“Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг ‘Континентал’ зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг “Трансперенси интернешнл” Монгол дахь салбар байгууллагаас санаачлан зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Улсын хэмжээнд 30 орчим улс төрийн нам бүртгэлтэй байдаг. Тэдний гол зорилго нь сонгуульд ялалт байгуулж, эрх мэдэлд хүрэхэд оршдог. Ингээд эрх мэдэлтэй болсон улс төрийн нам өндөр түвшний авлига авч, албан тушаалын наймаа хийж, халаа сэлгээг хавтгайруулдаг тул улстөрчдөд итгэх иргэдийн итгэл буурсаар байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар улс төрийн намууд санхүүжилтээ хаанаас авдаг, хэрхэн зарцуулснаа нуун дарагдуулдаг. Монгол Улсад ийм төрлийн судалгаа хийх боломж тун хомс, гагцхүү судалгаанд хамрагдсан иргэдийн ойлголт мэдлэг дээр тулгуурлан багцаалдаж гаргадаг хэмээн учирлаж байлаа. Тиймээс одоо улс төрийн намын санхүүжилтийг ил болгох, хандив тусламжаа шилэн байлгах хууль хэрэгтэй байгааг онцолсон юм.
Хууль судлал ба Хөгжил төвийн захирал В.Удвал:
Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг хянах систем суулгаснаар авлигын үзүүлэлт буурна гэж харж байна. Одоо бол улс төрийн намууд гишүүдийн татвар, хандиваар санхүүждэг. Үүнийг нь хянаж чадахгүй байгаа учраас хүндрэл үүсээд байгаа юм. Одоо бол авлигын асуудлыг иргэдийн ойлголт мэдлэгийн түвшинд тургуурлан судалдаг болсон. Судалгаанд хамрагдсан иргэдийн 54 хувь нь авлига, албан тушаалын наймаа, эдийн засгийг доройтуулсан шийдвэрийн талаарх ойлголттой байдаг. Тэгэхээр өндөр түвшний авлига бодит байдал дээр байгаа учраас хүмүүс ойлголт, мэдлэгтэй байна гэсэн үг.
Их Британид улс төрийн намын хандив дээр хяналт тавьдаггүй. Харин зарлага тал дээр нь маш сайн хяналт тавих тогтолцоог бүрдүүлсэн байна. Гэтэл Монголд улс төрийн намын санхүүжилт болон зарлага тал дээр хяналт тавих ямар ч боломжгүй байгааг мэргэжлийн судлаачид хэлж байна.
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Энхцэцэг:
-Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа харах юм бол улс төрийн нам санхүүжилтээ жилд нэг удаа тайлагнах ёстой. Сонгуулийн санхүүжилтийг аудит хянах ёстой. Гэтэл олон шалтгаанаас үүдээд хууль хэрэгжихгүй байна. Улс төрийн намууд санхүүжилтээ ил болгох сонирхол байдаггүй. Аудитаар хянуулна гэсэн боловч нэр төдий байдаг. Төрийн зүгээс хяналт тавьж байгаа байгууллагын чадавхи сул байгаатай холбоотой байх гэж бид хардаг. Үүнээс гадна мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэн бүр төрийн байгууллагаас ямар ч мэдээлэл авах эрхтэй байдаг. Энэ хуулийн дагуу ТББ-аас 2017 онд сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн зардлын тайланг авахаар хандсан боловч аудит дотоод журмаараа энэ хуулийг биелүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Ийм олон шалтгааны улмаас улс төрийн намууд хаанаас санхүүжээд байгааг мэдэхгүй байна.
Эрдэмтэн судлаачид улс төрийн намууд санхүүжилтээ нуух сонирхолтой байдаг. Хуулиа хэрэгжүүлдэггүй гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байр суурийг сонслоо.
-Өнөөдөр Монгол Улсын сонгож авсан тогтолцоо нэг хүнээс хамаарахгүй. Манай лобби бүлэг энэ хэлэлцүүлгийг яагаад дэмжиж оролцож байна вэ гэхээр хоёр, гурван томоохон өөрчлөлт гараасай гэж хүсч байна. Нэгдүгээрт, нэр дэвшигч нэг сая төгрөг иргэнээс, 15 сая төгрөг аж ахуй нэгжээс хандив хэлбэрээр авах эрхтэй байдаг. Гэтэл зарим компани нэг тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хандив өгчихдөг. Үүнийг намууд тайландаа тусгадаггүй, нэрийг нь зарладаггүй. Иймд тогтоосон хэмжээнээс дээш төгрөгийн хандив өгсөн, авсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг тусгаж өгөх хэрэгтэй.
Би хувь хүнийхээ хувьд улс төрийн намууд төрөөс санхүүжих ёстой гэж үздэг. Мэдээж, энэ асуудал шүүмжлэл дагуулна. Гэхдээ төрөөс санхүүжүүлэхгүй бол уул уурхай салбарын томоохон хандивлагчид, авлига өгч төрөөс давуу байдал олдог компаниуд намын ард нуугдаад байгаа юм. Энэ нь өөрөөр төр дамнасан, нам дамнасан бүлэглэл гэдгийг бий болгоод байгаа юм. Үүнийг таслан зогсоох ёстой.