Саяхан нэгэн ээж цахим хуудаснаа охиныхоо цэцэрлэгээс жоом гарч ирсэн талаар бичсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. Энэ асуудлаар тус цэцэрлэгийг зорилоо. 17.00 цагт Сүхбаатар дүүргийн 25-р цэцэрлэгт очиход нэгэн ээж цэцэрлэгийн үүдэнд “Эднийх ариун цэвэр, хангадаггүй, шаардлага тавихаар хүүхдийг минь дарамталдаг” гэж ярьж байхтай таарлаа.
Ингээд болсон явдлын талаар Б.Цэрэндолгортой цөөн хором ярилцав. Тэрбээр бидэнтэй ярилцахын өмнө тус цэцэрлэгийн арга зүйчийн өрөөнөөс гарч ирсэн байв.
Цэцэрлэгийн зүгээс жоом байгаагүй гэжээ
-Таны охины шүдний сойзны савнаас жоом гарч ирсэн гэв үү? Тухайн үед юу болсон бэ?
-Дөрөвдүгээр сарын 9-ны өглөө охиныг маань эгч нь хүргэж өгсөн. Угаалгын өрөөнд шүдийг нь угаалгах гээд байж байтал оо, сойзны саванд нь жоом явж байгааг харсан гэсэн. Тэгээд ангийн багшийг нь дуудаад хогийн саванд хийсэн байгаа юм. Нөгөөдөр нь буюу дөрөвдүгээр сарын 11-нд дээд талын ангиас нь хүүхдээ аваад явж байтал хоёр эцэг эх “Энд нөгөө жоом чинь явж байна” гэж ярилцаж байсан. Зургийг нь авах гэсэн боловч утасгүй байсан учраас авч чадаагүй. Тэгээд нэг аав хажууд нь суугаад, ахлах бүлгийн нэг ээж зургийг нь аваад над руу явуулсан.
Цэцэрлэгийн зүгээс хорхой байгаагүй юм шиг тайлбар хэлээд байна. Үүнд нь би маш гомдолтой байгаа. Хуучны барилгад хорхой, шавж байсан байж болно. Гол нь хүүхдээ эрүүл орчинд хүмүүжүүлмээр байна. Өмнө нь аравдугаар сард энэ хорхойг харж байсан.
Тухайн үед нь цэцэрлэгийн арга зүйчид хэлэхэд “Нэг хүн надад бас хэлсэн. Бид нар гомдлын дагуу ариутгал хийх гэж байна” гэж хэлсэн. Намайг фэйсбүүкт бичсэний дараа цэцэрлэгийнхэн ариутгал хийж байгаа зургаа оруулсан. Гэхдээ тэр үед нь хүүхдийн нүүр гарын алчуурыг аваагүй ариутгал хийсэн байсан. Тэр нь надад маш онцгүй хүнд сэтгэгдэл төрүүлсэн.
-Яагаад тэр вэ?
-Даваа гаригт нь хүүхдүүд цэцэрлэгтээ ирдэг. Ариутгал хийсэн хортой алчуураар нүүрээ арчсан бол яах вэ. Бэлтгэл бүлгийн багшид угаалгын өрөөгөө цэвэрлээч ээ гэсэн шаардлагыг байнг хүргүүлдэг. Энэ цэцэрлэг 305 хүүхэдтэй. 100 хүрэхгүй хүүхэд нь харьяаллын дагуу суралцдаг. Үлдсэн хүүхдүүд нь харьяаллын бус хүүхэд өгчихдөг учраас хүүхдээ хасуулчихна, хөөгдөнө гэдгээс болж эцэг эхчүүд төдийлөн дуугарахгүй байна. Гэхдээ харьяаллын бус байх эсэх нь хүүхдийн л эрх. Бусад аав ээжүүд хэл ам хийхгүй, мэдэгдэхгүй байснаар миний хүүхэд давхар хохирох ёсгүй гэж би үзэж байна.
-Энэ асуудлаар холбогдох байгууллагад хандсан уу?
-Энэ цэцэрлэгийн ариун цэврийн талаар байнгын гомдол гаргаж байсан. 2017 оны арваннэгдүгээр сард эмчтэй болсон юм. Энэ оны гуравдугаар сарын сүүлээр ариутгал хийсэн гээд байгаа юм. Тэгтэл тэрнээс хойш хүүхдүүд гэдэс хямраад л гэж мэр сэр ярьж байсан. Миний охин гэхэд 10 хоног гэдэс нь гүйлгэсэн. Хоёр ч хүүхэд хордлогод орлоо гэж байсан. Гэтэл үүнээс илүү муу юм болбол яах вэ. Дараа нь эцэг эхчүүд яагаад хяналтаа тавиагүй юм гээд бид нар дээр хамаг буруу бууна шүү дээ. Бид нар өнөөдөр ямар нийгэмд амьдраад байгаа юм. Миний амьдарч байгаа байр 60 гаруй жил болчихсон. Энэ хавийн байрууд угаасаа л хуучных. Гэтэл миний гэрт жоом явж байна уу. Явахгүй л байна шүү дээ. Хамгийн гол нь хүүхэд өвдвөл яах юм. Жилийн хугацаанд таван удаа ариутгал хийсэн л гээд байдаг. Гэтэл хоол хүнс, хувцас хунар, тоглоомд нь жоом байвал яах юм. Миний охины шүдний сойзны саванд байгаатай адил аяганд байвал яах юм. Нян бактери тэрнээс л үүсэж, халдварт өвчин тэрнээс л үүдэлтэй байгаа шүү дээ.
-Цэцэрлэгийн удирдлагуудад энэ асуудлыг хэлсэн үү?
-Хэлэхээр манай хивс биш гээд байгаа юм. Тэр жоом гарч ирдэг хивс нь хоёр давхрын улаан хивс. Манайд ийм цацагтай улаан хивс байхгүй гэж хэлсэн. Би зургийг нь аваад Нийслэлийн мэргэжлийн хяналтад өгөх гээд явж байна. Би хэн нэгнийг гүтгэх гээгүй. Зүгээр л хийж байгаа ажлаа сэтгэлтэй хийгээч ээ. Эдгээр 300 хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалаач гэсэн шаардлагыг л тавьж байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн тавьж буй шаардлагыг зөв ойлгоосой. Зөв өнцгөөс нь хараасай л гэж хүсч байна. Би энэ цэцэрлэгт дөрөв дэх хүүхдээ явуулж байгаа. Сүүлийн долоон жил ийм хорхой хараагүй. Энэ жилийн урсгал засвараар далайцтай хөдлөөсэй л гэж бодож байна.
-Хивсэн дээр жоом явж байхыг та өөрөө харсан хэрэг үү?
-Тийм. Миний хүүхэд өвөл хэд хэдэн удаа хазуулаад ирсэн. Тэр үед нь танайх цэцэрлэгийн хорхойгоо устгаж байгаа юм уу гэсэн шаардлага тавьсан. Гэтэл энэ цэцэрлэгийн эрхлэгч намайг зургаан удаа цагдаад өгсөн. Холбогдох бүх байгууллагуудаар би цаашдаа явна. Дүүргийн СӨБ хариуцсан хүмүүст хандахаар “Та нар наад асуудлаа 11-11 төвд хэл дээ. Хэл ам хийгээд ядаргаатай юм бэ” гэсэн хариуг хэлдэг. Хамгийн гол нь бид нар өөрсдийнхөө эрх ашгийн төлөө гомдол гаргаагүй. Бид нар зохих хяналтаа тавихгүй бол болохгүй шүү дээ.
Биднийг ярилцах зуур цаанаас гурван хүмүүс ирж байлаа. Тэд дээрх ярьсан зүйлтэй санагдаж нэгдэж буйгаа илэрхийлээд дараах тайлбарыг өгсөн юм.
Мэргэжлийн хяналтаа дууд шалгуул гэдэг
Б.Сүрэнхүү ‘Энэ цэцэрлэгт ганцхан хорхой ч биш янз бүрийн юм л болохгүй байна. Гомдол гаргахаар танай хүүхэд харьяаллын бус байж гээд янз бүрээр л хэлдэг. Хүүхдийнхээ төлөө хэлсэн юм дандаа л бурууддаг. Жишээ нь, хоёр давхрын сандал дээр хорхой явж байсан гээд хэлэхээр “Та нар өөр хивсэн дээр явж байсан хорхойн зургийг нь авч тавилаа” гэдэг. Шинэ эрхлэгчийг орсон цагаас энэ цэцэрлэгийн дотоод ариун цэвэр, хоол ундны чанар алдагдсан. Бид нарт “Мэргэжлийн хяналтаа дууд шалгуул” гэж хэлдэг. Цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэхээр “Би уулзахгүй. Миний бие төлөөлөгчтэй уулз” гээд нэг хүн томилчихно. Ороод уулзахаар та нар цэцэрлэгийн үйл ажиллагаанд саад боллоо. Эсвэл нэр хүнд гутааж, үйл ажиллагааг зогсоох гэж байна гэдэг. Барилгын хувьд 60 жил болсон нь үнэн. Гэхдээ хуучин ийм хорхой явж байгаагүй’ гэв.
Миний хүүхэд цэцэрлэгтээ явах дургүй болчихсон
Д.Туяа ‘Өмнө нь ийм хэл ам гарч байгаагүй. Миний хүүхэд цэцэрлэгтээ явах дуртай байсан. Эцэг эхийн хурал дээр цэвэрлэгээ ариун цэврийн байдал нь маш асуудалтай байгааг хэлсэн. Удирдлагууд нь ямар аймар хүмүүс байдаг юм. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс харилцааны соёлгүй ёс зүйгүй байж болохгүй. Миний хүүхэд цэцэрлэгт явах дургүй болчихсон. Цэцэрлэгийн алдаа дутагдлаа засч анхаарч ажиллаасай гэж бодож байна. Бид нар хүүхдүүдийн төлөө л юм санал гомдол хэлж байна. Өчнөөн хүүхэд хүмүүжиж байгаа орчинд жоом үржүүлээд байж яасан ч болохгүй. Тиймээс удирдлагууд нь энэ асуудлыг шийдээсэй л гэж хүсч байна.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн тус цэцэрлэгийн багшаас асуухад “Хуучин цэцэрлэг болохоор дээвэр, хананаас үе үе хорхой унадаг. Өмнө нь гардаг л байсан юм шиг билээ” гэв.
‘Хүсэхгүй бол хүүхдээ өөр цэцэрлэгт өг л дөө гэх юм’
С.Сайн-Ерөөлт ‘Цэцэрлэгийн эрхлэгч нь заах эрхээ ч аваагүй хүн гэж сонссон. Би энэ цэцэрлэгийн талаар сонсоод л яваад байгаа. Хаанахын ямар хүн ирчхээд бид нарын хүүхдүүдийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм. Хүүхдийнхээ төлөө юм хэлэнгүүт л хүүхэд чангалаад байх юм. Энэ хүнийг ажилд авснаас хойш найман хүн ажлаас халагдсан. Тиймээс холбогдох байгууллага нь шалгаж өгөхийг хүсч байна’ гэлээ.
Эцэг эхчүүдтэй уулзаж ярилцсаны дараа бид цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчидтай уулзахаар дотогш оров. 18.00 цагийн үед цэцэрлэг ямар ч хүнгүй хоосон болсон байв. Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэсэн боловч тэмцээнд оролцож байгаа тул өрөөндөө байхгүй байна гэдэг хариуг хэлэв. Тиймээс тус цэцэрлэгийн арга зүйч, эмч хоёртой уулзаж болсон явдлын талаар сонслоо.
‘Бид нар таван удаа ариутгал хийсэн’
Манай цэцэрлэгийн барилга насжилт нь удчихсан 62 жил болж байгаа. Бид нар эцэг эхчүүдийн гомдлын дагуу зохих арга хэмжээг авсан. Өнөөдөр манайд дүүргийн Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирсэн. Манайд шат дараалсан гомдлын дагуу бүх хүмүүс ирж шалгасан. Тэр хорхой хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй. Нийтдээ таван удаа ариутгал хийсэн. Манай ажилчид бүлгүүдийнхээ хивс дрожыг бүгдийг нь сайн цэвэрлэдэг. Нарийвчлан яриад үзэхээр чийгийн хорхой гээд байгаа юм. Намар манай нэг аав чийгийн хорхой яваад байна шүү гэсний дараа ариутгал хийсэн. Энэ асуудлыг эцэг эхчүүд сайн ойлгохгүй л байна. Тиймээс эдгээр хүмүүсийн яриад байгаа шиг зүйл болоогүй. Өмнөх эрхлэгч нь энэ асуудлаар олон ажил хийсэн юм билээ. Шалыг нь хуулж аваад засвар хийсэн гэж байсан. Энэ бүхнийг манай одоогийн байгаа эрхлэгч янзлаад, тодорхой арга хэмжээг аваад явж байна. Тэр хорхой хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй. Цэцэрлэгийн зүгээс нийтдээ таван удаа ариутгал хийсэн. Эцэг эхчүүд ч мэдэж байгаа байх.
Ийнхүү цэцэрлэгийн хаах цаг ч болж бидний ярилцах сэдэв ч өндөрлөв. Ямартай ч хүнээр бол ‘тэтгэвэртээ’ гарах болсон тус цэцэрлэгийг шинэчлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй байж ч мэдэхээр байна. Ангидаа арав хүрэхгүй хүүхэдтэй хөдөөд хоёр гурван давхар цэцэрлэг барьдаг. Харин нийслэлийн цэцэрлэгүүд ‘насжилт’ болоод ачаалалдаа хариугүй нурж унах нь ээ.