Үндэсний компаниудын оролцоог дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Үндэсний компаниудын оролцоог дэмжив

Тавантолгойн ордыг үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой
ашиглах нь зүйтэй гэв

Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх Тавантолгойн орд газарыг Монголчууд өөрсдөө ашиглаж, үр өгөөжийг нь Монголдоо үлдээх нь улс орон маань хөгжих том боломж, үүнийг алдаж болохгүй хэмээсэн үндэсний ААН-үүд нэгдэн нийлж, “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК-ийг байгуулсан бөгөөд энэхүү компани нь сайн дурын хөндлөнгийн хяналтын үүргийг өөртөө хүлээсээр нэг жил гаруй хугацаа өнгөрөөд байна. “Монгол 999” Үндэсний нэгдэлийнхний хийсэн судалгаа, Тавантолгойн орд газрыг үндэсний ААН-үүдийн оролцоотойгоор үр ашигтай ашиглах боломжтой хэмээн гаргасан санал санаачлага зөв байсан гэдэгтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар байгуулсан “Иргэний танхим”-д өчигдөр болсон “Тавантолгойн нүүрсний орддыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд санал нэгдэж байлаа. 

Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТӨХ-ны дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугар зэрэг албаны хүмүүс оролцож, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, орд ашиглалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл, танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулт өглөө. Мэдээжийн хэрэг асуулт асууж, хариулт авах, саналаа илэрхийлэх сонирхолтой хүмүүс их байсан боловч цаг хугацаанаас шалтгаалан тийм боломж цөөхөн хүнд олдсон юм.

Хэлэлцүүлгийн хамгийн сонирхолтой хэсэг нь эрдэмтэн судлаачдын санал байлаа. “Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, Монгол улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном, гавьяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор, профессор Г.Пүрэвбаатар, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ийн зөвлөх, Геологи эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц, Эрдэс баялагийн Үндэсний нийгэмлэгийн тэргүүн, Уул уурхайн инженерүүдийн холбооны тэргүүн, доктор Х.Владимир, ҮАБЗ-ийн шинжээч Б.Алтан-Очир, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ж.Батзандан нар өөрсдийн саналаа илэрхийлсэн бөгөөд тэд гадаадын хөрөнгө оруулалтад хэт шүтэхээс илүүтэйгээр үндэсний ААН-үүдийн оролцоотойгоор Тавантолгойн орд газрыг үр ашигтай ашиглах боломж байгаа тухайд санал нэгтэй байлаа. Мөн түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг цаг хугацааг үр ашиггүй дэмий өнгөрөөж байгаа тул энэхүү ажлын хэсгийг өөрчлөх, эрдэмтэд, мэргэжилтнүүдийн оролцоотой, улс төрөөс ангид үндэсний багийг шинээр байгуулан хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулж байх, “Хүний хөгжил” санд 250 сая ам.долларыг зээлж  шилжүүлснээс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эдийн засгийн чадамжийг сайжруулахад зарцуулах, түүнчлэн компанийн засаглалыг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллах зэрэг саналыг ч энэ үеэр тавьж байлаа.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж