Тавантолгойн олборлолтыг хянана

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Тавантолгойн олборлолтыг хянана

Тавантолгойн олборлолтыг хянана

“Эрдэнэс тавантолгой” компани уурхайн үйл ажиллагаагаа Улаанбаатар хот дахь төв оффисоосоо хянах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, Тавантолгой орд дахь олборлолтоос эхлээд нүүрсийг тээвэрлэн, гаалийн хяналтын бүсээр нэвтрэх хүртэл бүхий л үйл ажиллагааны шатанд хөдөлмөр аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ гэдгийг цахим дэлгэцээр хянах боломжийг бүрэн бүрдүүлээд байна.

Энэ талаар өнөөдөр /2018.04.18/ “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаа нь зөвхөн нүүрс борлуулснаар хэмжигддэггүй, уурхайчдын нөр их хөдөлмөр, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилласнаар үр дүн хэмжигддэг” гэдгийг тодотголоо.

Уул уурхайн салбар бол эрсдэл өндөртэй, үйлдвэрлэлийн салбар юм. Ил уурхайн олборлолтод хүнд даацын хүчин чадал өндөртэй техник хэрэгслийг ашиглахад уурхайн бүсэд тоосжилт ихээр үүсэж, тэсрэх бодис тэсэлгээ зэрэг нь эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй ажиллагаанд өндөр эрсдэл дагуулдаг аж. Тиймээс дэлхий нийт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад үйлдвэрлэлийн осолгүй ажиллах зорилт тавин ажиллах болжээ.

“Эрдэнэс тавантолгой” компани мөн үйлдвэрлэлдээ олон улсын энэ жишгийг нэвтрүүлэхээр зорьж, өнгөрсөн оноос “Эрсдэлийн удирдлагын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл хангасан юм байна. Ингэснээр энэ сараас хөдөлмөр аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн ажиллах, мөн түүнийг төв оффисоос давхар хянах бололцоотой болоод байгаа ажээ. Хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажилласнаар үйлдвэрлэлийн үр ашиг ч нэмэгддэг эерэг талтай юм байна. 

Онцлоход, тус компани 2018 онд 10 сая орчим тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ нүүрсний тээврийн автомашинуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг ярилцсан. Мөн Ганцмодны боомтоор энэ сарын 16-аас нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэлснээр ‘Эрдэнэс тавантолгой’ компанийн нүүрсний экспорт өмнөхөөсөө бараг хоёр дахин нэмэгдээд байгааг өнөөдөр уурхайгаас нь үйлдвэрлэлийнхээ үйл явцыг танилцуулах үеэр онцоллоо. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж