12300 оюутан дотуур байранд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

12300 оюутан дотуур байранд амьдарч байна

12300 оюутан дотуур байранд амьдарч байна

Монголын оюутны холбоо хамтран Монголын дотуур байрны багш нарын улсын   IV зөвлөгөөн өнөөдөр /2018.04.18/ боллоо. Зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, оюутны дотуур байрны эрхлэгч, багш, оюутан суралцагчдын төлөөлөл гээд нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Зөвлөгөөнөөр оюутан залуусын амьдрах орчныг цаашид хэрхэн сайжруулах ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн бүх сургууль оюутны дотуур байртай бол хувийн өмчийн сургуулиудын 50 орчим хувь нь л дотуур байртай байна. Энэ хичээлийн жилд 12300 гаруй оюутан дотуур байранд амьдарч байгаа юм. Монгол Улсын хэмжээнд байх нийт оюутны байруудын 60 хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд жил ирэх тусам дотуур байрны хүрэлцээ хумигдаж, барилгууд нь хуучирч, муудаж байгаа тул төрөөс хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв.  Мөн сургуулиудын төлөвлөлтөд шинээр дотуур байр барихаар тусгасан байна. Хэдийгээр дотуур байрнуудын дийлэнх нь стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа ч их, дээд сургуулиуд жил бүр урсгал болон бүрэн засвар хийн сайжруулж буй. Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, Этүгэн их сургуулийн оюутны байр, Хууль сахиулахын их сургууль, ХААИС-ийн  гуравдугаар байрууд шинээр ашиглалтад ороод байгаа. Зөвлөгөөний төгсгөлд, оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлага хангаж, стандартыг хэрэгжүүлж ажилласан байгууллагуудыг шагнаж урамшуулав.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж