Б.Бат-Эрдэнэ: Ц.Нямдорж маргаантай холбоогүй гэж бодож байна

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Б.Бат-Эрдэнэ: Ц.Нямдорж маргаантай холбоогүй гэж бодож байна

Б.Бат-Эрдэнэ: Ц.Нямдорж маргаантай холбоогүй гэж бодож байна

Бөхийн холбооны эргэн тойронд болж буй үйл явдлын талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Бөхийн холбоо одоо хоёр Тэргүүнтэй боллоо. Л.Чинбат хууль ёсны тэргүүн болж чадах уу? Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа Бөхийн холбооны ээлжит “Их Эе”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн гуравдугаар сарын 24-ний өдөр болсон наймдугаар “Их Эе” дүрмийн дагуу явагдлаа. Шинэ дүрмээр тэргүүн, дэд тэргүүн нарыг орон тооны бус болгосон. Бөхийн өргөөнд дайрах асуудал өнөөдөр биш 2002 оноос эхэлж, гарсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар энэ дайралт гарсаар байсан. Мөн 2002 оноос нийт дөрвөн удаа ээлжит бус “Их Эе” хурал болсон юм билээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр болж, тэргүүнээр Л.Чинбатыг томилж, хуурамч тамга, гэрчилгээг гаргуулсан байгаа. Тиймээс энэ хурал Бөхийн холбооны дүрмээ зөрчин байж болсон. Харин энэ удаагийн наймдугаар ‘Их Эе’ дүрмийн дагуу болсон гэдгийг дахин хэлмээр байна. Хурлын дараа Ж.Ганболд заантай холбогдож ярилцсан юм билээ. Тэр хүн ч яаж ажиллахыг харна гэж хэлсэн байгаа юм.

-Гурван шатны шүүхийн хурлаар Л.Чинбат гэдэг хүн Бөхийн холбооны тэргүүн мөн гэж үзжээ. Тиймээс энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэж нөгөө талаас маргаан гаргаад байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Би дээр хэлсэн. Бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” дөрвөн удаа болсон гэж. Үнэндээ олон хүнийг тэргүүнээр томилж байсан юм билээ. Гэтэл эдгээр хурлууд нь Бөхийн холбооны дүрмээ зөрчөөд байдаг. 2017 оны хурал мөн ирц бүрдээгүй бөгөөд дүрмийн дагуу болоогүй гэдгийг хэлж байна. Тиймээс иргэдэд Л.Чинбат тэргүүнээр сонгогдсон гэж худал мэдээллийг хүргээд байгаа юм. Шинээр сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд Л.Чинбатын тал гээд байгаа хүмүүстэй ярилцахыг хүссэн. Харин тэд яаравчлан хурал хийж, Ж.Мөнхбат аваргын буяны ажилтай давхцан Бөхийн өргөөнд  дайран орох төлөвлөгөө гаргасан юм билээ. Ийм нөхцөл байдал үүссэн учраас дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нар өмгөөлөгчийн хамт яаралтай хурлыг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хийсэн. Энэ хурал дээр М.Хүдэрбаатар гурван хуудас шүүхийн бичгийг иргэдэд харуулсан хэрнээ бүрэн танилцуулгыг хийж чадаагүй.

-Энэ маргаанаас болж бөхчүүдийн нэр хүнд унаж байна гэж байна. Бөхчүүд ширээний хоёр талд суугаад ярилцаж болдоггүй юм уу?

-28 жилийн түүхтэй тамга, тэмдэг байсаар байтал дахин хуурамч тамга гаргаж, Л.Чинбатад гардуулан өглөө. Энэ асуудлаар маргаан үүсээд шүүхээр явж байна. Арай ч жудаггүй юм хийхгүй байх гэж бодож байна. Миний мэдэхийн олон спортын холбоод асуудалтай байдаг. Үүнийг бүгд мэднэ. Эв зүйгээ ололцох ёстой, зөв зүйгээ мэдэлцэх ёстой гэж бодож байна. Би ажил албаны  шугамаар бөхчүүдтэйгээ ярилцаж явсангүй. Гэтэл саяын ‘Их Эе’-ийн дараа тэдэнтэй ярилцлаа. Үнэхээр манай залуус чадварлаг болсон юм байна.

-Өнгөрөгч амралтын өдөр Бөхийн өргөөний гадна болсон үймээний үеэр дархан аварга А.Сүхбатыг П.Одхүү начин зодсон гэсэн мэдээллийг өглөө. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Би амралтын өдөр хотоос зайдуу гарчихдаг. Тиймээс Бөхийн өргөөнд очсонгүй. Та нар хуулийн дагуу ажил үүргээ зохион байгуулаарай гэж хэлсэн. А.Сүхбатад П.Одхүү гар хүрсэн асуудал гараагүй гэж хэлсэн. А.Сүхбат аваргыг өөрөө хувцсаа өмсөөд гарсан гэдгийг хэлж байна. Үүнд бас ярих зүйл байна. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гээд юу ч хийж болно гэж ойлгоод байх шиг байна. Үүнд анхаарах асуудал байна. Өөрөө нийгэмд эмх замбараагүй байдал гаргачихаад дараа нь гишүүний халдашгүй эрх гэж яриад байна. Би УИХ-ын гишүүнд дөрвөн удаа сонгогдсон. Хаана ч явсан бичиг баримтаа үзүүлж явдаг. Ийм зүйл байж болохгүй л дээ.

-Бөхийн холбооны энэ маргаантай асуудалд Хууль зүйн сайд Ц.Нямдорж оролцоод байна гэж ойлгож болох уу. Та сайдтай ярьж үзсэн үү?

-Би үгүй гэж бодож байна. Бөхийн өргөөн дээр үймээн гарсан тэр орой би сайд Ц.Нямдоржтой ярьсан. Би амралтын өдөр Хандгайт дахь байрандаа байсан. Зуслангийн газар байгаа учраас очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэндээс авсан мэдээллээр Б.Гантогтох согтуу байна. Олон бөхчүүд байгаа болохоор үймээн гарах магадлалтай байна. Удалгүй сонсоход Б.Гантогтох тэргүүтэй бөхчүүд явсан гэж байна.

-Бөхийн холбооны маргаан холбоондоо бус Бөхийн өргөөний барилгадаа байна гэж харж байна?

-Бөхийн холбооны удирдлагууд 28 жил боллоо. Үүнийг өөрчлөх ёстой гэж маш олон бөхчүүд ярилцсан шүү дээ. Энэ удаагийн наймдугаар “Их Эе” хурал дүрмийн дагуу болсон. Хуралд залуучууд маш идэвхтэй оролцсон. Тухайн хурал дээр дархан аваргаас Г.Өсөхбаяр бид хоёр байсан. Залуучууд бидэнтэй сайн ярилцсан. Бид Цэцдийн зөвлөлд маш идэвхтэй оролцъё гэдгээ хэлсэн байгаа. Өөрийн гэсэн тогтсон өргөөтэй, менежменттэй байгаа болохоор ажиллая гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа хэлж, хуралд идэвхтэй оролцсон. Бөхийн холбоо гэдэг бол ганцхан бөхчүүдийн асуудал биш шүү дээ. Холбооны “Их Эе”-ын хуралд 70-80 хувь нь бөхчүүд байдаг. Дээд талын дархан аваргаас эхлээд дөрвөн өндөр цолтой бөхчүүд шууд ордог. 2002 онд Энхтайван найрамдлын ордонд дөрөвдүгээр “Их Эе” хурлыг хийж байсан шиг санагдаж байна. Тухайн үед хурал дөрөв хоног болж дүрмийнхээ хүрээнд явагдсан. Мөн тус хурлаас Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг сонгосон. Харин Тэргүүнийг сонгох сонгуульд Р.Нямдорж 90, Ж.Сүхбаатар 82 хүний санал авсан. Гэтэл хурлын тооллогын комиссын тогтоолыг батлах ёстой байтал О.Ганболд заан аваад явчихсан юм. Мөн тухайн хурлын бичлэг байдаг. Үүнээс болж маргаан дэгдээд байна. Шүүхээр дөрөвдүгээр “Их Эе” дүрмийн дагуу болсон юм байна. Харин ганцхан тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон нь тогтоогдохгүй байна гэж гарсан. Цэцдийн зөвлөлийг хуралдуулж ээлжит бус ‘Их Эе’-ийг хуралдуулах ёстой гэж шүүхээс үзсэн юм билээ. Гэтэл гишүүдийн ирц бүрдэхгүй явсаар 2014 оныг хүрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж