Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч хатагтай Кэрил Гарсиа болон Азийн орнуудын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Дэвид Лим нарыг өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагаар дамжуулан үрчлэгдсэн хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдал болоод үрчлэгдсэн хүүхдүүдийн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцах, насанд хүрч буй хүүхдүүдийн иргэний харьяаллын талаар санал солилцсон юм. Түүнчлэн өнгөрөгч оны 7 дугаар сард Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн Монгол Улсын харьяат 7 хүүхэд гэр бүлийн хамт эх оронтойгоо танилцах аяллыг анх удаа амжилттай зохион байгуулсан тухай “Холт Интернэшл” ТББ-ын төлөөлөгчид дурьдаад цаашид үрчлэгдсэн хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар харилцан санал солилцов.
“Холт Интернэшл” төрийн бус байгууллага нь 1954 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаад үрчлэлийн үрчлэлтийн үйлчилгээ, халамж, хүүхэд хөгжил, хоол тэжээлийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг АНУ-д төвтэй олон улсын төрийн бус байгууллага юм. Гадаадын иргэн, харьяатын газар нь 2001 оноос тус байгууллагаар дамжуулан Монгол Улсын харьяат хүүхдийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлж эхэлсэн.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР