харин эвгүй болно. Бид харин чиний төлөө л бодож байна гэсэнд Ши Чүнь: “Үзэж байгаад мэдье” гэв. Цай Пин нар сүүлийн үг эвгүй болсныг мэдээд чавганц нарыг яв гэж нүдээрээ дохив. Чавганц санааг нь мэдээд дотроо айж байсан тул дахин өдөж чадалгүй ёслон салсанд Ши Чүнь ч суу гэсэнгүй. Хүйтнээр инээж: “Энэ дэлхий дээр ганц таны Ди Цан Ань сүм байгаа гэж бодов уу” гэсэнд чавганц юм хэлэлгүй гарч явав.

Шивэгчин явдал эвгүй болж юм болохоос айгаад Ёу хатанд очиж сэмхэн “Дөрөвдүгээр охин гэзгээ огтолсон санаанаасаа буцахгүй байна. Энэ хэдэн өдөр тэр өвдсөн юм биш. Харин хувь заяандаа гомдож байлаа. Найнай сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэр цагт учир болбол биднийг битгий буруутгаарай” гэсэнд Ёу хатан:

-Тэр яагаад гэрээс гарах санаатай байна вэ. Даяа байхгүй болохоор надтай таарахгүй ааш гаргаж байгаа юм. Дураар нь тавихаас өөр арга байхгүй гэв. Түүнээс хойш Цай Пин нар түүнийг элдвээр ятган хориглов. Ши Чүнь өдөр ирэхүйеэ хоол унднаас гарч гэзгээ огтлохоос өөр юм бодохоо болив. Цай Пин нар дийлэхээ болиод дуулгах ёстой хүн бүхэнд хэлэв. Шин, Ван хоёр Фүрэньд мэдүүлье гэж байтал гаднаас хүн орж ирээд: “Жэнь хатан Бао Юйгээ дагуулан иржээ” гэсэнд бүгд сандран гарч угтаж аваад Ван Фүрэнийд оруулав. Бүгдээр ёслон золгож, мэнд сайнаа асуулгав. Ван Фүрэнь, Жэнь Бао Юйг өөрийн хүүтэйгээ адилхан байна гээд тэднийг золгуулах гэсэнд “Жэнь агь гадаа бичгийн өрөөнд Лаоетай ярилцаж байна” гэв. Энэ зуур Жя Жөн, Жэнь агийн ном эрдмийг шалгаж үзвэл урсгал цалгитал сайхан хариулсанд их биширч, тэднийг хөхиүлэн зоригжуулах гэснээс гадна харьцуулж үзье гэж бодов. Бао Юй сонсоод энгийн хувцас өмссөн дүү ач нараа дагуулаад уулзахаар очвол хуучин танилтайгаа уулзсан мэт санагдав. Жэнь Бао Юйд ч уулзаж байсан шиг болов. Хоёул харилцан ёслоод, Жя Хуань, Жя Лань нартай золгов. Жя Жөн өөрөө дор суугаад Жэнь Бао Юйг түшлэгт сандалд суулгах гэтэл дургүйцэн дэвсгэр аваад газар суув. Одоо Бао Юй нар Жя Жөнтэй хамт сууж болохгүй. Жэнь Бао Юй ч үе доор болох тул тэднийг бас зогсоож болохгүй байв. Жя Жөн тэдэнд эвгүй байгааг мэдээд босож хэдэн үг хэлээд хүн дуудаж хоол бэлтгүүлэн “Би явлаа. Хүүхдүүд та нар хамт ярилцаж суувал эд их сургаал хүртэнэ” гэв. Жэнь Бао Юй онгирч: “Авга их хүн морилтугай. Өчүүхэн ач би ах нарын сургаалыг сонсоё” гэв. Жя Жөн доторх бичгийн өрөөнд очихоор явах гэтэл Жэнь Бао Юй хүргэнэ гэснийг зөвшөөрсөнгүй. Түүнийг Бао Юй түүнтэй учирсан зүүдээ бодоод, түүний ааш занг мэдэх болсон тул сайн нөхөртэй боллоо гэж бодов. Тэгээд хоёр дүү нь дэргэд байх тул дэмий аашилж чадахгүй, чадал мэдэн өргөмжилж:

-Гэгээн алдрыг чинь сонсоод удлаа. Өнөөдөр уулзан золгоход арш мэт ариун хүн байлаа гэхэд цаадах нь дотроо надтай хамт сурч болох боловч надтай ёсыг хамтатгаж болохгүй. Энэ надтай нэр, зүс нэгтэй тул гурван төрлийн хамтын сүнс болой. Одоо би учир ёсыг бага сага төсөөлөх тул юунд энүүнтэй ярилцахгүй байна. Гэхдээ дөнгөж уулзаж байгаа болохоор санаа сэтгэлийг нь мэдээгүй тул аажмаар ярилцъя гэж бодоод:

-Эрхэм ахын ариун нэрийг дүү би хэдийн мэднэ. Эрхэм ах бол түмэн хүний царайг авч мянган хүний ухаантай төржээ. Өчүүхэн би бол эгэл мунхаг хүн бөгөөд нэр нэгтэй болж “Хаш эрдэнэ” хэмээх хоёр үгийг гутаасандаа гэмшсээр байдаг гэв. Энэ үгийг сонсоод Бао Юй дотроо: “Энэ надтай нэг бодолтой боловч эр хүн байж намайг яагаад охин хүнээр үзэж байна” гэж бодон, эрхмийн магтаал миний хэрээс хэтэрчээ. Би бол бядуу мунхгийн туйл бөгөөд хэрэггүй хар чулуу болой. Яаж эрхмийн ариун гэгээн хосолсон хоёр үсэгтэй тэнцэж чадна гэв. Жэнь Бао Юй:

-Өчүүхэн би, багадаа хэрээн мэдэхгүй ихийг санасаар одоо айл доройтож үнс хог мэт болохыг ер мэдсэнгүй. Хэдий үйл зовлонг ханатал эдлэв гэж чадахгүй боловч орчлонгийн явдлыг бага сага төсөөлжээ. Эрхэм та бол торго магнаг дээр өнхөрч тос маханд шандуурч дур тааваараа өсөөд төрийг засаж түмнийг сургах эрдэмд нэвтэрч олны олноос оройлсон тул настай авга даллага хурайлга мэт энхрийлжээ. Тийнхүү би таныг гэгээн алдарт тохиров гэсэн юмаа гэв.

Жя Бао Юй түүний үг зэрэг жинсэнд шунасан хуучны чалчаа ярианд ойртсоныг мэдээд үг олж хариулахыг бодов. Жя Хуаньтай юм ярихгүй болохоор хэдийн дургүй нь хүрэв. Жя Лань харин энэ үгийг сонсоод сэтгэлд нь нийцсэн тул:

-Эрхэм авгын үг даанч хөнгөмсөг болжээ. Дэлхий дахиныг засах эрдмийг цөхрөлгүй хичээн боловсруулбал сая үнэнхүү эрдмийг сурч чадна. Өчүүхэн ач би бол нас бага тул эрдэм хэмээгч юу болохыг мэдэхгүй боловч сурч өнгөрснөө шимэн шимэн амталбал эд идээний дээжийг хүртэх нь хотол дуурьссан хоосон нэрээс зуун хувь дээр болой гэв. Бао Юй энэ үгэнд дургүй болж дотроо: “Энэ хүүхэд хэдийдээ бас ийм золбин үг сурчихав” гэж бодоод:

-Эрхмийг би эгэл суртлаас жигшсэн этгээдийн бодлоготой хүн гэж сонссон. Өнөөдөр би, золоор гэгээн дүрийг чинь харсан дашрамд тоост ертөнцөөс ангижирч бодь мөрийг олох ёсыг ухаарч, буртагт цээж юүгээ цэвэрлэж, нүд нээе гэж бодсон юмаа. Гэтэл дүү намайг мангар толгой гэж бодоод эгэл ертөнцийн эргүү үгээр эвлүүлэн өнгөрнө гэж ер санасангүй гэв. Цаадах нь дотроо: “Энэ миний багын занг мэдэх тул намайг хуурмаг үг хэллээ гэж сэжиглэжээ. Би нэгмөсөн үгээ тодорхойлон хэлээд санаа сэтгэлээ мэдэлцсэн сайхан ах дүү болсугай” гэж бодоод, эрхэм ах таны айлдсан үг үнэхээр мэргэн болой. Өчүүхэн дүү би, багаас тэр үгширмэл хуучин хэллэгийг жигшдэг юм. Он жил улирсаар аав албанаасаа чөлөөлөгдөөд зочин гийчинтэй уулзах дургүй болж, намайг зочлууллаа. Миний уулзсан тэдгээр эрдэмтэн багш нар бол цөм алдартай эрхэм хүмүүс юм. Тийнхүү ахачлал, дүүчлэл шударга үнэн мэтийн судар ном, сургаал бичиг зохиож эрдэм номын үйлст хичээвэл мэргэн гэгээн цагт тохиолдож төрсөн сайхан завшааныг алдагдуулахгүй, агаад дээд эрдэмтэн багш нарын соёж сургасан ачийг ч хөсөрдүүлэхгүй болой. Тиймийн тул багын тэр тэнэг бодол, мунхаг хүсэл аажмаар арилжээ. Одоо би багш нөхдийг эрэн шүтэж бичиг эрдэмд хичээе гэж бодож байна. Одоо золоор эрхэм ахтай учирсан тул ариун сургаал хүртээх болов уу. Энэ бол миний үнэн үг юм гэв.

Түүнийг үгийг Бао Юй сонсох тусам эгдүү нь хүрсэн боловч хүйтэн царай үзүүлж болохгүй тул энэхэн тэрхнийг хэлж аргалж өнгөрөөв. Ийн ярилцаж байтал дотроос “Агь нар хоолоо зооглож дууссан бол Жэнь агийг дотогш залж оруулагтун” гэж хэлүүлсэнд Бао Юй энэ далимаар Жэнь агийг дотогш ор гэж хэлэв. Тэд явсаар Ван Фүрэньтэй уулзан мэндлэв. Бусад агь нар ч ирж золгов. Жэнь тайтай Бао Юйгийн байдал төрх өөрийн нь хүүтэй адил төрснийг үзээд эрхгүй дотно сайхан аашлав. Ван Фүрэнь ч сайхан зантай Жэнь Бао Юйг дэргэдээ суулган энэ тэрийг асууж сонирхов. Тэгтэл өөрийн нь хүүгээс илүү томоожсон санагдав. Жя Лань ч төдий л дуугарахгүй байвч хээнцэр сайхан харагдахад, Жя Хуань болхи бүдүүлэг санагдав. Энд хоёр Бао Юй байгааг мэдээд цөм хүрэлцэн ирж: “Юутай сонин бэ. Нэр нэгтэй нь яахав, өнгө зүс адилхан байдаг нь гайхалтай. Манай Бао Юй бэлэвсрэлийн хувцастайгаар ялгарч байна. Хэрэв адил хувцас өмссөн бол ялгаж танихгүй юм байна” гэв. Энэ үед Зы Жюаний дотор тэнэг бодол төрж Дай Юйг санаад дотроо: “Тэр Линь авхай даанч үхчихэж дээ. Амьд байсан бол энэ Жэнь Бао Юйтэй холбосон бол дуртай байх байсан биз” гэж бодож байтал Жэнь Фүрэнь:

-Тэр өдөр манай Лаое, хүү том болсон тул ургийн явдалд нь санаа тавьж өгөх болов уу гэж эндэхийн Лаоегаас гуйж байсан юм гэв. Ван Фүрэнь, Жэнь Бао Юйг хараад тоосон тул “Би эрхэм агид зууч болъё гэж бодно. Манай дөрвөн охины гурвыг ярилтгүй. Зарим нь харьд мордоод зарим нь үхчихсэн. Манай Жэнь ач хөвгүүний охин дүүгийн нас бага тул холбож арай болохгүй. Манай их бэрийн хоёр үеэл охин дүү тэгш цэвэрхэн төржээ. Хоёрдугаар охиноо нэгэнт хүнд өгсөөн. Гуравдугаар охин, энэ агьтай яг тохирно. Хэд хоногоос би агид зуучилж өгье. Одоо тэдний гэрийн орлого багасчээ” гэв. Жэнь Фүрэнь: “Тайтай голыг нь хэллээ. Одоо манай гэрт юү байна вэ. Манайхыг ядуу гэж голж мэднэ” гэсэнд цаадах нь:

-Одоо танай ордон, дахиад алба эрхэлсэн тул хуучиндаа буцан орохоор барахгүй, угаасаа ч илүү оргин бадарна гэв. Жэнь Фүрэнь инээж:

-Тайтайгийн үгээр болбол мөн сайнаа. Ингэхээр тайтайг гуйж зуучлуулна гэв.

Жэнь Бао Юй тэднийг ургийн явдал хэлэлцэхийг сонсоод ёслон гарч ирсэнд Бао Юй нар тосож аваад бичгийн гэрт очив. Жя Жөн тэнд байсан тул анхны үгээ залгаж ярив. Энэ үеэр хүн ирж Жэнь Бао Юйд: “Тайтай буцах гээд агийг дуудуулав” гэсэнд ёслон гарч ирэв. Бао Юй тэргүүтэй агь нар үдэн мордуулав.

Бао Юй түрүүнд Жэнь Бао Юйгийн эцэгтэй уулзаад хүүг нь нийслэлд ирж явааг сонсоод, санаа сэтгэлээ мэдэлцэн сайн нөхөртэй болно гэж өглөө үдэшгүй хүсэн хүлээсээр өнөөдөр учирч ярьж хөөрч үзвэл, хөл нийлэх төлөвгүй байсан тул гонсойсоор гэртээ эргэж ирээд дуугарах ч үгүй инээх ч үгүй гөлрөн суув. Бао Чай:

-За тэр Жэнь Бао Юй чамтай үнэхээр адилхан юм уу гэсэнд, Бао Юй:

-Царай зүс адил боловч ярьж байхыг нь үзвэл төдий л юм мэдэхгүй, зэрэг жинсэнд шунасан мунхаг амьтан юмаа гэв.

-Чи хүн доромжилж байгаа юм бишүү. Түүний шунахай ховдгийг яаж мэдээв.

-Түүнтэй нилээд удаан ярилаа. “Төрийг засаж, түмнийг сургах эрдэм” гэх шиг. “Ачлал дүүчлэл шударга үнэн” гэхээс өөр мэргэн гэгээн ухаан бодлого ер алгаа. Ийм хүн, зэрэг жинсэнд шунагч бишүү. Энүүгээр л өнгө зүсээ гутааж байна. Ийм хүн байгааг бодвол би өөрийн өнгө зүсээ адилгүй болгомоор бодогдлоо.

-Чи чинь хүний инээд хүргэх үг хэллээ. Энэ зүс царайгаа яаж хаях вэ дээ. Тэр ч байтугай хүний хэлсэн нь зөв ёс болой. Эр хүн болж төрөөд алдар гавьяат байгуулахыг бодохгүй, яаж чам шиг эсэн бусын бодолд төөрөн мунгинаж болох вэ. Өөрөө хатуу зориггүйгээ мэдэхгүй, хүнийг зэрэг жинсэнд шунагч гэж болох уу?

Энэ үед Бао Юй, Жэнь агийн үгнээс жигшсэн байтал Бао Чайд зэмлүүлээд бухимдан зовсоор хууч нь хөдлөв. Гэнэт юу ч хэлэхгүй мөртөө марсалзан инээж хөхөрч эхлэв. Бао Чай, өөрийнхөө хэлсэнд дургүй нь хүрээд хүйтнээр инээж байна гээд тоосонгүй. Ши Рэнь нар аргадсан ч дуугарсангүй. Өглөө босоод ч засарсангүй, гөлөрсөөр л байв.

Түүний зэрэгцээ Ши Чүнь гэзгээ огтолж гэрээс гарна гэж аашилж Ёу хатан хориод дийлэхээ болив. Хэрэв түүний санаагаар болохгүй бол зайлшгүй аминдаа хор хийхэд хүрэх бөгөөд хэдий өдөр шөнөгүй хүн харж байвч цааш ингэж байх аргагүй тул Ван Фүрэньд мэдүүлэв. Жя Жөн шүүрс алдан цамнаж: “Зүүн ордонд ямар явдал үйлдээд ийнхүү аашлахад хүрсэн юм” гэж Жя Рунийг дуудаж, хэлээд: “Хариад эхийгээ сайн ятга. Тэгээд байвал манай гэрийн охин биш гэж хэлж өг” гэв. Ши Чүнь, Ёу хатныг ятгавал үгийг нь авахгүй, үхнэ гэж дайрна. Тэрбээр:

-Хүүхэн хүн насаараа гэртээ байх ёсгүй. Хоёрдугаар эгчийн адил бол Лаое, тайтай нар сэтгэл зовоход хүрнэ. Тэглээ ч тэр үхсэн. Одоо намайг үхсэнээр бодоод, гэрээс гаргавал би нэг насаараа санаа амар явна. Тэгэх юм бол намайг хайрласан хэрэг болно. Тэгэхдээ, би энэ гэрээс бүрэн салж явах биш, тэр Лун Цүй Ань бол манай сүм. Би тэнд очиж бясалгана. Над учир явдал тохиолдвол та нар эргэж тойроход амар. Одоо Мяо Юйгийн мэдээчин тэнд байна. Та нар миний санааг зөвшөөрвөл би амьд үлдэж чадна. Үгүй бол үхэхээс өөр арга байхгүй. Би санасандаа хүрч чадвал ахыг ирсний дараа та нар албадаагүй гээд л хэлчихвэл болно. Харин тэгэхгүй бол намайг зовоож гэж ах та нарыг зэмлэхэд хүрнэ гэв. Ёу хатан, түүнтэй таардаггүй болохоор түүний үг зөв юм шиг санагдаад Ван Фүрэньд очиж хэлэв. Цаадах нь Бао Чайн тэнд очсонд Бао Юйгийн ухаан мансуурсан байв. Ши Рэньд “Та нар болгоомжгүй байна. Эр Еэгийн өвчин дахиад байхад яагаад мэдүүлээгүй юм бэ” гэж асуув. Ши Рэнь, “Эр Еэгийн өвчин үе үе хөдлөх юм. Үдээс өмнө тайтайгийнд очихдоо зүв зүгээр байсан юм. Тэгсэн чинь саявтар мунхраад эхэллээ. Эр найнай, тайтайд мэдүүлье гэсэн боловч тайтай биднийг жаахан юманд хөл болоод гэхээс болгоомжилсон юмаа” гэв.

Эх нь тэднийг зэмлэж байхыг мэдээд Бао Юй хилсдүүлэх нь гэж зовоод “Тайтай тайван бай. Би өвдөөгүй. Дотор баахан уйтгарласан төдий л юм” гэсэнд Ван Фүрэнь,

-Чи бол хууч өвчтэй хүн. Эртхэн хэлбэл, эмчид үзүүлж эртхэн эм уулгах хэрэгтэй. Өнөө хаш алга болсон үе шиг болбол хэцүү шүү гэсэнд Бао Юй:

-Тайтай зовоод байгаа юм бол хүнд үзүүллээ л дээ. Би эм ууна гэсэнд эх нь шивэгчин дуудаж: “Эмч залж ир” гэв. Тэрбээр ганц Бао Юйг бодоод Ши Чүнийг мартжээ. Төдөлгүй эмч ирж эм өгсний дараа Ван Фүрэнь явав.

Бао Юй засарсангүй. Хэдэн өдрийн дараа бүр ч мунхарч хоол унднаас гарахаар нь цөм л сандрав. Энэ үед хоног хураах давхцаж бүл мөхөсдөн, Жя Юнийг авчирч эмчид гүйлгэв. Жя Ляний гэрт хүнгүй тул Ван Фүрэнийг гуйж гаднын явдлыг додомдуулав. Чяо Же ч ээжийгээ санаж, өдөр шөнөгүй уйлсаар өвчтэй болов. Энд Рүн Гуо фүд эх захгүй ажил өрнөж байв. Хоног хураачихаад Ван Фүрэнь, Бао Юйг эргэж очвол тэрбээр мэдээ сэхээгүй байв. Бүгд л уйлалдаж байснаа сүүлдээ Жя Жөнд: “Эмчийн эм тан тус болохгүй нь ээ. Хойтын явдлыг нь бэлтгэе” гэсэнд цаадах нь санаа алдсаар ирж үзвэл үнэхээр муудсан болохоор нь Жя Ляньд хэлж, бэлтгүүлэхээр явуулжээ. Жя Лянь зөрчиж чадахгүй тул хүн явуулж бэлдүүлэв. Гэтэл бас л гар мөхөсдөн гачигдаж зовж байтал гэнэт нэг хүн гүйн орж ирээд: “Эр Еэ болохгүй болов” гэсэнд Жя Лянь ихэд айн нүдээ бүлтийлгэж, “Яасан бэ” гэж асуув. Тэр зарц “Нэг хуушаан, Эр Еэгийн гээсэн хашийг барьж үүдэнд ирээд түмэн лан авна” гэж байна гэв. Жя Лянь түй гээд:

-Энэ нэг их сандарч байна. Чи тэр дээр үеийн хуурамч хаш авчирсныг мэдэхгүй юү. Тэр мөн байлаа ч, одоо эзэн нь үхвэл, түүнийг авч яах юм гэсэнд зарц хөвгүүн:

-Боол би танд хэлье. Тэр хуушаан түүнд түмэн лан мөнгө өгвөл сайн болно гэлээ гэв. Ийн ярилцаж байтал гаднаас шуугилдан ирж “Энэ хуушаан их зэрлэг аашилж байна. Дураар дайран орж ирлээ. Хэн ч хорьж дийлсэнгүй” гэсэнд Жя Лянь “Тэгж аашилж яаж болох вэ. Та нар хурдан очоод хөөж гарга” гэв. Энд үймэлдэж байгааг Жя Жөн бас сонсоод арга тасран уйлан гарч ирээд: “Бао Эр Еэ болохгүй болжээ” гэснийг сонсоод улам бачимдав. Мөнөөх хуушаан “Хашаан авбал мөнгө гарга” гэсэнд Жя Жөн гэнэт Бао Юйгийн өвчнийг дээр үед хуушаан зассаныг санаад, одоо энэ ирснээр бодвол бас авран тэтгэж мэднэ. Гэтэл тэр хаш мөн болоод энэ мөнгө авна гэвэл яах вэ гэж бодсоноо бас “Одоо энэ тэрийг бодох хэрэггүй. Хөвгүүнээ эдгээсэн хойно болъё” гэж бодов. Жя Жөн зарц явуулж өнөөх хуушааныг залуулсанд орж ирэв. Хуушаан үг ч дуугарсангүй, элдэв ёс ч хийсэнгүй дотогш гүйв. Жя Лянь түүнийг татаж “Цаана чинь дандаа бүсгүйчүүд байна. Галзуу зэрлэг чи яагаад гүйж явна вэ” гэсэнд хуушаан “Уур хүргэвэл аварч чадахгүй шүү” гэв. Жя Лянь сандарч: “Доторх хүмүүс битгий уйл. Хуушаан ирлээ” гэж хэлэв. Ван Фүрэнь нар уйлалдаад түүнийг анзаарахтай мантай. Жя Жөн ч тэднийг дагаад уйлна. Тэгтэл хижээл насны хуушаан ороод ирсэнд цочив. Тэрбээр шууд Бао Юйгийн орны дэргэд очоод “Өглөгийн эздээ, хаш аваад ирлээ” гэсээр хашийг харуулан “Мөнгөө түргэн гарга. Эзний нь амийг аварсугай” гэв. Тэд арга ядан сандарч, хашийн мөн бишийг харалгүй, “Амийг нь аварч чадвал мөнгө байна” гэв. Хуушаан инээж: “Аль” гэв. Ван ФүРэнь: “Та санаа амар бай. Бид өгч чадна” гэв. Хуушаан хадганатал хөхрөөд, хашийг барьж Бао Юйгийн чихэнд “Бао Юй, Бао Юй! Эрдэнийн хаш чинь эргээд ирлээ” гэсэнд Бао Юй нүдээ нээв. Ши Рэнь: “Яасан сайн юм бэ” гэж дуу алдсанд, Бао Юй: “Хаана байна” гэж асуув. Хуушаан, хашийг түүний гарт атгуулав. Баахан базаж байснаа, дэргэдээ тавиад “Эвий хөөрхий минь, салаад удлаа шүү” гэв. Хүмүүс залбирав. Жя Лянь хүрч ирээд, Бао Юй сэхсэнийг хараад баярлавч шалавхан холдов. Хуушаан үг дуугаралгүй Жя Ляний гараас барьж хөтлөн явав. Тэр хоёр Жя Жөнд очоод, мэдүүлэв. сонсоод дотроо баярлан, хуушаанд ёслов. Хуушаан ч хариу ёслоод суув. Жя Лянь дотроо: “Авахаас нааш ч салахгүйдээ” гэж сэжиглэв. Жя Жөн Хуушааныг ажвал урьд уулзсан тэр хуушаан биш болохоор нь “Аль зуугийнх вэ”. Ариун тойны номын цол юү вэ. Энэ хашийг хаанаас олов? Хүү хараад яаж сэхэв” гэж асуув. Хуушаан инээж: “Би бас сайн мэдэхгүй. Түмэн лан мөнгөө гаргаж өгвөл боллоо” гэсэнд Жя Жөн хуушааны бүдүүлэг аашлахыг хараад зөрчиж чадалгүй “Байна” гэв. Хуушаан: “Байгаа бол хурдан аваад ир. Би явлаа” гэсэнд Жя Жөн: “Түр сууж байна уу. Би орж үзье” гэсэнд цаадах нь: “Үзээд хурдан ирвэл сайн шүү” гэв.

Жя Жөн шууд хүүгийнхээ дэргэд очсонд Бао Юй босон завдсан боловч тамирдаад босож чадсангүй. Ван Фүрэнь үзээд: “Битгий хөдөл” гээд зөөлхөн дарсанд Бао Юй хашаан аваад эцэгтээ үзүүлээд: “Хашаан олжээ” гэв. Жя Жөн хашийг сайн харж аваад Ван Фүрэньд: “Хүү нэгэнт сэхжээ. Одоо тэр сангийн мөнгийг яана” гэсэнд цаадах нь: “Би аль байдгаа худалдаж хувилгаад өгнөө” гэсэнд хүү нь: “Энэ хуушаан мөнгө авах гэсэн биш байхаа” гэв. Жя Жөн толгой дохиж: “Би бас гайхаж л байна. Гэхдээ ам хамхихгүй нэхээд байна” гэв. Ван Фүрэнь: “Лаое очоод түр саатуулж бай” гэв. Жя Жөнг гарсан хойно Бао Юй“Өлслөө гээд аяга шингэн будаа идээд дараа нь хоол иднэ гэв. Дорхноо хоол авчирч өгөв. Бао Юй хоол идээд сүүлд нь босож суув. Шө Юэ түүнийг зөөлөн түшиж суулгах зуур баярласандаа болоод санаандгүй: “Үнэнхүү эрдэнэ болой. Үзмэгц сайжирлаа шүү. Тэр үед золтой хагалж хаясангүй” гэв. Бао Юй энэ үгийг сонсоод, царай зүс нь хувирч хашаа алдаад гэдрэг хэвтэв. Үхэж, сэхэхийн алин болохыг удаах бүлэгт үзэгтүн!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж