Оюутолгой 11,5 тэрбумын торгуулиа төлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Оюутолгой 11,5 тэрбумын торгуулиа төлжээ

Оюутолгой 11,5 тэрбумын торгуулиа төлжээ

Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль тавьсан. Ингэхдээ 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулснаар дээрх торгуулийг тавьсан аж. Тухайн үед Туркойз Хилл Ресурсээс Оюутолгой ХХК нь дээрх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан билээ. Мөн тавигдсан торгуулийг үнэлж, дүгнэж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэнэ гэдгээ ч илэрхийлээд байсан юм. 

Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 14-ны өдөр Оюутолгой компаниас Татварын ерөнхий газарт хандаж “Шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийн нийт дүнгээс 17 тэрбум 417 сая 870 мянга 387 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү дүнгийн 5 тэрбум 842 сая 552 мянга 773 төгрөг нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1,4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн дагуу өршөөлд хамрагдана гэж үзэж байгаа тул нийт 11 тэрбум 575 сая 317 мянга 613 төгрөгийн нөхөн татвар, хүү торгуулийг 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн дотор холбогдох дансанд шилжүүлэх болохыг үүгээр уламжилж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл Оюутолгой компанид тавьсан 155 сая ам.долларын татварын торгуулиас 17,4 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд өршөөлийн хуулийн хүрээнд 5,8 тэрбум төгрөгийг хасч тооцоод, 11,5 тэрбум төгрөгийг Татварын ерөнхий газрын дансанд шилжүүлсэн байна.

Татварын торгуулийн үлдэгдлийг хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж