Хүлэмжийн хийг бууруулах бизнесийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Хүлэмжийн хийг бууруулах бизнесийг дэмжинэ

Хүлэмжийн хийг бууруулах бизнесийг дэмжинэ

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд санаа тавьж байгаа. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж, сүүлийн 20 гаруй жилд цөлжилт, агаарын болон хөрсний бохирдол, цаг агаарын гамшигт үзэгдэл нүүрлээд байгаа. 

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн суурь хүчин зүйл болсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа.

Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн  135 аж ахуйн нэгж бий

Үүнтэй холбоотой Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсан.  Хуулийн хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Хуулийн гол санаа нь улсаас тогтоосон эрчим хүчний босгыг давсан хэрэглээтэй аж ахуйн нэгж байгууллага эрчим хүч хэмнэх үүргийг хуулиар хүлээлгэх. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь эрчим хүчийг үр ашигтайгаар хэрэглэх, мөн эрчим хүчний хэрэглээндээ аудит хийлгэх, эрчим хүч хэмнэх менежерийг байгууллагадаа ажиллуулах, эрчим хүч хэмнэсэн тайлангаа Эрчим хүч зохицуулах хороонд ирүүлэх ёстой. Одоогоор Монгол Улсад эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн  135 аж ахуйн нэгж байгаа ажээ. Эдгээрээс 15 аж ахуйн нэгжид эрчим хүчний жишиг аудитын төсөл хэрэгжүүлжээ. “Даян дэлхийн ногоон хөгжил” байгууллагын 58 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд гурван жилийн дотор 620 мянган тонн хүлэмжийн хий бууруулах боломжтой юм байна.

Эдгээр аж ахуйн нэгжийн нэг нь Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ). Тус эмнэлэг дулаан болон, цахилгааны улсаас тогтоосон сар бүрийн төлбөрөөс хэтэрсэн эрчим хүч хэрэглэдгээс жилийн эцэст өртэй гардаг байжээ. Аудит хийлгэснээр өнгөрсөн жил дулаан, цахилгааны өргүй байсан гэж УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир хэлж байна. Мөн “Эрүүл мэндийн салбар гэдэг утгаараа олон техник, төхөөрөмж тасралтгүй ажилладаг. Эрчим хүчний аудит хийлгэснээр 14.8 сая төгрөгийн хэмнэлт хийсэн. Цахилгаантайгаа нийлбэл 30 гаруй сая төгрөгийн хэмнэсэн. Ерөнхийдөө гэрэлтүүлэг дээр их хэмжээний цахилгаан зарцуулж, тэр хэмжээгээр мөнгө зарцуулдаг байсан байна. Үүнийг мэдрэгчтэй, орчин үеийн гэрэл болгох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна” гэлээ.

1.040 сая тонн хүлэмжийн хий бууруулжээ

 “Ногоон санхүүжилт-II” чуулган өнөөдөр /2018.4.19/ болж “Эрчим хүчний хэмнэлтийг бид дэмжинэ” сэдвийн дор чуулж байна. Чуулганд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн байгууллага, эрчим хүчний хэмнэлтэд бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж хэрэглэхээр зорьж буй аж ахуйн нэгж, улсын байгууллага, мэргэжилтнүүд оролцож эрчим хүч хэмнэх арга зам, түүнийг дэмжих санхүүжилтийн шийдлийн талаар ярилцав. Байгаль орчинд ээлтэй техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь бусдаас илүү үнэтэй байдаг. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгчдэд санхүүжилт хамгаас чухал. Ногоон буюу тогтвортой санхүүжилт нь хүлэмжийн хийг бууруулах зорилготой эрчим хүчний санхүүжилт. Одоогоор Монгол Улсад Хас банк ийм төрлийн санхүүжилт олгож байгаа бөгөөд чуулганы зохион байгуулагчаар ажиллаж байна. Хүлэмжийн хий бууруулах бизнесийн зээлийг Хас банк 2013 оноос  хэрэгжүүлсэн бөгөөд 50 тэрбум орчим төгрөгийн зээл олгожээ. Үүний хүрээнд 1.040 сая тонн хүлэмжийн хий бууруулжээ. Хас банк 2017 онд Хүлэмжийн хий бууруулах бизнесийн зээлийн хүүг 1.15 хувь болгожээ. Мөн иргэдэд зориулсан хэрэглээний зээлийг 2018 оны сүүлээр гаргах юм байна.  

Хас банкны Хүлэмжийн хий бууруулах бизнесийн зээлийг Уур амьсгалын сан тэргүүтэй дөрвөн олон улсын байгууллага санхүүжүүлдэг бөгөөд энэ хүрээнд 60 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж