Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хятадад айлчилсан. Бээжинд хийсэн айлчлалаа дуусгаад тэрбээр Өвөрмонголын Баяннуур хотод очиж, Ганцмодны болон Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцсан юм.
Энэ үеэр хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх санамж бичиг байгуулж, Гашуунсухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллахаар болсон талаар хэвлэлээр мэдээлж байсан. Мөн Гашуунсухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулахаар болсон талаар, Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан татах тухай “ганзага” дүүрэн ирснийг хэвлэлүүд ам хуурайгүй магтаж байлаа.
Өдөртөө 800 орчим нүүрс ачсан машин Гашуунсухайтын боомтоор гарч байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттерт жиргэж суусан нь өчигдөрхөн. Гэвч, Хятад руу орох урсгалыг нь нээсэн Ганцмодны боомт дээр гарах урсгалыг нь багасгаснаас болж тус боомт дээр нүүрсний машинуудын түгжрэл үүсээд байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Хятадын талаас Монгол руу орох урсгал хоёр дахин багасгаж, өдөрт ойролцоогоор 400- 500 орчим машин орж ирж байгаа гэнэ.
Хятадын тал ямар учраас гарах урсгалыг боогдуулж эхэлсэн талаар одоогоор мэдээлэл алга. Ямар ч байсан Ерөнхий сайдын гуйснаар Хятад руу орох урсгалыг нь нэмсэн ч Монголын нүүрсний машинууд гарах урсгал дээрээ таг гацаад байгаа бололтой.
Б.БАТ