Ц.Дэлгэрмэнд: Гэр бүлийн дотно харилцаа хоолны ширээнээс эхэлдэг | News.MN

Ц.Дэлгэрмэнд: Гэр бүлийн дотно харилцаа хоолны ширээнээс эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Ц.Дэлгэрмэнд: Гэр бүлийн дотно харилцаа хоолны ширээнээс эхэлдэг

Ц.Дэлгэрмэнд: Гэр бүлийн дотно харилцаа хоолны ширээнээс эхэлдэг

Хосууд ойлголцдог болъё гэвэл тойрч суугаад хоол иддэг ширээнээс эхлэх ёстой​​

Гэр бүлийн салалт болон хосуудын харилцааны талаар Family College-ийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа.

-Гэр бүл салалт жилд 4000 гаруй бүртгэгддэг гэсэн статистик бий. Энэ тоо жил бүр 200 орчмоор нэмэгддэг гэсэн. Салалт нэмэгдээд байгаа нь юунаас үүдэлтэй юм бол?

-Гэр бүл салалт сонголт байж болох юм гэсэн ойлголт өмнөх үетэй харьцуулахад нэмэгдсэн нь анзаарагддаг. Үүнээс болоод ихсэж байгаа юм шиг харагддаг байх. Ер нь сүүлийн жилүүдэд гэрлэлтийн тоо тогтмол өссөн. Үүнийг дагаад салалтын тоо ч өсдөг. Тиймээс гэр бүл салалт нэмэгдэж, аюулын харанга дэлдлээ гэж дүгнэлт хийж болохгүй байх.

Гэр бүл салахад нас, мэргэжил, нийгмийн байдал, хоорондын харилцаа гээд олон зүйл нөлөөлдөг байх. Үүнээс аль нь илүү жин дарж байна вэ?

-Жин дарах гэхээсээ илүү салалтыг хамгийн их өдөөдөг хүчин зүйл нь гэр бүлээс гадуурх харилцаа. Мэдээж ажилгүйдэл, хадам ээжийн дарамт, хүүхдийн хүмүүжлээс болж зөрөлдөх гээд олон хүчин зүйл өдөөлт болдог ч гэр бүлээс гадуурх харилцаа шиг хүчтэй нөлөөлдөггүй. гэхдээ гэр бүлээс гадуурх харилцааг салалтын үндсэн шалтгаан гэж бас хэлж болохгүй.

-Тэгвэл гэр бүл зохиоход тохиромжтой нас гэж байдаг уу?

-Хүний тархи дунджаар 23 насандаа хөгжиж дуусна гэж үздэг. Энэ үед урд тархи хөгжиж гүйцдэг юм. Тархины энэ хэсэгт шийдвэр гаргалт явагдаж байдаг. Тиймээс урт хугацааны чухал шийдвэрийг энэ наснаас хойш гаргах нь зөв гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд үздэг. Гэхдээ үүнээс өмнө гэр бүл зохиосон хосуудыг салах хамгийн эрсдэлтэй гэж дүгнэх нь учир дутагдалтай. Тэд хэдийгээр сэтгэл хөдлөлөөр суусан байлаа ч яваандаа шийдвэр гаргах чадвар нь нэмэгдэнэ шүү дээ. Ер нь гэр бүл салалт гэдэг зөвхөн харагдах шинж чанар нь. Үүний цаана юу болсон бэ гэдэг хамгийн чухал. Цагийг хамтдаа өнгөрүүлэх, хоорондоо ярилцдаг байх, хүүхдэдээ зарцуулах цаг хугацаа гээд хэмжиж болохуйц хэд хэдэн хүчин зүйл байна шүү дээ. Тэр бүх үйлдэл хийгдэхгүй болоод ирэхээр нэгнийгээ хүндлэхээ болино. Хүндлэл байхгүй болохоор харилцах сонирхолгүй болно, ярилцах сэдэвгүй болно. Энэ бүхэн явсаар байгаад салалтыг хамгийн их өдөөдөг гэр бүлээс гадуурх харилцаанд хүргэх нь бий. хамгийн гол нь хосууд нэг нэгэндээ цаг гаргахгүй байна. Бас эхнэр, нөхөр байх нь ажил мэргэжил гэдгийг ойлгохгүй байна.

-Эхнэр, нөхрийг ажил, мэргэжил гэдэг нь сонирхолтой санагдлаа. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Эхнэр, нөхөр гэдэг маш хариуцлагатай мэргэжил. Мэргэжлийнхээ ур чадварыг байнга сайжруулж, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бид ажилдаа ямар их цаг гаргаж, бусад юмаа золиосолдог билээ. Яг үүн шиг золиос гаргах сэтгэлийн хатуужилтай байвал гэр бүл насан туршдаа бат бэх байна. гэвч үүнийг ойлголгүй, дэврүүн сэтгэлээр хоорондоо нийлэх нь элбэг. Тэгээд сайн сайхан зүйл ирнэ гэсэн хүлээлтэд нь хүрэхгүй болохоор хоорондоо зөрчилддөг. Ажлын сахилга бат гэж байдаг шиг гэр бүлд ч сахилга бат бий. Тодорхой цагт гэртээ ирэх, хамтдаа ямар нэг зүйл хийх, амралтын өдрүүдэд цагийг хамт өнгөрүүлэх, нэгэндээ хүндэтгэлтэй хандах гэх мэт. Гэхдээ хоорондын харьцаагаа сайжруулахын тулд цагийг хамтдаа өнгөрөөж байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол харилцаагаа сайжруулах цаг хугацаа болохоос хаа нэгтээ тоглоом тоглож, хамтдаа сельфидэж, зургаа фэйсбүүкт оруулахдаа гол биш. Өнөөдөр хосуудын харилцаанд ойлгогдохгүй, шийдэж чадахгүй олон асуудал тулгарч байгаа. Юуны өмнө хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой л гэдэг. Тэгвэл ярилцана гэдэг өөрийнхөө бодлыг хэлнэ гэсэн үг биш. Нөгөө хүнд ч гэсэн ярих зүйл байгааг ойлгож, ярианыхаа гол санааг хэлж, нөгөө хүндээ ярих боломж олгохыг хэлж байгаа юм. 10 минутын яриа байлаа гэж бодоход тав, таван минутаар хуваагаад ярьж сурах чадварыг эзэмшсэн байх ёстой.

  • Хүний тархи дунджаар 23 насандаа хөгжиж дуусдаг. Тиймээс урт хугацааны чухал шийдвэрийг тэр наснаас хойш гаргах нь зөв гэж сэтгэл судлалын шинжлэх ухаанд үздэг.

  • Бид ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Харин гэр бүлдээ зориулах найман цагаа яаж өнгөрүүлэх ямар ч төлөвлөгөө байдаггүй.

  • Хоорондоо ярилцана гэдэг зөвхөн өөрийнхөө бодлыг хэлнэ гэсэн үг биш.

Гэтэл бид хоорондоо ойлголцоно гэсэн хэрнээ өөрийнхөө гомдлыг л яриад байдаг. Гэтэл нөгөө хүн өөр дээр нь ирж байгаа гомдлыг 10 минутын турш сонсохыг хүсэхгүй. Тэгэхээр зөв ярилцаж сурна гэдэг маш чухал. Бид ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Харин гэр бүлдээ зориулах найман цагаа яаж өнгөрүүлэх ямар ч төлөвлөгөө байдаггүй. Ажил дээрээ байсан бүх бухимдлаа гэр бүл гэсэн дараагийн ажилдаа аваад очно. Нэг ёсондоо ажил гэсээр байгаад гэр бүлдээ зориулах ямар ч эрч хүчгүй болчихоод харьж байна. Утасны батарейгаар зүйрлүүлбэл, өглөө 100 хувьтай гарсан хүн орой 10 хувийн цэнэгтэй орж ирдэг гэсэн үг. Аравхан хувийн цэнэгээр дахиад долоо, найман цаг ажиллана гээд төсөөл дөө. Бие физиологи ядраад, унтаж амрахыг хүсээд байдаг. Гэтэл хүүхэд хүрч ирээд хамт тоглох гэнэ. Эхнэр нь ярилцах гэж оролдоно. Үүнээс болоод “хүн ядраад байхад ойлгохгүй, ядаргаатай юм” гэсэн бодол орж ирдэг.

-Энэ мэргэжлийг эзэмшүүлэх ёстой хүмүүс нь эцэг, эх болов уу. Гэвч монголчууд барууны орнуудтай харьцуулахад хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, зааж зөвлөх нь бага шүү дээ.

-Яг үнэн. Тиймээс “Би мэргэжил эзэмшээгүй юм байж эхнэр, нөхөр гэсэн ажил хийдэг юм байна” гэдгээ хамгийн түрүүнд ойлгох ёстой. Эдийн засагч мэргэжил эзэмшээгүй хүн банкинд ажиллаж, хүмүүсийн зээлийг шийдэх нь маш том асуудал биз дээ. Яг үүнтэй адилхан ээж, аав, эхнэр, нөхөр байх дадлага туршлага байна уу гэдгээ бодож, өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Бид тэр мэргэжлийг огт эзэмшээгүй биш, тодорхой хэмжээгээр суралцаад явж байгаа. Харин заримд нь огт байдаггүй. Ийм хүмүүсийн хувьд ухамсартайгаар суралцах ёстой. Надад хэн ч зааж өгөөгүй гэж бусдыг буруутгаад байвал гэр бүлийн амьдрал улам л хэцүү байдалд орно. Бүх зүйл болохгүй байна гэж бусдыг буруутгасан цагаас л хүний хөгжил зогсож, үүнээс улбаалан гэр бүлийн асуудал нэмэгддэг.

-Дунд сургуульд энэ боловсролыг олговол үр дүнд хүрэх үү?

-Гэр бүлийн утга учир, хосуудын харилцаа, хайр гэж юу юм, эмэгтэй, эмэгтэй хүний ялгаа зэрэг өргөн сэдвээр тусгайлан хичээл заах нь хүүхдэд маш их хэрэгтэй. Ер нь хүн насан туршдаа хөгжиж байдаг. гэртээ хамаагүй хог хаячихдаг гурван настай хүүхэд байлаа гэж бодъё. харин цэцэрлэгт оронгуут багш нь хүн бүр хогоо хогийн саванд хийх ёстой гэдгийг сургана. Эндээс хүүхэд зөв төлөвшил олж авдаг. Энэ систем цаашид дунд сургууль, их сургууль, ажлын байран дээр ч үргэлжилнэ. Нэг ёсондоо ээж аав, цэцэрлэг, сургуулийн багш, найз нөхөд, ажлын хамт олон гээд амьдралдаа учирсан бүх л хүнээс бид суралцсаар байдаг.

-Ипотекийн найман хувийн зээл хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлсөн байх гэж боддог юм. Яагаад гэвэл олон хос хадмын хаяанд хавчигдахаа больж, тусдаа гарсан шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

Тодорхой хэмжээгээр санал нийлнэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаггүй учраас таамгаар ярьж чадахгүй нь. Харин зөвлөгөө авахаар ирсэн хүмүүстэй ярилцаж байхад тусдаа гарснаар амьдрал илүү сайхан болсон гэдэг. Тиймээс тантай санал нийлж байна. Гэхдээ тусдаа гарснаар бүх зүйл сайхан болчихно гэж шууд ойлгож болохгүй. Хүүхдээ хэнд харуулах гэдгээс авахуулаад дахиад л өөр асуудал гарч ирнэ. Гэр бүлийн амьдралд насан туршид өөрчлөлт гардаг учраас санаа амарч тайвшралгүй, дараагийн сорилтод бэлэн байх л ёстой.

-45-аас дээш насны эрчүүд голдуу гэр бүлээсээ салдаг гэх статистик бий. Энэ ямар учир шалтгаантай юм бол?

-Миний туршлагаас харахад бүхий л насныханд салах эрсдэл байдаг. 45-аас дээш насныхныг онцолж байгаа болохоор энэ хүмүүст юу ажиглагддагийг хэлье. Монгол эрчүүдийн хувьд энэ насан дээр ирэхэд бусадтай найзалж нөхөрлөх нь багасдаг. шинэ ажилд ороход хэцүү, өөрсдөө бизнес хийх гэхээр дэмжлэг бага. Гадаад руу явъя гэхээр виз гэх мэтийн бэрхшээл олон. Нэг ёсондоо нийгмийн бүтэц тэдгээр хүмүүсийг найз нөхөдгүй болгох загвар руу орчихдог юм. Хүний үндсэн хэрэгцээ нь сэтгэл хөдлөл, үзэл бодлоо бусадтай хуваалцах, өөрийгөө нийгмийн чухал хэсэг гэдгээ мэдэрдэг байх явдал. Харин тэр хэрэгцээг хангах бүлгүүд багасаад ирэхээр хэврэг мэт харагдах нь бий. Тиймээс ийм эрсдэлээ олж харж, үүнээс яаж өөрөөр амьдрах боломжоо бий болгох нь чухал. Харин 45 хүрээд л болохоо байчихдаг гэсэн хандлагыг нийгэмд дэлгэрүүлж ердөө ч болохгүй.

-Монгол гэр бүлийн онцлог шинж гэж байдаг уу?

-Онцлог нь хосуудын харилцаан дээр хамгийн их илэрдэг. Барууны орнуудад эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж, ойлголцох тал дээр сайн. өглөөний юм уу оройн хоолны үеэр гэр бүлийн хооронд халуун дулаан яриа өрнөдөг. Хоолны ширээгээ яг энэ зориулалтаар нь ашигладаг учраас тойрч суугаад ярилцах боломжтой ширээ худалдаж авдаг. Монголд өмнө нь гэр бүлийн хоёр сүүгээ саахдаа, айл руу хамт мориор явж байхдаа, хамт усанд явахдаа юмаа ярьчихдаг байв. Харин хотожсон нийгэмд шилжихдээ харилцаанд шинэ дүрэм хэрэгтэй гэдгийг мэдээгүй. Шинэ дүрэм гэдэг нь ярилцах боломж бүхий ширээнээс эхэлнэ. Бас суугаад ярилцах боломж бүхий буйдан хэрэгтэй. Гэтэл манайд байгаа буйдан дээр суувал хойшоо шууд хэвтүүлнэ, налаад суух боломжгүй. Маш буруу загварын буйдантай. Хамгийн том ялгарал нь энэ л юм даа.

-Манай гэрийг л хэлээд байгаа юм шиг санагдлаа… -угаасаа ихэнх айл ийм л байгаа.

Зурагтаа хоймортоо залчихна. Тэгээд буйдан дээрээ сууж хоолоо идэнгээ зурагтаа үзнэ. Зурагт бол шаардлагатай үед асаадаг эд, ширээ бол тойрч суугаад ярилцах зориулалттай тавилга гэдгийг мэддэггүй. Тэгэхээр гэр бүлийнхэн ойлголцдог болъё гэвэл налаад суудаг буйдан, тойрч суугаад хоол иддэг ширээнээс эхлэх ёстой юм. Бас монголчууд бидний дунд харилцааны талаарх буруу ойлголт их байдаг. Эр хүн дотроо бодсоноо хамаагүй ярьдаггүй юм, согтсон хойноо илүү сайн ойлголцдог, эхнэрээ хааяа зодчиход гэмгүй гэх жишээний. Миний бодлоор энэ бол орчин үед үүссэн хамгийн утгагүй, алдаатай бодлого. Тэр алдаатай бодлогоор гэр бүл амьдрах албагүй. Заавал архи ууж байж дотоод сэтгэлээ нээгээд, эсвэл заавал хэрэлдэж байж нэгнээсээ уучлалт гуйх ёсгүй шүү дээ. үүнийг ойлгож, харилцаагаа сайжруулахын тулд гэр бүл болох, эхнэр нөхөр байх ёсонд суралцаж, хэрэгтэй мэдээллийг авдаг байх шаардлагатай. гэхдээ мэдээлэл авч байна гээд фэйсбүүкээс элдэв юм уншиж, түүндээ итгээд байх нь хамгийн буруу.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-19 84.78.18.182

Шулам гэр бүл салахад баясдаг гэдэг. Зөвхөн САЛАХ тухай яриа үүсэхэд л маш баяртай байдаг хажууд чинь хүний нүдэнд харагдахгүй баясаад тархинд чинь хороо цацаад сууж байдаг.хүмүүсийн хооронд хов зөөж алалцуулдаг хүмүүст АСАР дуртай.шөнө болонгуут согтуу хүний өвөрт унтана.өдөр болонгуут хүмүүсийн хумсны хирэн дунд шургаад нуугдчина.БОЛГООМЖТОЙ САЛАХ ТИЙМ Ч САЙН ЗҮЙЛ БИШ!

Avatar

Байгалийн жамаараа л явсаар байна даа 2018-04-19 202.72.245.203

МАНАЙ ЗАЛУУЧУУД ӨӨР ЮУ Ч АНХААРАХГҮЙ ЗӨВХӨН СЕКСЫН ДУУДЛАГААР ГЭРЛЭЭД ТЭР НЬ ХӨРЧИХВӨЛ АХУЙН ЗӨРЧИЛӨӨС БОЛЖ ДОРОО Л САЛЦГААЖ БАЙНА, ЭНЭ ТАЛЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД БОЛОН ХҮМҮҮЖЛИЙН БАЙГАЛУУДАД БАРАГ БАЙДАГГҮЙ УЧИР ҮР ХҮҮХДЭЭ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛД БЭЛДЭЖ ЧАДДАГГҮЙ ЕР НЬ Л УРСГАЛААРАА ЯВДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж