БНСУ-ын визийг хөнгөвчлөх асуудлыг тавина

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

БНСУ-ын визийг хөнгөвчлөх асуудлыг тавина

Ирэх өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд өндөр дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран үргэлжлэх гэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 21-23-ны хооронд БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн энэ сарын 22-нд айлчилна. Харин маргааш өдөр нь буюу наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Хятадын коммунист намын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улстөр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоун Юнкан Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчлал хийх гэж байна. Дээрх үйл явдалтай холбогдуулж Гадаад харилцааны яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэлэхдээ эдгээр айлчлалууд нь хоёр улсын өндөр дээд хэмжээний давтамжийг хадгалахад оршино гэж онцоллоо.

Тухайлбал, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийнэ. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхана. Энэхүү уулзалтуудаар хоёр улсын иргэдийг өөр, өөрийн оронд зорчиход визийг нь хөнгөвчлөх зэрэг асуудлууд яригдах аж. Энэ асуудал дээр ахиц гарна гэсэн мэдэгдлийг Гадаад харилцааны сайд хийлээ. Түүнчлэн худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр бизнес форум зохион байгуулагдах аж. Хоёр улсын бизенсийн төлөөлөл оролцох энэхүү форумд одоогоор 80 гаруй төлөөлөгч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд С.Батболдтой ганцаарчилсан уулзалт хийх аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Айлчлалын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхай, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах тухай асуудлыг ярилцахаар болжээ.

Хятадын коммунист намын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улстөр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоун Юнкан Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээрүүд хийгдэх юм байна. Энэ үеэр Хятадын эмч нар манай иргэдэд нүдний үнэ төлбөргүй мэс засал хийж өгөхөөр болжээ. Мөн Хятад улсаас авах санхүүжилтийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хорооллын шав тавих ёслол болж, түүнд оролцохоор болсон юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж