АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг ирэх сард хаана зохион явуулах тухай асуудал хоёр орны албаны хүмүүсийн толгойн өвчин болж буй бололтой. Тэрхүү толгойны өвчин болсон асуудлуудын нэг нь Ким Жон Уны Зөвлөлтийн үеийн хуучин нисэх онгоц Пхеньянаас хэдэн мянган км зайд нисч чадах эсэх юм.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хойд Солонгосын асуудлыг хариуцсан зөвлөх асан, Тагнуулын төв агентлагийн чөлөөнд гарсан ажилтан СүМ и Терригийн хэлэхдээ “Хойд Солонгос нисэх онгоцтой гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэр онгоц маш хуучин” гэжээ. 2011 онд Хойд Солонгосын удирдагч болсноос хойш Ким Жон Ун тэр онгоцоор гадаад руу ниссэн эсэх нь тодорхойгүй байгаа. Энэ асуудал лидерүүдийн дээд хэмжээний уулзалтын улс төрийн нөхцөл байдлаас ч илүү тодорхойгүй байгаа ажээ.
Ким Жон Ун аль нэг улсаас нисэх онгоц зээлэх болов уу? Гэвч Хойд Солонгосын залуу удирдагч үүнийг хүсэхгүй нь лавтай. Тэгэхээр уулзалт өнгөрсөн сард Ким Жон Уны Бээжинд хийсэн гэнэтийн айлчлалтай адил Пхеньянаас галт тэргээр хүрэх боломжтой ойрхон газар болох магадлалтай.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалт зохион явуулахаар яригдаж буй таван газраас аль нэг газрыг сонгоно гэж мэдэгдсэн. Гэвч уулзалт явуулахаар төлөвлөж буй газруудын тоонд АНУ багтаагүй гэсэн билээ. Трампт Пхеньянд айлчилж, Ким Жон Унтай уулзах боломж бий. Гэвч тэр доошоо орж, “пуужинтай бацаан”-д найр тавихыг хүсэхгүй.
Европ
Уулзалтыг Швед, Швейцар зэрэг төвийг сахисан оронд явуулах санал гарсан. Энэ хоёр орон аль алин нь АНУ болон Хойд Солонгостой дипломат харилцаатайгаас гадна уулзалтыг зохион явуулахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Женев хот л гэхэд 1985 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган, Михаил Горбачёв нарын түүхэн уулзалтыг зохион байгуулж, дипломат ололт амжилтаар түүхэнд бичигдэж байсан. Гэвч тийш очихын тулд Ким Жон Унд маш сайн тоноглогдсон нисэх онгоц хэрэгтэй.
АНУ
Ким Жон Уны онгоцны хүчин чадлыг тооцож үзвэл Хойд Солонгостой хамгийн ойрхон АНУ-ын нутаг дэвсгэр бол Хавай, Гуам арал юм. Гэхдээ тэнд хүрэхийн тулд онгоц замдаа түлшээ цэнэглэхээр зогсох юмуу эсвэл өөр том онгоц түрээслэхээс өөр аргагүй болно. Гэвч Хойд Солонгосын удирдагчид гадаадаас онгоц түрээсэлнэ гэдэг бол ичгэвтэр хэрэг тул ийм саналыг хүлээж авахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Солонгосын хойг
Уулзалтыг Солонгосын хойг дахь хоёр орны хилийг заагласан Цэрэггүй бүсийн Панмунжон сууринд зохион явуулах хувилбар яригдаж буй. Хоёр орны засгийн газар хоорондын уулзалтыг зохион байгуулдаг Панмунжоны Энхтайвны ордонд Ким Жон Ун ердөө гуравхан цагийн дотор машинаар очих боломжтой. Нисэх онгоц ч шаардлагагүй.
Ажиглагчдын хэлж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Ун дээр өөрөө гүйж очих бодолгүй байгаа ажээ. Хэрэв энэ тохиолдолд АНУ-ын хувьд Хойд Солонгостой явуулах яриа хэлэлцээнд найр тавьж буйгаас өөрцгүй хэрэг юм.
Ази
Ази бол АНУ-Хойд Солонгосын уулзалтыг зохион явуулах хамгийн боломжтой хувилбараар тооцогдоод байна. Азийн аль нэг улсад уулзалт болвол Кимд онгоц шаардлагагүй, Трамп ч Пхеньянаас хол уулзсандаа сэтгэл хангалуун байх болно.Өөрөөр хэлбэл, хонь бүрэн, чоно цатгалан хувилбар. Хоёр орны албаны хүмүүс Хятад, Японоос илүү Вьетнам, Сингапур, Монголыг боломжит хувилбар гэж харж байгаа ажээ. Бээжин, Вашингтоны харилцаа ээдрээтэй байгаагаас уулзалтыг Хятадад зохион явуулах нь улс төрийн талаасаа эрсдэлтэй. Дээр нь АНУ, Хятадын хооронд одоогоор таагүй уур амьсгалтай байгаа. Япон, Хойд Солонгос хоёр эртнээс хүн хулгайлсан гэх асуудлаар тааламжгүй ханддаг. Тодруулбал, Хойд Солонгостой түүхэн ээдрээтэй харилцаатай Японд уулзалт болох магадлал тун бага. ОХУ-ын хувьд асуудал нь Хятадынхтай ижил. Кремлийн эрх баригчидтай таагүй харилцаатай Трамп уулзалтыг ОХУ-д явуулж, давуу талаа алдахыг хүсэхгүй.
Харин Монгол Улс бол хоёр талын аль алины хувьд хамгийн зөв хийгээд эцсийн боломжит хувилбар. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уулзалтыг Улаанбаатар хотод явуулах санал гаргасан.
“Улс төрийн шалтаг, шалтгаанаар саад болох зүйлгүй Монгол Улс бол талуудын аль алины хувьд тохирох газар. Монголчууд ч өөрсдөө Азийн Швейцарь гэж хэлэх дуртай” хэмээн “Нью Йорк Таймс”-т бичсэн байна.