“Үлдсэн амьдралыг “тансаг” байлгахын тулд ажиллана”

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

“Үлдсэн амьдралыг “тансаг” байлгахын тулд ажиллана”

“Үлдсэн амьдралыг “тансаг” байлгахын тулд ажиллана”

УНТ ГЭСЭН ЦАГТ НЬ УНТАЖ, БОС ГЭСЭН ЦАГТ НЬ БОСДОГ БАЙЛАА

“Айл дамжин амьдрах хэцүү байсан. Унт гэсэн цагт нь унтаж, бос гэсэн цагт нь босдог байлаа. Өнгөрсөн жилийн намар энд ирсэн. Одоо бол сайхан байна. Ийм буянтай хүмүүс гэж байдаг аа….” хэмээн ярих түүнийг Ч.Доржлхагва гэдэг. Завхан аймгийн Тэс сумаас Улаанбаатарт өнгөрсөн жилийн намар ирсэн. Энд ирэхээс өмнө багагүй зовлон туулсан нэгэн. Учир нь, аав нь дөрвөн жилийн өмнө нас барснаар төрөлхийн харааны бэрхшээлтэй тэрбээр харж хандах хүнгүй хоцорчээ. Ингээд нутгийн айлуудаар хоноглосоор олон жил болсны эцэст халамжийн байцаагч нь “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагатай холбож өгснөөр энд ирсэн аж.  

 “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагад түүнтэй адил  хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй 20 хүн бий. Өнөөдөр тэд бүгд баяртай байна. Учир нь, тус байгууллага  СХД-ийн Баянхошууны Хөтөлд шинэ байртай болжээ. Байртай болохоос өмнө тэд байр түрээсэлдэг байжээ.

Зайлшгүй асаргаа шаардлагатай хүнийг сонгодог

 “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Саранбаатар

Б.Саранбаатар гэх эрхэм 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй зургаан хүнийг гэртээ асрах болсноор тус төвийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тун удалгүй асруулах хүн нь 20 болсноор байр түрээсэлдэг болжээ. Харин өнөөдөр өөрийн байртай болсон юм. Энэ үеэр тус төвийн захирал Б.Саранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Яагаад асрамжийн газар ажиллуулах болов?

-Энэ ажлыг би 2015 оноос эхэлсэн. Ингэхдээ түрээсийн байр дамжин нүүдэллэдэг байлаа. Шинэ байртай болсондоо баяртай байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань гэр орон. Ийм үйлчилгээ үзүүлэхэд 100 хувь сэтгэл шаарддаг. Би тавдугаар ангийн боловсролтой, мал маллаж байсан хүн. Үүнийг хийхэд боловсрол шаарддаггүй, зөвхөн сэтгэл шаарддаг. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүнд маш олон асуудал тулгардаг. Тиймээс би энэ ажлыг хийх болсон юм.  

-Та энэ төрийн бус байгууллагаас өөр ямар ажил хийдэг вэ?

-Гэр бүлийн хүнтэйгээ зөвхөн хүн асрах, халамжлах ажил хийж байна. Гэр бүлийн хүн маань эмч мэргэжилтэй. Хүн асарч, халамжлахад хүч хэрэгтэй байсан тул би түүнийг ажлаас нь гаргаж, өөрийн ажилдаа нэгтгэсэн. Цалингүй ч сэтгэл байхад бүх зүйл болно гэж үзсэн юм.

-Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгээр нь хязгаарлахгүй, үлй ажиллагаагаа үргэлжлүүлэх бодол бий юу?

-Олон улсын жишигт нийцүүлэхийг хичээж байна. Өвчин зовлондоо шаналж байгаа энэ хүмүүсийн үлдсэн амьдралыг сайхан, “тансаг” байлгахын тулд ажилласаар байх болно. Энэ төвдөө 50 хүн хүлээн авна. Олон улсын жишигт 50-иас илүү хүн асрах боломжгүй юм билээ. Гэхдээ бид саяхан магадлан итгэмжлэл авсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэрт нь очиж асрах, 50-иас олон хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.  Энэ үйл ажиллагааг өргөтгөн 21 аймагт төвтэй болохыг хүсч байна.

-Энэ хүсэл нэг алхмаар урагшилж шинэ байртай боллоо. Танай төвд үйлчлүүлэх хүнийг хэрхэн сонгодог вэ?  

-МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг, Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд талархаж байна. Тэдний хүчээр ийм сайхан байртай болж байгаа юм. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүнийг асран халамжилна. Ах, дүү танил тал гэж харалгүйгээр бид шалгаж авдаг. Зайлшгүй асаргаа шаардлагатай байгаа хүнийг л сонгодог. Энэ зарчмаараа ажиллана.  

Ард түмний өмнө амласан зүйлээ сар гаруйн хугацаанд биелүүллээ

Худалдаа , хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон

“Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллага өөрийн байртай болоход Худалдаа, хөгжлийн банк томоохон тусламж үзүүлсэн юм. Энэ үеэр Худалдаа , хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Бидний хувьд сар шинийн босгон дээр МҮОНТ-ийн “Цагийн хүрдийн баатрууд” нэвтрүүлгийн “Нийгмийн хариуцлагатай байгууллагаар шалгарсан юм. Энэ үед тус байгууллагатай холбогдсон. Учир нь, тэр үед “Ачлалт хүүхдүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Саранбаатар “Эгэл баатар”-аар тодорсон юм. Шагнал гардуулсны дараа түүнтэй танилцаж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гэр бүлийн хамтаар асаргаа, сувилгаа хийдгийг нь мэдсэн. Тиймээс энэ жилийн нийгмийн хариуцлагын эхний ажил болгон түрээсийн байранд байдаг тус төвийг өөрийн байртай болгохоо амласан. Монголын ард түмний өмнө амласан зүйлээ сар гаруйн хугацаанд биелүүллээ. Үүний үр дүнд гурван давхар, саруулхан өргөөнд  өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй 100 хүртэлх хүн хүлээн авах боломжтой болж байгаа юм. Манай банкны зүгээс тус байгууллагыг бүх талаар дэмжиж байгаа. “Ачлалт хүүхдүүд” 350 сая төгрөгөөр өөрийн байртай болж байгаа. Тиймээс манай банкны ажилчид байрыг худалдаж авах, гэрээ хийх, бүх үйл ажиллагааг явуулсан. Найман хувийн хүүтэй зээлд хамруулсан. Мөн манай 1600 гаруй ажилтан нэг өдрийн цалингаа хандивлан 20 сая төгрөгийг байрны урьдчилгаа болгон гардуулж байна. Банкны 50 гаруй ажилчид байрны засварын ажилд оролцсон. Төрийн бус байгууллагад аль болох санхүүгийн дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэж байна. Мөн Банкны холбоонд нийгэмд хэрэгтэй, сайн үйлийг дэмжиж, хамтран ажиллах уриалга гаргаж байна” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж