АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинэчлэн судлах төв буюу НАСА агентлаг хүн амьдарч болох шинэ гаригийн эрэлд “Тесс” сансрын хиймэл дагуулыг илгээжээ.
Сансрын “X Falcon” пуужингаар “ Тесс” сансрын хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар өчигдөр хөөргөжээ. “Тесс” сансрын хиймэл дагуул хоёр жилийн хугацаанд сансарт аялж, дэлхийтэй хамгийн ойр гаригуудад дэлхий гаригтай адил төстэй зүйлс байгаа эсэх мэдээллийг цуглуулах ажээ.
“Тесс” хиймэл дагуул манай нарны аймгийн гадна орших хэдэн зуун мянган од, гаригийг шинжлэн, судлах даалгавартай юм. Хиймэл дагуул тэдгээр од гариг улаан хад чулуу, мөс, халуун хий, магадгүй уснаас бүрдсэн болон дэлхийтэй төстэй өөр гариг бий эсэхийг судлах ажээ. НАС-гийн эрдэмтэд тухайн од гариг усны уур, хүчилтөрөгч, метан, нүүрстөрөгчийн давхар ислээс тогтсон эсэхийг тогтоох чадалтай огторгуйн дуран бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.
“Тесс” бидэнд судалгааг хаана, хэзээ явуулахыг зааж өгнө хэмээн Массачусетсын технологийн сургуулийн сансрын судалгааны багийн удирдагч Жорж Рикер хэлж байна.
“Тесс” ирэх тавдугаар сарын дундуур сарны гадаргууд хэдэн мянган км-ийн зайд очих бөгөөд сарны таталцлын хүч хиймэл дагуулыг тойрог замд ороход нь туслах ажээ.
ЭХ СУРВАЛЖ: AP