EPL тэрбумын орлого оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

EPL тэрбумын орлого оруулжээ

EPL Британийн эдийн засагт тэрбумын орлого оруулжээ

Зөв бодлого баримталж, хүрээгээ сайн тэлсний ачаар Английн хөлбөмбөгийн Премьер лиг өнөө цагийн хамгийн их үзэгчтэй, хамгийн өрсөлдөөнтэй лиг болж чаджээ. Үүнийг тус лигийн удирдлагаас гаргасан өнгөрсөн улирлын тайлан харуулж байна. Өнгөрсөн улиралд дэлхий даяар 212 орон нутагт Премьер лигийг шууд дамжуулан хүргэснээс гадна 750 мянга орчим жуулчин зөвхөн Премьер лигийн тоглолтыг амьд уур амьсгал дунд үзэхээр Англид хөл тавьсан гэх тооцоо гарсан байна. Эдгээр жуулчдын олонх нь Энфилд, Олд Траффорд, Эмирэйтс цэнгэлдэхүүдэд болсон тоглолтыг, тодруулбал, “Ливерпуль”, “МанЮ” болон “Арсенал”-ын тоглолтыг үзэж сонирхжээ. Ингэхдээ нэг жуулчин хөлбөмбөгийн тоглолт үзэхэд дунджаар 776 фунт стерлинг, өдрийн зардалдаа 563 фунт зарцуулсан тоо баримт гарсан байна. Ингээд тооцвол өнгөрсөн улиралд жуулчид нийт нэг тэрбум ам.долларыг хөлбөмбөг үзэхэд зарцуулж, Британийн эдийн засагт багагүй хэмжээний орлого оруулжээ. Жуулчдыг харьяаллаар нь ангилбал Скандинавын орнуудын хөлбөмбөгийн хорхойтнууд тэргүүлж буй. Норвеги улсаас гэхэд л өдөрт дунджаар 13 хүн Премьер лиг үзэхээр Англид очиж байсан бол хоёрт Арабын нэгдсэн Эмират бичигдсэн байна. Премьер лигийн “Манчестер Сити” багийг Шэйх Мансур бин Зайед эзэмших болсон нь арабуудыг Премьер лигт соронзон мэт татах болсон нь нууц биш. Мөн Япон, Хятад, Австралийн жуулчид хөлбөмбөг үзэхээр Англид очсон жуулчдын багагүй хувийг эзэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж