Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болох хугацаанаас нэг жил, зургаан сарын өмнө ирэх зургадугаар сарын 24-нд ээлжит бус сонгууль явуулахаа зарлажээ.
Эрдоган ерөнхийлөгчийн ордноос мэдэгдэл хийж, “Бид ерөнхийлөгчийн, парламентын сонгуулийг 2018 оны зургадугаар сарын 24-нд явуулахаар шийдвэрлэлээ. Сонгууль 2019 оны арваннэгдүгээр сард товлосон байсан ч Сири дэх цэргийн ажиллагаа, Ирак-Сири дэх түүхэн өөрчлөлтүүдийн улмаас Турк тодорхойгүй нөхцөл байдлыг даван туулах цаг үетэй тулгарлаа ” гэжээ.
Ерөнхийлөгчийн, парламентын сонгууль онц байдал дунд явагдах ажээ. 2016 оны долдугаар сард Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа тус улсад онц байдал зарлаад байгаа билээ.
Эрдоган дээрх мэдэгдлийг хийхээс өмнө сонгуулийг 2019 онд товлосны дагуу явуулна хэмээн мэдэгдэж байсан ч эдийн засгийн нөхцөл байдал түүнийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн бололтой.
Турк 2017 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэн, ерөнхий сайдын албан тушаалыг халах тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бүх нийтийн санал хураалт явуулсан юм. Санал хураалтын дүнд засгийн газрыг ерөнхий сайд биш, ерөнхийлөгч удирдах болсноос гадна ерөнхийлөгчид улс төрийн намын дарга байх эрхийг хүлээн зөвшөөрч, дэд ерөнхийлөгч, дээд шүүхийн шүүгчийг томилох эрх олгосон билээ. Гэвч Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт сонгууль явуулсны дараа хүчин төгөлдөр болох ажээ.
Эх сурвалж: the Guardian