БНСУ-д 3000 иргэн ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

БНСУ-д 3000 иргэн ажиллуулна

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтээ 10 мянга орчим иргэн бүртгүүлжээ. Эдгээр иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг ирэх сарын 3, 4-нд авахаар болсон. БНСУ-аас ирсэн квотоор энэ жил 3000 хүнийг тэнцүүлнэ. Шалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт орсны дараа нэрс нь БНСУ-ын  хөдөлмөрийн биржид байрших юм. Шалгалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхнаас зарим асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн жилүүдэд иргэд 80 оноо авсан мөртлөө тэнцсэнгүй гэсэн маргаан гаргаж байсан. Энэ 80 онооны ойлголтыг алга болгож, хүмүүсийг төөрөгдүүлэхгүй байх талаас ямар арга хэмжээ авч  байна вэ?

Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангад:

-Тийм  буруу ташаа ойлголт гарч байсан нь үнэн. 80 оноо гэдэг бол босго оноо. Гэхдээ 9957 иргэний авсан оноог жагсааж, эхний 3000 хүн тэнцэнэ. Тэгэхээр 80 оноо авсан бол тэнцэнэ гэсэн ойлголт байхгүй. Солонгосын талаас яагаад 80 онооны асуудлыг яриад байна вэ гэхээр 80 онооноос дээш оноо авсан хүн солонгос хэлний мэдлэгийн түвшин боломжийн байна гэж үздэг. Тиймээс л 80 оноо гэдэг ойлголтыг гаргаж ирсэн юм билээ. Түүнээс биш тэнцэнэ гэсэн үг биш. Үүнийг иргэд зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.

-Манайх иргэдийнхээ эрүүл мэнд, ажиллах нөхцөл, цалингийн хэмжээ зэрэгт анхаарч байгаа гэдэг. Гэтэл БНСУ-ыг зорьсон иргэдийн ихэнх нь эрүүл мэндээрээ хохирч тахир дутуу болоод ирсэн жишээ олон бий. Үүнд хоёр тал харилцан үүрэг хүлээж, гэрээ байгуулж болдоггүй юм уу?

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан:

-Үнэхээр урьд жилүүдэд ийм асуудал  байсан. НХХЯ-наас энэ асуудалд онцгой анхаарч байгаа. Тиймээс  энэ жил Солонгосын талд ажиллах хүч  ажиллуулах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах санал тавьсан. Энэхүү гэрээнд  цалин хөлс, ажиллах нөхцөл, эрүүл мэндийн асуудал гээд таны асуугаад байгаа асуудлууд багтсан байгаа. Одоогоор хамтын ажиллагааны гэрээ  байгуулахаар болоогүй ч  судалж байгаад хариу  хэлнэ гэх хариу өгөөд байна. Яваандаа энэ асуудал нааштайгаар шийдэгдэх байх.

-Шалгалтад тэнцүүлж өгнө, шалгалтын тест зарна гэх асуудлууд байнга гардаг. Үүнд ямар хяналт тавьж ажиллах вэ?

-Шалгалтыг БНСУ-аас ирсэн албаны хүмүүс авах учир ямар ч шударга бус зүйл гарахгүй. Иргэд шалгалтад тэнцүүлж өгнө, шалгалтын тест зарна гэсэн хүмүүсийн үгэнд итгэж, хохирохгүй байхыг хатуу анхааруулж байна. Зохион байгуулагч бидний зүгээс анги бүрт хоёр хянагч, нийт 216 хянагч ажиллуулах юм. Эдгээр хянагчид бүгд төрийн алба хаагчид учир асуудал гарахгүй. Шалгалтын  комисс материалыг  аваад есдүгээр сарын 4-нд БНСУ-руу шууд ниснэ. Тэндээ тусгай программаар засаад, хариугаа 19-д мэдэгдэнэ. Тэгэхээр ямар ч тусламж, арын хаалга, танил тал хэрэггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Энэ жил тэнцсэн иргэд аль салбарт ажиллах вэ?

-БНСУ-д ажиллаад дараа нь монголдоо ирэхэд ажлын байртай байхаар тийм салбарт түлхүү ажиллуулах саналаа тавьсаар байгаа. Үүний үр дүнд энэ жил аж үйлдвэрийн салбарт монгол иргэдээ ажилуулахаар болсон байгаа. Мөн тэнд ажиллах хугацаанд мэргэжлийн үнэмлэх, сертификат олгох тухай ч ярьсан.

-БНСУ-ын Хүний нөөцийн агентлаг улсынхаа хувийн хэвшлийнхэн, үйлдвэрийн эзэдтэй ямар эрх, үүрэг хүлээж ажилладаг вэ. Өнгөрсөн жилүүдээс харахад эх орноосоо эрүүл саруул явсан хүмүүс эрүүл мэндээрээ хохироод ирдэг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй л дээ?

БНСУ-ын Хүний нөөцийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Юү Мён Сү:

-БНСУ дэлхийн арав гаруй орноос ажиллах хүч авдаг. Эдгээр улсуудад адил тэгш байдлаар шаардлага тавьдаг. Тэгэхээр бид Солонгосын Хөдөлмөрийн  тухай хууль, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль зэрэг хуулиудын хүрээнд үүрэг хүлээж ажилладаг. Энэ бүхнийг Монгол Улсаас ирсэн иргэд эдлэх боломжтой. Мөн жилд хоёр удаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэг шинжилгээнд хамруулах үүрэг хүлээдэг.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж