Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг Германд шилжүүлэх гэж буй талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг өнөөдөр Германд шилжүүлнэ гэдэг яриа гарч байна. Энэ талаар та тайлбар хийхгүй юу?
-Б.Хурцын өмгөөлөгч “Өнөөдөр Германы талд шилжүүлнэ” гэсэн захиа и-мэйлээр ирүүлсэн байна. Манайхаас Англид суугаа Элчин сайдын яамны зүгээс тодорхой мэдэгдсэн зүйл алга.
-Тэгвэл албан бус мэдээлэл гэсэн үг үү?
-Цагийн зөрүүнээс үүдээд одоогийн байдлаар /өчигдрийн хоёр цагийн үед/ Англид суугаа Элчин сайдын яамны мэдээлэл ирээгүй байж болох юм. Элчин сайдын яамнаас мэдээлж байгаа албан ёсны мэдээ болно.
-Германы талд шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэгт өөрчлөлт орно гэж сонссон?
-Ажлын хэсэгт тухайн орны онцлогтой уялдаад тодорхой өөрчлөлт орно. Гэхдээ их биш. Одоо яг эцсийн байдлаар батлаагүй байна.
-Б.Хурц Английн шүүхэд давж заалдахгүй гэсэн өөрийнхөө шийдвэрийн үндэслэлийг та бүхэнд хэлсэн үү?
-Тэр тухай бидний зүгээс хариулт өгч мэдэхгүй байна. Тухайн хүнээс өөрийнх нь хариулах асуулт байх.
"Улс төрийн тойм" сонин