"Зэс Эрдэнийн хувь" Эрдэнэтийнхнийг залилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

"Зэс Эрдэнийн хувь" Эрдэнэтийнхнийг залилжээ

"Зэс Эрдэнийн хувь" Эрдэнэтийнхнийг залилжээ

Орхон аймгийн Ардчилсан намын /АН/ дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан талаар ‘Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо’ ТББ-ын төлөөлөл болон иргэд өнөөдөр /2018.04.19/ мэдээлэл хийлээ.  

“Зэс эрдэнийн хувь” ХК нь 2010 онд Эрдэнэт хотын олон мянган иргэдийг нэгтгэсэн ард иргэдийн үйлдвэр болно гэх зорилготой байгуулагдсан байна. Гэвч Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуягийн хэт шуналаас үүдэн хувьцаа эзэмшигч 24500 хүний төлөөлөл тэмцэл хийж эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн гэж иргэд ярьж байна. “Зэс эрдэнийн хувь” компани нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа технологи таардаггүй нөөцөд авсан, асар их үнээр олборлосон зэсийн хүдрийн овоолгуудыг (8А, 12 –р овоолгууд) түшиглэн байгуулагдсан байна.

Иргэн Э.Төмөрхуяг ‘Д.Алтанхуяг “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийг Орхон  аймгийн 24500 иргэдийн дэмжлэгтэйгээр байгуулсан. Энэ компанийн зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа уулын овоолго буюу  8А, 12 дугаар овоолгыг түшиглэн үйлдвэр барьж иргэдэд хувьцааны ноогдол ашиг олгоно, мөн 150-180 хүний ажлын байр гаргана гэж байгуулагдсан компани. Гэтэл өнөөдрийн байдлаар найман жил өнгөрөхөд уг үйлдвэрийн гэх нэг ч тоосго өрөгдсөнгүй. Үйлдвэр баригдахгүй хирнээ олон мянган ард иргэдийг хохироож ийм байдалд  хүрлээ. Д.Алтанхуягийн гол зорилго нь олон мянган ард иргэдийн итгэл сэтгэлийг ашиглаж өөрөө Улсын их хурлын гишүүн болох гэж зүтгэсэн. 2012 онд УИХ-д Иргэний зориг ногоон намаас нэр дэвшиж байсан ч сонгогдож чадаагүй унасан. Мөн 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн. Мөн л сонгуульд унасан. “Зэс эрдэнийн хувь” ХК-ны хувьцаа эзэмшигчид 600 сая төгрөгийн хөрөнгө босгосон. Үүнийг Д.Алтанхуяг сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан.“Зэс Эрдэнийн хувь” ХК нь сүүлдээ хувьцаагүй хувьцаат компани болж таарсан. Ард түмнийг луйвардчихаад байна” гэв.

Хохирогчдын төлөөлөгч Н.Түвшинбаяр  “Д.Алтанхуягийн ард түмэнд хувь хүртээх тэмцэлд итгэсэн 24 мянган иргэн 2010 онд 600 орчим сая төгрөг цуглуулан түүний компанийн хувьцааг худалдан авчээ. “Зэс эрдэнийн хувь” ХК-д хувьцаа эзэмшиж байна хэмээн итгэсэн гол төлөв өндөр настнууд Д.Алтанхуягийн турхиралтаар “Эрдэнэт үйлдвэр” ХК-д удаа дараа хандаж өлсгөлөн, суулт, жагсаал хийх зэргээр тэмцэж 8А, 12-р овоолгыг ашиглах гэрээг 2013 онд таван  жилийн хугацаатай байгуулж авсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар анхны зорилгоосоо 100 хувь хазайж, ард иргэддээ хувь нийлүүлнэ, ашиг олгоно, үйлдвэр барина гэсэн асуудал хөсөр хаягдсан байна. Д.Алтанхуяг 2016 онд өөрийн болгосон долоон тэрбум ам.долларын үнэтэй зэсийн хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр бариулахаар ‘Blue Mon’ компанитай  тохирч найман тэрбум 200 сая төгрөг тэр компаниас авсан. Нэг  ч тоосго өрөөгүй байж найман  тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад ирэв гэсэн чинь зургаан тэрбум 400 сая төгрөгөөр нь техник эдийн  засгийн үндэслэл /ТЭЗҮ/ хийлгэсэн  байгаа юм. Гэтэл энэ компани урд нь ТЭЗҮ хийлгэсэн байсан компани шүү дээ. Үндсэндээ ‘Blue Mon’ компанид найман тэрбум 200 сая төгрөгийн өртэй болсон учраас одоо ард иргэдийн хүчээр олж авсан ‘Зэс эрдэнийн хувь” ХК-ийн 95 хувийг өрөндөө өгнө гэж байна. Ийм зүйл байж болох уу’ гэв.

Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ оны  хоёрдугаар сарын 27-ны өдөр байдлаар “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн нэрээр төвлөрсөн хадгаламжид данс нээгдээгүй, хаалттай болон  нээлттэй хувьцаат компанийн бүртгэлд тус компанийн хувьцаа бүртгэлгүй, бүртгүүлэх  хүсэлт ирээгүй гэж албан бичиг иржээ. Тухайн албан бичигт  дурдсанаар “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хэвлэмэл биетээр гаргасан хувьцааны хэвлэх, борлуулах, эрх олгоогүй аж.
 

Э.Бурам   

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж