"Хүслийн хавар" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

"Хүслийн хавар" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн

"Хүслийн хавар" хүүхдийн гар зургийн үзэсгэлэн

БНСУ-ын “Копион” ОУТББ-ын Монгол дах албан ёсны салбар болох “Ирээдүйн Монгол” ТББ нь 2010 оноос эхлэн алслагдсан хороодод амьдардаг айл өрхүүдэд харьяалал харгалзахгүй нийгмийн халамж, соёл боловсрол болон  тусламжийн үйлчилгээг үзүүлсээр байна.  

Хүүхэд багачуудад эрх тэгш боловсрол олгон авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор хичээлийн бус цагаар  уран зураг, таеквондо, давтлагын анги /номын сан/, англи хэл, солонгос хэлний дугуйлангуудыг мэргэжлийн ур чадвартай багш нараар удирдуулан харьяалал харгалзахгүй  хамруулан  хичээллүүлж байна.

Энэ удаа Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайдын  яамтай  хамтран “Хүслийн хавар-2” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг энэ сарын 18-20-ны өдрүүдэд элчийн сайдын яамны байранд зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, багш Т.Нурмаажаваар удирдуулсан “Хүүхдийн ертөнц” уралдаант үзэсгэлэнгийн 2014, 2015, 2016 оны тэргүүн болон дэд, шагналт байрын эзэд, нийслэл, дүүрэг, сургуулиудын шилдэг хүүхдүүд болох Ц.Болорцэцэг, Б.Мөнхцацрал, Г.Ангараг, М.Галбаатар, Б.Шагшаабодь, М.Ганбаатар, Г.Эрдэнэбаатар, Б.Тэмүүлэн, Э.Сарнай гэх мэт  30 гаруй авьяаслаг бүтээлч хүүхдүүдийн 100 гаруй бүтээл дэлгэгдэж байна. Эдгээр авьяаслаг хүүхдүүд 2017 оны 12 сард БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн дүрслэх урлагийн танхимд бүтээлийн үзэсгэлэнгээ амжилттай зохион байгуулж байсан байна.

Зураач, багш Т.Нурмаажав монгол зургийн төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг нь суралцагч хүүхэд багачуудад  маань  үндэсний өв уламжлал, ёс заншил, түүх соёлоо харуулсан  монгол зураг зурах арга барил, хандлагыг бий болгож буй ач холбогдолтой юм.

Хүүхдийн бүтээлийн ертөнц бол  өнгө будаг, өгүүллээрээ хамгийн шударга, үнэнийг өгүүлдэг бөгөөд сүүн цагаан сэтгэлээр төсөөлөн бүтээсэн нь хамгийн яруу тансаг байдгаараа онцлогтой. Энэхүү гайхамшигт ертөнцөд түр саатаж нүдээ баясган сэтгэлээ хөглөөрэй.

Үзэсгэлэн БНСУ-ын элчин сайдын яамны  үзэсгэлэнгийн танхимд 2018.04.18-20-ны өдрүүдэд  дэлгэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж