АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрэв Ким Жон Унтай явуулах яриа хэлэлцээ таалагдахгүй бол хэлэлцээг шууд хаяад гарна” хэмээн мэдэгджээ. Японын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Трамп ийнхүү мэдэгдэл гаргажээ. Шинзо Абэ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулахын тулд сайн шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.
Үүний өмнө Трамп АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Майк Помпеог Пхеньянд нууц айлчлал хийж, Ким Жон Унтай дээд түвшний уулзалт явуулсан тухай мэдэгдсэн юм. Трампын хэлэхдээ Майк Помпео Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаа тогтоох эхлэлийг тавьж, уулзалт тун сайн болсон гэжээ.
Энэ бол 2000 оноос хойшх АНУ-Хойд Солонгосын хоорондох анхны дээд хэмжээний уулзалт юм. Трамп мөн ирэх тавдугаар сарын эцэс, зургадугаар сарын эхээр товлосон АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг явуулах газрыг сонгохоор ажиллаж байгаа талаар мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC