Рио-Тинтотой хийсэн хаалттай уулзалтаар юу ярьсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Рио-Тинтотой хийсэн хаалттай уулзалтаар юу ярьсан бэ?

Рио-Тинтотой хийсэн хаалттай уулзалтаар юу ярьсан бэ?

Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, илт хууль бус шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр  Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайханыг АТГ-аас баривчилж, 461 дүгээр ангид хориод 7-14 хонож байна.

Монголын хууль хүчнийхний баривчилгаа, эдийн засгийн гол хөдөлгөгч болсон Оюутолгойг тойрсон олон асуудал  монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлыг татах болсон. Ерөнхий сайд асан С.Баяр  “Өнөөдөр намайг сарын хугацаатай цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлнө” гэдгийг анхааруулж байсан билээ.

 Монголд өрнөж буй энэхүү үйл явдлын дараа буюу дөрөвдүгээр сарын 12-аас хойш “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид  2.98 хувиар буурч, 3.84 канад доллар болсон байна.

Швейцарийн хуулийн байгууллагаас авсан гэх С.Баярцогттой холбоотой  Ройтэрсийн мэдээний дараа энэ хэрэгт  “Рио Тинто”-г холбоогүй гэсэн мэдээллийг албан сайтдаа байршуулснаас өөрөөр Монголын улс төр, хуулийн хүрээнд өрнөж буюу гэнэтийн баривчилгаа, гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулсан УИХ-ын шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар мэдэгдэл одоогоор Оюутолгой компанийн зүгээс хийгээгүй байгаа.

Харин улс төрийн хүрээнээс Монголын Засгийн газарт  хаягласан “Рио-Тинтогийн нэр хүндэд халдвал Оюутолгойгоос  татгалзаж, төсөлд оруулсан зардлаа арбитрын шүүхээр нэхэмжлүүлж авна” гэх утга бүхий  нууц захидлыг  Рио-Тинтогоос явуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа ч үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар няцаасан юм.

Гэвч,  Монголд болж буй Оюутолгойн төсөл тойрсон үйл явдалтай холбогдуулан Рио-Тинтогийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн, Монголын Засгийн газар тэдэнтэй дахин хэлэлцээр хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэд  өнгөрөгч Мягмар гаригт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон албаны хүмүүстэй  Төрийн ордонд  хаалттай хуралджээ.

Хаалттай хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг Засгийн газрын хүрээнд ихэд нууцалж байгаа гэх агаад Д.Сумъяабазарын үгүйсгэсэн захидал үнэхээр Монголын засгийн газарт ирсэн эсэх,  “Рио Тинто” Оюутолгойн  төслөөс гарахаар болсон эсэх нь ч хардлага дагуулж эхэллээ.  Нөгөө талаар, Татварын ерөнхий газраас тавьсан акт торгуулиар Рио-Тинтогийн төлөөлөгчид манай Засгийн газартай яаралтай ирж уулзсан байх магадлалтай юм. 2013 онд Оюутолгойн төсөлд аудит хийж, 130 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Энэ асуудлаас болж Монголын Засгийн газар Рио-Тинтогийн хооронд үл ойлголцол үүссэн. Үүнийг залруулахын тулд  Ч.Сайханбилэгийн Засгийн газар багагүй хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөл харилцан тохиролцоонд хүрснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, өнөөдөр олон мянган монголчуудын амьдралын баталгаа болж байна.

Ямар ч байсан Рио-Тинтогийн төлөөлөгчид Монголд ирснийг, ямар асуудал хаалттай хэлэлцсэнийг Засгийн газар ямар шалтгаанаар нууцлаад байгаа нь үнэндээ сонирхол татаж байна.  

Таван жилийн өмнө, монголчуудыг найр, наадам хөөх зуур “Эрдэнэс Оюутолгой”-н захирлаар ажиллаж байсан Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн найз Ц.Сэдваанчиг хөрөнгө оруулагчдад хандан нууц захидал илгээсэн нь илэрч, үүнээс болоод төслийн хоёрдугаар санхүүжилт гацаанд орж байв. Тухайн үед Ц.Сэдваанчиг  “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар нэмэлт санхүүжилтийн асуудлаар захидал бичсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн бий. Харамсалтай нь, эдийн засагт учирсан хор хохирлыг нь хэн ч үүрээгүй бөгөөд Ц.Сэдваанчигийг албан тушаалаас нь огцруулснаар энэ хэрэг дууссан байдаг.

Оюутолгойн төслийн 66 хувийг эзэмшиж байгаа гэх утгаараа Рио-Тинто Монголын  өрсөлдөгч биз бизнесийн хамтрагч.  Хэрэвзээ энэ төслөөс Рио-Тинто гарвал эдийн засагт ямар үр дагавар учрах вэ гэдгийг энгийнээр тооцоолоход хэцүү.  Дээр нь улс төрийн хүрээнээс нисч буй “бор шувууд” үнэн болж таараад, Рио-Тинто арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг дуудаж, оруулсан зардлаа  нэхвэл монголчуудад төлөх чадамж бий юу гэх хамгийн эхний асуулт.

Хэдий манай улстөрчид хэлсэн, ярьсандаа хариуцлага хэзээ ч хүлээдэггүй ч тэдний үг, үйлдэл Монголын төрийн байр суурь гэж харагдана. Тэд маань жоомоо алах гээд гэрээ шатаачих вий дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж