Ах дүү Кастрогийн эриний төгсгөл

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл

Кубын Ерөнхийлөгч Раул Кастро өнөөдөр (2018.04.19) албан тушаалаасаа огцорч, Кубын шинэ ерөнхийлөгч болох хүний нэрийг зарлах гэж байна.

Сарын өмнө улсынхаа төв телевизээр мэдэгдэл хийхдээ Раул Кастро “Бид урт удаан зам тууллаа. Энэ зам бидний үр хүүхэд, хойч ирээдүйг хөгжил цэцэглэлтэд хүргэх биз ээ” гэжээ.

1959 оны Кубын хувьсгалаас хойш тус улсыг удирдсан Фидель Кастро 2006 онд эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхийлөгчийн албан тушаалыг өөрийн дүү Раул Кастрод шилжүүлсэн билээ.

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд ах дүү Фидель, Раул Кастро нар Кубыг удирдсан юм. Хэдийгээр коммунист дэглэм бүхий Зөвлөлт систем задран унасан ч Карибын тэнгисийн Куб арал хүйтэн дайны үед гол тоглогч байж, коммунист дэглэмийг хэвээр хадгалж чадсан.

Харин өнөөдөр Кубын Үндэсний Ассамблейн хуралдаанаар Төрийн зөвлөлийн тэргүүнийг шинээр сонгосноор ах дүү Кастрогийн эрин төгсгөл болж, Кубад түүхийн нэгэн шинэ хуудас эхлэх гэж байна.

Кубын Үндэсний Ассмблейн хуралдаан өчигдөр орой эхэлсэн боловч санал хураалт өнөөдөр болох юм. Кубын шинэ ерөнхийлөгчөөр 2013 оноос хойш намын өндөр албан тушаалд нэр дэвшсэн, Раул Кастрогийн баруун гар, Төрийн зөвлөлийн тэргүүний нэгдүгээр орлогч Мигель Диаз-Канел сонгогдох нь бараг тодорхой болжээ.

Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез хэлэхдээ “Кубад өөрчлөлт шинэчлэлт, уламжлалт бодлогын аль алин нь хэвээр үлдэнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Раул Кастро ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч буй боловч 2021 онд болох дараагийн их хурал хүртэл Кубын Коммунист намын дарга хэвээр үлдэх ажээ.

Кубын улс төр судлаач Эстебан Моралесын хэлж буйгаар Раул Кубын коммунист үзэл санааны гол төлөөлөгч хэвээр байж, Диаз-Канел харин засгийн газрын хүнд хэцүү ажилд голлон анхаарах ажээ.

Харин ах дүү Кастрогийн эриний төгсгөлд Кубыг удирдах залуу ерөнхийлөгчид хямд газрын тосны эх үүсвэр болох бүс нутгийн гол түнш Венесуэлийг түшиглэн эдийн засгийн хямралын хүнд үеийг даван туулж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан эдийн засгийн хоригоос өндийн босох том даваа хүлээж буй.

Ах дүү Кастрогийн эриний төгсгөл болох энэхүү шилжилтийн үйл явц Кубын ард иргэдийн дунд халуун мэтгэлцээн өрнүүлж байгаа ажээ.  Кастрогийн дэмжигчид энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрч байгаа бол иргэдийн шууд оролцоогүй сонгуулийн дараа Кубад өөрчлөлт, шинэчлэлт болохгүй гэж зарим иргэд үзэж байгаа юм.

Кубын иргэд нэг сарын өмнө Үндэсний Ассемблейн 605 гишүүнийг шинээр сонгосон билээ.

Кубын иргэдийн ярьж буйгаар Засгийн газар өөрчлөлт явуулж байгаа ч Кастрогийн нөлөө их хуучин хэв маягаасаа гарч чадахгүй байгаа ажээ.  Кубын ерөнхийлөгчөөр өөр хүн сонгогдсон ч Кастрогийн нөлөө мөддөө арилахгүй гэж тэд үзэж байна.

Хэдийгээр Раул Кастро ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, түүний оронд шинэ, залуу хүн гарч ирлээ ч гэсэн Раул Кубын ард түмний оюун санааны удирдагч хэвээр байх болно. Яг л Фидель шиг” хэмээн Кубын иргэд ярьжээ.

Кубын эрх баригчид энэхүү шилжилтийн үйл явцад зориулж, тусгай арга хэмжээ зохион байгуулж, шинэ ерөнхийлөгчийг гадаад ертөнцөд танилцуулахын тулд гадаадын сэтгүүлчдийг ч урихгүй ажээ.

Раул Кастрогийн залгамжлагч гэгдэж буй Диаз-Канел өнгөрсөн сард Үндэсний Ассамблейн сонгуулийн үеэр хийсэн мэдэгдэлдээ “Бид хувьсгалчдын замналыг үргэлжлүүлнэ. Хувьсгалын ялгуусан марш цаашид ч үргэлжилнэ” хэмээсэн юм.

Раул Кастро өөрийн залгамжлагчаар Диаз-Канелыг нэрлэх энэ үйл явц бол өнгөрсөн 60 жилийн хугацаанд Кубад анх удаа Кастрогийн ах дүүгээс өөр хүн ерөнхийлөгч болж буй юм.  Тэрбээр Кастрогийн ах дүү шиг цэргийн дүрэмт хувцас өмсч, Коммунист намын дарга болохгүй ажээ.

Диаз-Канел Раул Кастрогийн өнгөрсөн жилүүдэд авч хэрэгжүүлсэн реформыг үргэлжлүүлж, аялал жуулчлал болон бичил бизнесийн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэж ажиглагчид үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж